ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Японы ард түмэнд 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

O.Admin
2019-10-17

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд, хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тод­руулбал, төрийн үйл­чил­гээг түргэн шуур­хай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээл­лийн технологийн төв хамтран төрийн үйл­чил­гээ­ний цахим төлбөр тооцооны системийг нэвт­рүүлж байгаа талаар Сан­гийн сайд Ч.Хүрэл­баатар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лав­лагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу “ebarimt” аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломж­той гэсэн үг юм.  Ин­гэс­нээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэ­рэг хүндрэл арилж байгаа юм. Цаашид 185 төрлийн үйл­чил­гээ болон гааль, тат­вар, эрүүл мэнд, соёл ур­лагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөв­­лө­жээ. Ч.Хүрэлбаатар сайд хэлэх­дээ “Иргэдэд уч­руул­даг хүнд суртлыг буу­руулах чиглэлээр чухал шийд­вэр гаргалаа.

Төрийн бай­гуул­лагаас үйлчилгээ, лав­лагаа авах, банкинд төл­бөр төлөхөд хүндрэлтэй, маш их цаг хугацаа алддаг. Төрийн үйлчилгээ авахын тулд иргэд 500, 1000 төгрөг төлөх шаардлага гарч, маш их цаг алддаг байсан. Эхний ээл­жинд төрийн 38 үйл­чил­гээг хөнгөвчилж бай­гаа бөгөөд цаашид төрийн бүх үйлчилгээг хөнгөвчлөх чиг­лэлээр ажиллана. Ерөнхий сайд ч энэ ажлын нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн” гэлээ. Хуралдаанаар гаргасан өөр нэг шийдвэр нь Япон улсад 100 мянган ам.долларын тусламж үзүүлэх юм. Японы Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай хол­боотой энэхүү тус­лам­жийг үзүүлэхээр бол­жээ.  Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байгаа аж.

Мөн Төр, нийгмийн нэрт зүт­гэл­тэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар боллоо. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа аж. Энэхүү түүхэн киног УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариу­цан хийлгэж байгаа билээ. Эцэст нь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийг­мийн эрүүл мэндийн үн­дэс­ний төв болон дүүр­гүү­дийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаа­рын хий хэмжигч, ил­рүү­­лэгч багаж худалдан ава­хад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газ­рын нөөц хөрөнгөөс гар­гах шийдвэр гаргаснаар хуралдааныг өндөрлүүлжээ. 

Б.Тулга