ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бат-Эрдэнэ:Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ шалгах боломжгүй хуулийн цоорхой байдаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-17

УИХ-ын гишүүн: Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Бид уучлахгүй" хөдөлгөөнтэй хамтран өнөөдөр /2019.10.17/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэсэн асуудал ирсэн. Түүнийг Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг хойшлуулсан. Гишүүдийн Ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх шаардлага байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс санал болгосон. Би өөрөө үүнийг нь ч дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын хуульд засч, сайжруулах, өөрчлөх зүйл байна гэдэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байсан. Энэ хуулийн Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр ХОМ-ээ гаргах ёстой байдаг. Гэтэл хуульд ХОМ-ээ үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ хариуцахгүй, шалгах боломжгүй хуулийн цоорхой байдаг юм байна. УИХ-ын даргын захирамжаар Авлигын хуульд өөрчлөлт оруулах, бусад холбогдох хуулийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт "Бид уучлахгүй" хөдөлгөөний саналыг тусгана гэсэн хариу өгчээ.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах гэхээр хуулийг өөрчлөх, санаачлах гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсэх вий, хэрэв тэгвэл энэ хууль батлагдахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байгаа юм байна. Тиймээс хуулийн өөрчлөлтийг олон нийтийн анхаарахад олон нийтийн дэмжлэг чухал байна гэдгийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн хэллээ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү бид хууль эрх зүйн орчныг нь сайжруулах нь зүйтэй юм гэдгийг тодотгов.