ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Гылымхан: Үер, усны гамшгийг арилгах ажилд гурван тэрбум төгрөг зарцуулсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-18

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ерөнхий сайд Казахстан улсад айлчлах үед та орон нутгийн төлөөлөл болж хамт дагалдан явсан юм билээ. Казахстан улстай харилцаа, хамтын ажиллагааг байнга хөгжүүлж ирсэн аймгийг удирдаж буйн хувьд энэ айлчлалаар нэлээд олон ажил хэрэгч уулзалт хийсэн болов уу? 

-Айлчлал маш үр дүнтэй болсон. Ерөнхий сайд хоёр орны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн салбарын сайдууд ч гэрээ байгуулсан. Аймгуудын төлөөлөл болж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан бид хоёр оролцлоо. Хоёр улсын хооронд хөгжил, хамтын ажиллагаа шинэ шатанд гарвал мэдээж аймгийн хөгжилд ч тустай. Нурсултан хот Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай боллоо. Удахгүй Улаанбаатар-Алматы чиглэлд нислэг нээгдэх нь. Цаашдаа бүс нутгийн хэмжээнд ч хамтарч ажиллах боломж бүрдэх юм байна. Мөн бүх салбарын бизнес эрхлэгчид гэрээ байгуулж, компани хоорондоо хамтарч ажиллах боломж нээгдсэнд ч баяртай байгаа. 

-Баян-Өлгий аймгийн иргэд Казахстан улс руу зорчих, худалдаа эрхлэх, хил дамнаж бизнес эрхлэх боломж нэмэгдсэн. Гэхдээ замын асуудал удаан хугацаанд яригдлаа. Энэ талаар ямар ажил хийж байгаа вэ? 

-Гэрээнд гарын үсэг зурсан. Учирч байгаа бэрхшээлийг ч хоёр улсын Ерөнхий сайд ярилаа. ОХУ-аар дамжиж зорчдог. Хамгийн ойрхон цэг нь Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймаг юм. Ташанта боомтоор гарахад бэрхшээл учирдаг. Тэгэхээр энэ асуудлыг хөндөж тавиад асуудлыг шийдэхэд болно гэж ярьж байна билээ. Ташантын боомтоор жилд 125 мянган хүн, 23 мянган машин зорчиж байгаа. Жилээс жилд зорчигчийн тоо нэмэгдэж байна. “Энэ асуудлыг анхааралдаа авлаа” гэсэн учраас улам сайжруулаад явах байх аа. Ялангуяа аялал жуулчлалын салбарт ч боломж их байгаа. Улаанбайшинт, Ташантагийн боомтыг өргөжүүлэх, хөгжүүлэх асуудал яригдсан. 

-Шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийснээс үүдэж хүний амь нас эрсдэх асуудал үүссэн. Энэ талаар ямар хяналт тавив. Хоёр улсын хил хооронд тээвэрлэлт хийж байгаа атлаа насжилт урт, эвдэрхий автобусаар хүн тээвэрлэдэг зөрчил их гардаг шүү дээ? 

-Автобус явж байгаа. Гурван ч компанийн шинэ автобус явж эхэллээ. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулахын тулд маш их анхаарч байна. Аймагтаа хамгийн сүүлийн үеийн оношилгооны төв байгуулсан. Олон улсын тээвэрт явж байгаа автобуснуудыг бүрэн үзлэгт хамруулж явуулдаг болсон. 

-Орон нутагт энэ жил хэчнээн бүтээн байгуулалт хийгдэв. Он дуусахад хоёрхон сар үлдлээ. 2019 оны ажлаа дүгнэсэн байх? 

-Тэгэлгүй яахав. Хөрөнгө оруулалт маш их хийгдлээ. Манай аймагт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 16 цэцэрлэг, 10 сургууль, зургаан дотуур байр, гурван соёлын төв баригдсан байна. Мөн аймгийн төвд 16 км автозам, 22 км явган зам, 20 гаруй км гэрэлтүүлэг тавигдлаа. Төрийн үйлчилгээний цогцолбороос эхлээд нэгдсэн эмнэлэг, 50 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг баригдаж байгаа. Энэ жил 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. 2017 онд 21 тэрбум, 2018 онд 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон ажлуудаа амжилттай хийгээд явж байна. Өмнө нь хийгдэж байгаагүй, өмнөх дөрвөн жилээс арав гаруй дахин их хөрөнгө оруулалт хийж чадлаа. 

-Өвөлдөө хэр бэлтгэв. Өнгөрсөн жил үер усны гамшгаас болж багагүй хохирол амссан. Засч сэлбэх, сэргээн босгох ажил дууссан уу? 

-Сэргээн босгох ажлаа шийдээд явж байна. Засгийн газрын мөн компани, иргэдийн хандив, гадны тусламжаар гурван тэрбум гаруй төгрөгийг сэргээн босгох ажилд төсөвлөсөн. 200 гаруй гэр өгсөн. 60 гаруй байшин барьж өглөө. Өнөө жил зуншлага тун сайхан байлаа. Булган, Дэлүүн сумын хоёр багаас бусад нутгаар зуншлага сайхан болсон учраас өвлийг өнтэй давчих болов уу. Өнгөрсөн долдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсгийг гаргалаа. Ажлаа хангалттай хийгээд явж байна. Өвөлд 86 хувьтай бэлтгэлээ. 

-Баян-Өлгий аймагт ашиглалт, хайгуулын лицензтэй олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ. Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх тухай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байна уу? 

-Манай аймагт ашиглалтын 25, хайгуулын 65 лиценз бий. Уул уурхайн асуудлаар гарч буй зөрчил, дутагдал бага байна. Ашиглалтын 25 лиценз дотроос Цэнгэл суманд “Оюуны ундраа” группын охин компани олборлолт хийгээд явж байгаа. Тавьсан шаардлагын дагуу ажлаа хийгээд явдаг. Хайгуулын 65 лиценз дотроос 4-5-хан байгууллага л хайгуулаа хийж байна. Бид зохих ёсны шаардлагыг албаны хүмүүстэй хамтраад ажилладаг. Манайх алслагдсан аймаг учраас ч тэр юм уу уул уурхайн салбарт төдийлөн хууль бус асуудал үүсдэггүй. Хатуу хяналт ч тавьдаг. Хариуцлагатай уул уурхайг би орон нутагт хэрэгжүүлнэ. Стандартын дагуу л ажилла гэдэг үүрэг өгнө. Асгатын мөнгөний ордыг Засгийн газраас яриад байгаа. Мөн “Дулаан хар”-ын үйлдвэрийг эргэлтэд оруулаасай гэсэн хүлээлт бий. Орон нутагт ч орлого орно гэж харж байгаа. 

-2020 оны төсвийг яриад эхэлчихлээ. Баян-Өлгий аймагт ирэх онд зайлшгүй хөрөнгө оруулалт татах ямар бүтээн байгуулалт байна вэ? 

-Ирэх онд манай аймгийн хувьд тун чухал онцлогтой жил болно. Учир нь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болох юм. Тиймээс ирэх онд ойгоо угтаж юу хийх вэ гэдгээ ярилцсан. Тодруулбал, Сум орон нутгийн удирдлага, Баян-Өлгий аймгаас УИХ-д суусан гишүүдтэйгээ ч ярилцаад тодорхой болгосон. Нэгдүгээрт, он дамжсан хөрөнгө оруулалтаа дуусгана. Хоёрдугаарт, хамгийн чухал гэсэн бүтээн байгуулалтаа эрэмбэлчихсэн. Эхний ээлжинд аймгийн Хөгжимт драмын театр, тоног төхөөрөмжийн шинэчлэн нэн чухал байна. Мөн биеийн тамир спортын цогцолбор, гурав, долдугаар цэцэрлэг стандартын шаардлага хангахгүй гээд хаагдчихсан. Үүнийг засч янзлах ажил чухал байна. Их хурлын гишүүд тойрог, тойрогтоо хийх ажлаа Засаг даргатай зөвшилцөөд ярьсан. Мөн Цагааннуур сум хүртэлх 25 км замын ажлын тендер нь зарлагдаж, баригдахаар боллоо. Мөн босоо тэнхлэгийн замын ажил 2020 онд дуусах юм билээ. Аймгийг тойрч гарах гүүр баригдахаар болж, улаан шугам нь тавигдлаа. 

-Танай аймгийн тухайд жирэмсэн эхчүүдийн үзлэг, нярайн эндэгдлийн асуудлаар нэлээд анхаарах ёстой юм болов уу гэж ажигласан. Мөн халдварт өвчний асуудал анхаарал ч татаж байгаа шүү дээ? 

-Эрүүл мэндийн бодлого хамгийн чухал юм. 2016 оноос эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ажиллах нөхцлийг сайжруулах гол зорилго тавьсан. Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг баригдлаа. Эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээд явж байна. Төслийн удирдлагууд сум, орон нутгийн удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт орсон. Эх, нярайн эндэгдлийг улам сайжруулахын төлөө ажиллана. Хэдийгээр улсын дунджаас доогуур байгаа ч гэсэн алслагдсан сум, орон нутагтаа хүрч ажиллахыг л зорьж байна. Халдварт өвчний тархалт бол бага бий. Гэхдээ хоёр талтай л даа. Үзлэг оношилгоог бүрэн хийснээр ингэж бага гарсан уу, эсвэл үзлэгт хамрагдах нь бага байна уу гэдгийг сайтар ярих хэрэгтэй болно. Бид тайвширч огтхон ч болохгүй. Сая бүх сумдаар нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийлээ. Мөн ахмадуудаа ч үзлэгт хамруулж байна. Аймгийн төвд 1000 гаруй ахмад настан цуглаж, эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагдлаа. Оны төгсгөлд нэг сарын аян зарлаж, бүх сум, багуудын иргэдийг үзлэгт хамруулна.