ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөрөн: Замын ажил хийх зөвшөөрөлтэй хятад иргэд махны үйлдвэрт ажиллаж байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-18

Монгол Улсад 28268 иргэн оршин сууж байгаагаас БНХАУ-ын 13.764 иргэн амьдардаг аж. Энэ нь бусад улс орныхоос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд БНХАУ-ын араас АНУ-ын 2589, ОХУ-ын 2556 иргэн ажиллаж амьдардаг байна. Энэ талаар болон гадаад иргэдтэй холбоотой асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.

-Манай улсад ажиллаж амьдардаг гадаадын хэчнээн иргэн байгаа вэ? 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28268 иргэн байна. Байршлаар нь авч үзвэл Улаанбаатарт 20111, Дорнодод 1568, Өмнөговьд 1409 Баян-Өлгийд 953, Дорноговь аймагт 544 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа. Дорнод аймагт хамгийн өндөр байгаа нь Монгол, БНХАУ хоёр орны Засгийн газрын шийдвэрээр “Петро чайна” компани газрын тос олборлож байгаатай холбоотой. Харин Өмнөговь  аймагт уул уурхайн үй ажиллагаатай холбоотойгоор тоо өндөр байгаа юм. 

-Гадны иргэд манай улсад ямар хэлбэрээр оршин суудаг вэ? 

-Гадаадын иргэд зөвшөөрөл авах 29 хэлбэр байдаг. Үүнээс 21497 иргэн голлох таван ангиллаар манай улсад оршин сууж байгаа юм. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд  2695, Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд 11114 байгаа бол  ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд 2773,  Аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгө оруулагч 2989, цагаач харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна.

-Аялал жуулчлал болон ажил эрхлэх хэлбэрээр ирсэн  БНХАУ-ын маш  олон иргэн байдаг. Ер нь эрх зүйн талаасаа нэг улсаас ийм хэмжээний хүн амьдарна гэсэн заалт байдаг байх? 

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсад тодорхой хэмжээнд гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэх эсвэл нэг улсын иргэн хэд байж болох вэ гэдэг тоог хуульчилж өгсөн байдаг. Уг хуулиар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувь буюу 3.200.000 гэж үзвэл 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэж хязгаарласан байдаг. Энэ тооноос нийт гадаадын иргэдийн тоогоо хэтрүүлж болохгүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хэтрээгүй. Харин нэг улсын иргэн  Монгол Улсын нийт хүн амын нэг хувь байхыг тусгасан байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 13248 иргэн байна. Энэ нь нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байгаа юм. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоог хуулиар нийт хүн амын 0.5 хувь буюу 16192 иргэн байна гэж тусгасан байдаг. Одоогийн байдлаар 16 улсын 1927 иргэн Монгол Улсад цагаачлан амьдарч байна. 

-Зарим гадаад иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр хэлбэрээр ажилладаг тухай яригддаг. Энэ талаар жишээ дурдаач?

-Сүүлийн үед ихээхэн гарч байгаа асуудал нь энэ шүү дээ. Засгийн газар аж ахуй нэгжүүдийг дэмжин гаднаас ажиллах хүч авах квот өгдөг. Гэтэл квот авсан хэд хэдэн аж ахуйн нэгж оруулж ирсэн гадаад ажилчдаа өөр газар ажиллуулсан асуудал гарсан. Тухайлбал, зам барилгын салбарт ажиллуулна гэж 20 иргэнийг оруулж ирчихээд махны үйлдвэрүүдэд ажиллуулах асуудал түгээмэл болсон байна. Хамгийн сүүлд л гэхэд Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт шалгалт хийхэд  БНХАУ-ын 92 иргэн ажиллаж байсны ихэнх нь эмэгтэйчүүд байсан. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгаад үзэхээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй ч яг зөвшөөрөл авсан зам гүүрийн ажлаа хийгээгүй. Тиймээс энэ чиглэлд квот зардаг асуудал гарч байна

-Хэд хоногийн өмнө БНХАУ-ын олон иргэнийг албадан гаргасан  талаар танайхаас мэдээллэж байсан.  Ямар зөрчлийн улмаас тэднийг албадан гаргав?

-Албадан гаргаж буй хүмүүсийг хараад байхад ихэвчлэн Монгол Улсад 30 хоногийн дотор зорчих виз буюу жуулчих,  бизнес ангиллын визээр  орж ирсэн хүмүүс зөрчил гаргадаг.  Энэ визийг БНХАУ-ын Эрээн, Хөх хотын консулын газраас олгодог. 

-Монгол Улсын харьяат болох эсвэл гарах асуудлыг хуулиар хэрхэн зохицуулдаг вэ? 

-Сүүлийн гурван жилийн хугацаанд 26 иргэн Монгол Улсын харьяат болжээ. Тэдний найм нь ОХУ-ын иргэн буюу буриадууд, долоо  нь БНХАУ-ын иргэн буюу ӨМӨЗО-оос, гурав нь ХБНГУ-ын иргэн, нэг нь Энэтхэг улсын, зургаан нь түвд иргэн байна. Монгол Улсын харьяатаас гарах асуудал ихэнхдээ казах иргэдэд яригддаг. Харин сүүлийн үед Европд амьдарч буй монгол иргэд харьяатаас гарах хүсэлт нэлээн ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 289 хүн Монгол Улсын харьяатаас гарсан байна. 2019 онд 227, 2018 онд 490, 2017 од 553 иргэн манай улсын  харъяатаас гарсан. Харьяатаас гарсан 1289 хүний ихэнх нь буюу 870 нь казах иргэд байгаа юм.  Нөгөө талаас сүүлийн гурван жилд 66 иргэн харьяатаа сэргээлгэснээс 61 нь казах иргэд байсан.  

-Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадны иргэд холбогдож байна. Хяналтаа чангатгах шаардлага бий гэж харж байна?  

-Хууль тогтоомжийн дагуу манай улсад ирэхдээ ирсэн зорилгоо өөрөө тодорхойлох ёстой байдаг. Түүнийг нь холбогдох  байгууллагууд шалгасны эцэст манай байгууллагад ханддаг юм. Харин хар тамхины хэрэгт холбогдсон “Их засаг” их сургуульд багшилж байсан гадаадын иргэн Нигер улсын иргэн байсан. Нигер улсын иргэдэд манай улсаас олгосон виз байхгүй. Өөрөөр хэлбэл Англи Улсад суугаа Элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн. Манай улсаас асуухгүйгээр бизнес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой юм. Хэрэв 30 хоногоос дээш бол манай байгууллагаас асууж, зөвшөөрөл олгодог. Энэ шугамаар манай улсад ирсэн иргэн байсан. Одоогоор Монгол Улсад Нигер улсын иргэдийг орж ирэхийг зогсоосон.

-Монгол улсаас мөн Нигерийн хоёр хөлбөмбөгчнийг албадан гаргасан гэсэн. Энэ талараа мэдээлэл өгөөч?

-Сүүлийн үед Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх чиг­лэлээр гадаадын тамирчдыг урьж, ажил­­луулж байна. Үүнд, сагсан бөм­бөг, хөлбөмбөг, волейболын спорт баг­тана. Ихэнх спортын хол­боод гадаа­дын тамирчдыг зөвшөөрөл­тэй­гөөр оруулж ирж байгаа ч зөвшөөрөлгүй оруулж ирдэг асуудлууд байна. Үүний жишээ бол Нигер улсын хоёр иргэн юм. Өөрөөр хэлбэл эдгээр гадаадын иргэд Энэтхэг улсын Элчин сайдын яамнаас 30 хоногийн жуулчин ангиллын виз авч, Монгол Улсад орж ирсэн Нигерийн иргэнийг аравдугаар сарын 11-нд албадан гаргалаа. Одоо үлдсэн нэг иргэнийг аравдугаар сарын 26-нд албадан гаргахаар болсон.