ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ганга нуур”-ын Цагаанаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-18

“Ганга нуураас ниссэн хун намартаа заавал цуглана, Ганга нуураас явсан хүн насандаа заавал эргэдэг юм” гэдэг дууг монголчууд амандаа аялах дуртай. Бараг л ардын дуу шиг сэтгэлд хоногшсон сайхан бүтээл. Гэвч Ганга нуур харангатаж, хагдарсан туурь болж, үлдэх шахсан хар түүхийг хүмүүс төдийлөн мэддэг­гүй аж. Тэгвэл өнөөдрийн дугаарынхаа “Эгэл амьдрал” буланд нэгэн гайхам­шигтай зүйлийг түүхэнд үлдээж чад­сан гидрогеологичийн талаар өгүүлэх гэж байна. Түүнийг Э.Цагааннаран гэдэг. Тэрбээр сургуулиа төгсөөд мэргэжлээрээ “Эрдэнэдрийлинг” ХХК-д ажилд оржээ. Э.Цагааннаран гидрогеологич, инженер мэргэжлээр  нийтдээ найман жил ажиллаж байгаа. Тэрбээр геологийн салбарыг хамаатны ахаараа төсөөлж, бахархдаг хүүхэд байжээ.

Тиймээс ч мөрөөдөл нь геологич болох. Түүнээс өөр ямар ч мэргэжил сэтгэлд нь хүрэхгүй, төсөөлөгдөхгүй байсан гэнэ лээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгохдоо геологич гэсэн ганцхан үгийг сэтгэлдээ хадаж, ШУТИС-ийг зорьжээ. Хамгийн эхэнд гидрогеологи гэдэг ганцхан үг нүдэнд нь туссан байна. Геологи гэдэг үг орсон болохоор гидрогеологийн ангийг  эргэлт буцалтгүй сонгожээ.

Хүссэн, мөрөөдсөн, зорьсон мэргэжлээ сонгосон хэмээн хөөр баяр болж, ар гэр, хамаатан садан, найз нөхөддөө дуулгаж, нэг хэсэгтээ л баяр, хөөр дунд умбасан байна. Намар болж, хичээл орсон эхний өдөр усны талын мэргэжил гэдгийг нь анх мэдсэн гэдэг. Ингэж андуурсандаа түүний урам хугараагүй гэв. Харин ч улам бүр сонирхолтой байх болжээ. Мэргэжлийнхээ талаар бусдаас зөвлөгөө авахад “Гидрогеологи бол бүх шинжлэх ухааны анхдагч нь” гэсэн ганцхан тодорхойлолт үнэ цэнийг нь хэлээд өгчээ. Тэрбээр анх мэргэжлээрээ ингэж л сонгосон түүхтэй.

Тэр цагаас хойш Э.Цагааннаран мэргэжилдээ эзэн болж, мэдсэн сурснаа ажил хэрэг болгож, Монгол Улсынхаа өнцөг булан бүрт очиж, газрын доорх усны судалгаа, өрөмдлөг, цооног, шинжилгээг хийж явна. Тэр өдөр бүр гидрогеологийн ангийг сонгосондоо баярладаг ажээ.  Тухайлбал, 2017 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Ганга нуур орчмын гидрогеологийн болон усны балансын судалгаа” төслийг гүйцэтгэжээ. Тухайн үед геологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын протоколд Монгол Улсаас ганцхан Ганга нуур багтсан байжээ.

Тэр үед Ганга нуурын усны 50 хувь ширгэсэн, эргэн тойрон шавар бүрхсэн байж. Намартаа цуглардаг хун нь  эзгүйрч, нуур бараадан зусдаг айлууд цөөрч, мал, амьтад хүртэл ундаалахаа больсон гэдэг. Нуурын үзэмж гундаж, өдөр ирэх бүр үзэсгэлэнт төрхөө гээж, алсарч байжээ. Үүнийг харсан гидрогеологичид харуу­сал, нулимс хоёр нүдийг нь бүрэж, өөр зүйл харагдаагүй гэдэг. Тийм­ээс гараа  хумхиад  халаглаад сууж болохгүйг ойлгосон байна. Нуурын сав газарт дулаарал, хуурайшилт, олон жилээр эрчимтэй үргэлжилсэн нь хатаж, ширгэхэд нөлөөлсөн аж. Мөн усан гадаргын ууршлын хүчин зүйлс болох агаарын температур, салхины хурдны хүч улам нэмэгдсэн байна.

Тэр ч бүү хэл жилээс жилд хур тунадасны оролт буурсан гэх мэт байгалийн олон шалтгаан нуурыг мөхөлд хүргэсэн гэдэг дүгнэлтийг тэдний багийнхан хийжээ. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн гидрогеологичид Ганга нуурыг сэргээх, хамгаалах, нөхцөлийг нь хэвийн болгох, байгальд гэм хоргүй технологийг нэвтрүүлэх ажилд ханцуй шамлан орсон байна. Нуурыг аврах хамгийн тохиромжтой арга нь амаараа оргилдог цооногийг гол зорилгоо болгосон байна. Ганга нууранд суурилуулсан цооног нь хур тунадас багатай үед нээж ажил­луулж болдгоороо давуу талтай бай­на. Цооногийг нээхэд өдөрт найман метр секунтэд газар доороос  гүний ус гоожиж нууранд цутгадаг байна. Өөрөөр хэлбэл, хоногт 700, жилд 260 метр  куб ус нуурын усанд цутгадаг аж. Ганга нуур ингэж л аврагдсан түүхтэй аж. Энэ талаар Төрийн соёрхолт гидрогеологич Н.Жадамбаа “Энэ онд судалгааны ажлаар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд очсон. Ганга нуурын эргэн тойронд өөрөө оргилдог хэд хэдэн цооног суурилуулсан байсан. Гаргасан цооногийг нь хараад шавь Э.Цагааннарангаараа өөрийн эрхгүй бахархах  сэтгэл төрж, нулимс урсаж байсан. Ганга нуур эргээд амилсан байхыг харахад  сайхан байсан. Би нулимсаа барьж дийлээгүй. Амьдралд хэлэх үггүй болтлоо баярлаж байсан минь цөөхөн. 

Үүний нэг нь шавийн минь хийсэн бүтээл байсан гэж” өгүүлж байсан юм. Э.Цагааннаран мэргэжлээрээ төдийгүй салбарынхаа хамт олон Төрийн соёрхолт багшаараа бахархах дуртай. Багшийн эрдэм шавьд гэсэн үгийг үргэлжид санан ажил мэргэжилдээ тусгаж явдаг гэлээ. Тэрбээр багшийнхаа талаар ярихдаа “Гидрогеологийн салбарт багшийнхаа  хийсэн бүтээснээр бахархаад, гайхуулаад баршгүй. Хамгийн том гавьяаг нь дурдвал, Монгол орны газар доорх усан бүрхүүлийн М1:1000000 нарийвчлалтай зургийг бүтээсэн хүн. Энэ зургийг Азийн орнуудаас анх удаа манай улс ЮНЕСКО-гийн шинэ зарчмаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр зохиож байсан” гэлээ. Мэргэжилдээ эзэн нь болж, дуурсах алдраа бүтээж яваа нэгэн залуугийн талаар өгүүлэхэд ийм байна. Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа хүсэж, мөрөөдөж сонгосон мэргэжил бүүр ч сайхан.