ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатархүү: Ёсзүйгүй үйлдэл гаргасан цагдаагийн ажилтныг ажлаас нь халсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-18

Нийгэмд өрнөж буй зарим асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Цагдаагийн албан хаагч архидан согтуурсан үедээ олон нийтийн газар бие зассан хэмээн олны шүүмжлэлийг дагуулж байна. Тухайн албан хаагчид ямар арга хэмжээ авсан бэ?

-2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн үед цагдаагийн алба хаагч олон нийтийн газар бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Бичлэг тархсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Алба хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байна. Уг асуудалд албаны шалгалт явуулж алба хаагчийг ажлаас халж, зөрчлийн хэрэгт нь хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байгаа. ЦЕГ-ын зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллана. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна.

-Гурван иргэн байлдааны зориулалттай сум тээвэрлэж явсан  гэсэн мэдээлэл гарлаа.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч? 

-Лхагва гарагт буюу аравдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас БЗД-ийн нутаг дэвсгэрт хууль бусаар галт, сум зэвсэг худалдан борлуулдаг 28-60 насны М, С, Ш нарыг саатууллаа. Тэдгээр иргэд байлдааны, ангийн зориулалттай есөн төрлийн 6605 ширхэг сум худалдан борлуулахаар тээвэрлэж явсныг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

-Цахим орчинд “Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ” гэсэн мэдээлэл гарсан.Энэ асуудлыг шалгасан уу?
-Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өчигдөр өглөөнөөс эхлүүлэн ажилласан. Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Сонгино хайрхан дүүргийн гурван хэлтсээс тодруулахад ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй. Хохирогчид ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэсний дагуу шалгалт явуулсан. Ийм асуудал байхгүй байна. Тиймээс дээрх мэдээлэл үндэслэлгүй худал гэдэг нь батлагдаж байгаа

-МҮХАҮТ-аас цагдаагийн байгуул­лагад хүсэлт ирүүлсэн талаар  та мэдээлэн? 

-Уг хүсэлтэд “Сүүлийн үед байгаль орчин, эх орноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэнийн зүгээс бизнесийн тодорхой салбар түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү”  гэсэн байсан. Цагдаагийн байгууллага хүсэлт, гомдол, иргэдийн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон хэрэг зөрчилд шалгалтын ажиллагаа явуулдаг. Цагдаагийн байгууллага чимээгүй байгаа нь шалгалт хийхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлэх боломжгүй. Хуулиар ч хориотой. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд гэмт хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгдөг. Гэвч сүүлийн үед хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч нарын зүгээс олон нийтийн сүлжээг ашиглан янз бүрийн мэдэгдэл хийж байна. “Байгаль дэлхийгээ хайрлан, ард иргэдийнхээ төлөө явж байхад цагдаагийн байгууллагаас дарамталж хууль бусаар мөрдөн шалгаж, хорьж байна” гэх мэдээлэл тарааж байна. Тиймээс уг асуудалд товч тайлбар өгөх нь зөв байх. “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа. Мөн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн н.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1/, 17.6 Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.