ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Налайхын замыг энэ сарын 29-нд нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-19

Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил дөрөвдүгээр сард эхэлсэн билээ. Тэгвэл уг авто замын эхний ээлжийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 29-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж байгаа бол 400 гаруй инженер техникийн ажилчин 150 гаруй техник хэрэгслийг ашиглаж байна. Авто замын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэнэ.

Замыг 2-оос 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Тус замд иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болно. Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгчээ.