ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаяр өрсөлдөөнд орж ирвэл...

O.Admin
2018-06-18

Нэг жилийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг “дотоож”-ны хэрэгт нэр холбогдсон улстөрчөө “гүлдгэр” царайлсаар хамгаалж суусан юм. Нотлох баримтууд нь ар араасаа илэрсэн ч энэ бол гүтгэлэг, залуу улстөрчийг хэлмэгдүүлсэн үйлдэл хэмээн өмгөөлсөөр нэг жилийг барж байлаа. Гэвч тэд үнэнд гүйцэгдэв. Улстөрчийнх нь үйлдэл прокуророос яллах дүгнэлт үйлдэх хэмжээнд хүрсний дараа арайхийн “дотоож”-оо тайлах шийдвэрийг хоёр долоо хоног хэлэлцэн байж гаргалаа. Бүлэг дотроо зодолдож, хамгаалсан улстөрчид нь хагаралдаж юм юм л болов, энэ хугацаанд. Эмэгтэй гишүүд нь хүртэл соошлоор “ам нээсэн дээрээ уушги нээлцэе” хэмээгээд хүчирхийллийн асуудлаас үүдэн хэрэлдэж, шившгээ тарив. 

Эцсийн бүлэгт Д.Гантулга үлдсэн жаахан нэр хүндээ хамгаалж үлдэхийн тулд өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх нэр зүүсээр Төрийн ордноос гарч одлоо. Залуу улстөрчийн хувьд хэтэрхий дардан замаар алхаж, энэ танхимд орж ирсэн ч тэр нэр хүндээ хамгаалж чадаагүй нь харамсалтай. Д.Гантулга одоо энгийн иргэн болов.

Асуудлаа шалгуулж, үнэхээр хүчингийн хэрэг хийсэн үү, эсвэл хүчин хийсэн болгож харагдуулах гэсэн улс төрийн золиос болов уу гэдгээ тодорхой болгох биз ээ. Өөрөө ч шалгуулна хэмээн зоригтой дуугарчээ. Гэвч хамгийн аймшигтай нь төрийн тугандаа мөргөөд гарч одсон залуу улстөрчийг Төрийн ордны өрөөнөөсөө гарч амжаагүй байхад л түүний суудлыг хэн эзлэх вэ гэсэн ил далд өрсөлдөөн өрнөж эхлэх нь тэр.

Энэ нь нам дотроос нь хүртэл илэрч, Хэнтийн нөхөн сонгуулийн чимээгээр хэд хэдэн улстөрч игзаар төрүүлмээр шуудханаар сонгуулийн пиардаа орж эхлэв. Нөхөн сонгуульд нэр дэвшинэ дээ хэмээн таамаг өрнүүлж буй өрсөлдөгчөө намнах ажилдаа ч тэд Д.Гантулгыг өргөдлөө өгөөгүй байхад шахуу оржээ.

Энэ бол “number one” буюу экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг харлуулах ажиллагаа. Тэр албан ёсоор нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хэлээгүй. Гэвч хэрэг нь хаагдсан, улс төрийн нэг том намыг даргалж буйн хувиар УИХ-д орж ирэх сонирхол хэн хэнээс ч илүү байгаа нь мэдээж. Нэр дэвшиж гэмээнэ ялалт байгуулах магадлал ч 101 хувьтай. Ямар ч хүчтэй өрсөлдөгчтэй тулгарсан байлаа гээд тэр торохгүй ялалт байгуулаад гараад ирэх нэр хүндтэй хэвээр байна.

Монголчууд экс Ерөнхийлөгчөө бүдэрсэн ч өмгөөлж, хулгай хийсэн ч хамгаалсаар байдаг нь сонин. Үүнийг нь мэдэрсэн хүмүүс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байсан эхнэрийнх нь нууц бичлэгийг цацаж, соошл твиттерээр гүтгэх, дайрах, урьд өмнөх ул болсон мэдээллүүдийг нь задлах ажилдаа шуурхайлжээ. Тэд Н.Энхбаяраас айж байна. МАХН-д нэг суудлаа алдаж гэмээнэ МАН, АН-ын аль алинд нь хортой. АН-ын тухайд 2020 оны сонгуулийн пиараа өсгөх үүднээс Хэнтийн нэг суудлыг авах зорилготой байгаа нь дамжиггүй. Есөн хүнтэй бүлэг нь 10 болчихвол имижээ өсгөх боломж ч бүрдэнэ.

Харин МАН-ын тухайд энэ суудлыг алдаж гэмээнэ ирэх сонгуулиар тэд нэгмөсөн нэр хүндээ алдаж дуусах билээ. Угтаа, хоёр өрсөлдөгч намын нэр хүнд хаана байгаа, 2020 оны сонгуулийн бэлтгэл нь Хэнтийд хэн ялахаас шалтгаалах цаг үе ирчихээд байна. Тиймдээ ч нэг суудлын төлөөх өрсөлдөөнөө тэд Н.Энхбаярыг эхлээд зайлуулах ажлаар эхэлжээ. Үүнийг хамтдаа ч хийж байж мэдэх биз.

Ерөөс Н.Энхбаярт боломж олдож, тэр улс төрд дахин орж ирвэл МАН-ын нэр хүнд үндсэндээ уналтад орно. УИХ-ын гишүүний суудлаар Н.Энхбаяр маш том боломж олж авах юм. Өнгөрсөн хугацаанд өөрийг нь хэн ч биш болгож байсан олон ч хүнээс хариугаа авах боломж нөхөн сонгуулийн ялалт, УИХ-ын гишүүний суудалтай хамт ирэх билээ. Тиймдээ ч Н.Энхбаяраас МАНАН айж, эмээж, Хэнтийн өрсөлдөөнөөс түүнийг шахаж гаргахын тулд ирэх өдрүүдэд илүү ихийг ч хийх нь тодорхой. Улс төрийн босгоор алхах боломж экс Ерөнхийлөгчид олдов.

Тэр боломжоо шүүрэх нь ч дамжиггүй. МАХН-аас С.Ганбаатар гэх таамаг яригдаж байгаа ч Н.Энхбаяр Хэнтийн нөхөн сонгуулийн өрсөлдөөнд орж ирвэл улс төр илүү амттай, басхүү хоёр намын үнэн төрхийг харуулсан, ялагдлыг мэдрүүлсэн сонирхолтой тулаан өрнөх билээ. Магад 2020 оны улс төрийн прогноз ч шал өөрөөр эргэх нөхцөл байдал бий болох юм. МАХН ч эргээд хүчээ авч, МАНАН-г айлгах боломж гарч ирнэ. Тиймээс Н.Энхбаяр энэ бүх сөрөг явуулга, гүтгэлэг, харлуулах ажиллагааг үл ажран сонгуулийн өрсөлдөөнд орж ирээсэй.