ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: ҮХНӨ-ийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах тогтоолын төсөл удахгүй батлагдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-21

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд дууссан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Энэ шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах тогтоолын төсөл батлагдана” гэсэн юм. Түүнчлэн гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэр гарсны дараа АН-тай зөвшилцөх гурван асуудлыг үргэлжлүүлэн зөвшилцөнө. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр 57 гишүүний дэмжлэг авсан 35 санал бий. Эдгээр саналыг огт хөндөхгүй. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээллийг өгөв.