ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Хариуцлага хүлээхэд бэлэн, гэхдээ...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-22

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас Монгол Улсад “саарал жагсаалт”-ын хориг тавьсантай холбоотойгоор Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
 
-Монгол Улс “саарал жагсаалт”-ад багтлаа. Энэ асуудалд та бүхний зүгээс ямар тайлбар өгөх вэ. Манай улс ФАТФ-ын зөвлөмжийг хангалттай биелүүлсэн. Тиймээс “саарал жагсаалт”-ад багтахгүй байх гэсэн найдлага талаар боллоо?

-Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага өөрийн вэб сайтад өнгөрөгч баасан гарагт мэдэгдлээ гаргасан. Мэдэгдэлд,  2017 онд харилцсан үнэлгээний багийн үнэлгээнд үндэслэж, Монгол Улсыг хяналтдаа авч байна гэсэн. Тэгэхээр 2017 онд харилцан үнэлгээ хийсэн баг юуг үндэслэсэн бэ гэхээр 2013-2016 оны Монгол Улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд ямар зүйл хийж байна вэ. Дүрэм, журам, хууль, эрх зүйн зохицуулалт нь хэр байна вэ гэдгийг үнэлсэн. Үнэлгээгээр Монгол Улс тодорхой хэмжээний ажил хийх үүрэг авсан байсан. Энэ бол 2017 оноос хийж байгаа хяналтын процесс гэж ойлгож болно.

-ФАТФ-аас манай улсад ямар зөвлөмжийг өгсөн бэ. Аль үзүүлэлтийг хангаж ажиллахыг зөвлөсөн бэ?

-ФАТФ-аас 40 ширхэг зөвлөмж гаргадаг. Зөвлөмж нь хууль эрх зүйн тогтолцоо ямар байх ёстой вэ.  Ямар байгууллага аль ажлыг хийх ёстой вэ зэрэг техникийн үзүүлэлтүүд байдаг. Мөн харилцан үнэлгээний баг гэж бий. Үнэлгээний багаас тухайн улс техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн хэрэгжүүлж вэ гэдгийг шалгадаг. Нийт 11 үзүүлэлт бий. Тэгэхээр 40 техник, 11 хэрэгжүүлэлтийн үзүүлэлтээр 2013-2016 оны шалгалтаар 2017 онд харилцан үнэлгээнд орсон. Түүнээс хойш Монгол Улс 35 үзүүлэлтийг нь  дундаас дээш буюу бүрэн хангасан. Хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс дөрвөн ажил нь цаашаа хийх, үргэлжлүүлэх шаардлагатай гэж үнэлүүлсэн. ФАТФ-аас хийх дөрвөн ажлыг бичсэн байгаа. Тухайлбал, Банк бусын мэргэжлийн оролцогч гэж бий. Энэ төрлийн мэргэжлийн оролцогч нарын хяналт ямар байна. Тогтолцоо нь ямар байгаа. Хяналт шалгалт нь орчин үед илүү эрсдэлд суурилж байгаа, үүнд эрсдэл байна уу. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт байна уу гэдэг талаас нь ажил хийгээч гэсэн. Мөн үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, санхүүжүүлэх тэмцэхэд Монгол Улс ахиц гаргах ёстой. Мөнгө угаах терроризмтой тэмцэх хэрэг гарахгүй байж болно. Энэ нь эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллаж байна уу. Хууль хяналтын байгууллагаар шийдэгдэж байна уу гэдэгт ахиц гаргах ёстой гэсэн.

-Танайхаас албан ёсны мэдэгдэл гаргасан шүү дээ?

-Монголбанкнаас албан ёсны мэдэгдэл гаргасан. Энэ нь ФАТФ-аас гаргасан мэдэгдэлд үндэслэсэн. Мэдэгдэлтэй холбоотой бас нэг зүйл дурдагдсан. Хяналтад орж байгаа улсуудын эсрэг бусад гишүүн орнуудад аливаа нэг хориг арга хэмжээ авахыг шаардахгүй. Мэдээж тухайн улстай харьцаж буй орнууд ийм эрсдэл байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна гэсэн мэдэгдэл байсан юм. Тиймээс олон нийтийн зүгээс төлбөрийн карт нь зогсоно. Гадагшаа төлбөр тооцоо хийж болохгүй, валютын урсгал байхгүй боллоо гэсэн ташаа мэдээлэлд автахгүй  байхыг хүсэж байгаа. Иймээс Монголбанкнаас мэдэгдэл гаргасан юм. Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Одоогоор 6.5 хувийн өсөлттэй байна. Улсын төсөв энэ онд алдагдалгүй гарахаар байгаа. Худалдаа болон төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлж байна. Ханшид ямар нэгэн эдийн засгийн суурь шалтгаан, дарамт байхгүй байгаа юм. Валютын нөөц одоогоор дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь төгрөгийн ханш унах нөхцөл болохгүй. Хамгаалалт бүрэн бий.

-Өнгөрсөн хугацаа­нд ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг хангаж ажил­лах боломж байгаагүй юм уу?

-2017 оны үед Монгол Улс 40 техникийн үзүүлэлтийн 20 хүрэхгүй үзүүлэлтийг биелүүлдэг байсан. Одоо 35 үзүүлэлтийг биелүүлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ажлыг хийсэн байна. Цаашид улам сайн ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Дөрвөн зөвлөмжид тулгуурлаж ажиллавал Монгол Улс гарах боломжтой.

-Зөвлөмжийг хэр удаан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой вэ?

-Зөвлөмжийг биелүүлэхэд оролцоход талуудын хамтын ажиллагаа байгаа. Монголбанкинд мөнгө угаах терроризмтой тэмцэх баг ажиллаж байна. Монголбанк үүнийг даргалж байгаа юм. Бид үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад, ажилладаг. Аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Тэр хэрээр хяналтаас хурдан гарах боломжтой. Бид 2020 ондоо багтааж бүх ажлыг хийж дуусгана гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

-Үүнтэй  холбогдуулан хариуцлагын асуудал яригдах байх?

-Хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ ФАТФ-ын үнэлгээ өнөөдрийн ажилд  хийсэн үнэлгээ биш. 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. Энэ дүн бол Монгол Улсад тавьсан дүн. Түүнээс биш Монголбанк эсвэл аль нэг төрийн байгууллагад тавьсан дүн огт биш. Монгол Улсад тавьсан дүн учраас нийтээрээ хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас гарна. Тухайлбал, санхүүгийн бус мэргэжлийн оролцогч гэдэгт нотариатч, өмгөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт  металлын арилжаа хийдэг хүмүүс энэ төрөлд ордог. Хуулиар “Мөнгөн завьяа” дэлгүүрт 20 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд энэ талаарх мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх мэдээлэл огт ирэхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.  Бүх байгууллага өмнөө хүлээсэн хуулийн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.

-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотолж чадахгүй байсан нь жагсаалтад ороход нөлөөлсөн үү?

-Банкуудтай холбоотой эх үүсвэрийн асуудал ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил. Тиймээс ФАТФ-ын үнэлгээтэй  хамааралгүй.

-Валютын ханш 30 төгрөгөөр өслөө. ФАТФ-ын үнэлгээтэй хамааралтай юу?

-“Найман шарга” гэх мэт банк бус санхүүгийн байгууллагын самбарын ханш. Түүнээс арилжааны банкуудын самбарын ханш өөр байгаа. Монголбанкны зүгээс долоо хоногт хоёр удаа дуудлага худалдааг зохион байгуулдаг. Банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дутагдалтай байвал манайхаас долоо хоногт хоёр удаа нийлүүлж байгаа учир валютын хомсдол байхгүй.