ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

AFR.com: Оюутолгойн санхүүжилтэд хүндрэл учирлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-22

Австралийн “Afr.com” сайтад сэтгүүлч Петер Керийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе. 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-аас Монгол Улсын санхүүгийн системийг хангалттай бус хэмээн үнэлсэний дараа Рио Тинтогийн Оюутолгой зэсийн төсөлд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход хүндрэл учирлаа. Австрали тэргүүтэй 39 гишүүн орны Засгийн газар хоорондын ФАТФ байгууллага Монголыг Зимбабве, Исландын хамт саарал жагсаалтад оруулсан.  

Энэ жагсаалтад мөнгө угаах, терроризмыг санхүү­жүүлэх гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ авах­гүй байгаа улс орнуудыг хамруулдаг. Эл жагсаалтад орсон улсын банкуудтай олон улсын санхүүгийн бай­гуул­лагууд ихэвчлэн харилцаагаа тасал­даг бөгөөд ингэснээр Монголд бизнес эрхлэх өртөг болон шаардагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл үүсэж магадгүй болж байна  гэсэн үг. 

Тус жагсаалтад Сири, Пакистан, Панама, Йемен, Бахамас, Тринидад, Тобаго, Гана, Гамбож, Ботсвана зэрэг улс орнууд багтдаг юм. Австралийн цагаар бямба гарагт нийтэд ил болсон ФАТФ-ын мэдэгдэлд “Исланд, Монгол, Зимбабвег сөрөг арга хэмжээ, эрчимтэй хяналт хийгдэх мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнуудад хамруулсан” хэмээсэн байв. Мөн “Ноцтой зөрчлийг арилгах зорилгоор ФАТФ-тай хууль эрхзүйн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулсан. Монгол Улс төрийн өндөр түвшний хүчин чармайлт гаргасныг ФАТФ сайшаав” гэжээ. Рио Тинто болон Түүний охин компани Туркойз Хилл Ресурс Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн өргөтгөлд шаардагдах 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 4.4 тэрбум ам.долларыг нь 2015 онд зээлсэн.

Гэвч, өнгөрөгч долдугаар сард төслийн өртөг 6.5-7.2 тэрбум ам.доллар болж өсч магадгүй байгааг мэдэгдсэн бөгөөд үүнд нь уурхайн цахилгаан станц барих төсөв багтаагүй гэдгийг тодотгож байв. Улмаар Рио Тинто ч, Туркойз Хилл Ресурс ч зээлдүүлэгчидтэй нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болж магадгүй тухай яриа хэлэлцээр хийж эхэлсэн. 

Есдүгээр сарын 23-нд бичсэн нийтлэлдээ шинжээч Далтон Баретто “Тус компанийн тооцоолж буйгаар дэд бүтэц болон цахилгаан станцын бүтээн байгуулалтад 3.4 тэрбум ам.долларын зээл, 500 сая ам.долларын хөрөн­гийн эх үүсвэр хэрэгтэй” хэмээн тэмдэглэжээ. Д.Баретто өнгөрсөн сард Монголд айлчилсан бөгөөд энэ үеэр Оюутолгойн төслийн удирд­лага, албан тушаалт­нууд­тай уулзаж, төсөлд үр­гэлж­лүүлэн ажил­лахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид юуны түрүүнд Оюутолгой төс­лийн хүрээнд хийгдэх өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл  мөн Монголын зас­гийн газар хүлээсэн үүргээ бие­лүүл­нэ гэсэн баталгааг шаар­даж байгааг онцолж байв. 

“Хөрөнгө оруулагчид шинэ зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрөхийн өмнө шинэчилсэн гэрээний дэлгэрэнгүйг шаардах болно. Магадгүй зургадугаар сард болох сонгуулийн үр дүн тодорхой болох хүртэл хэлэлцээр хойшлогдож, улмаар санхүүжилтэд саатал учирч болзошгүй гэж бид айж байна” хэмээн тэрбээр бичжээ. 

Хамгийн их анхаарал татаж буй нь 2017 оноос хойш Олон Улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байх явцад Монгол Улс саарал жагсаалтад багтсан явдал юм. Монгол улс Олон улсын Валютын сангийн хүссэн шиг банкны салбараа бэхжүүлэхгүй байгаагийн улмаас 2018 оны сүүлчээс хойш тэд хөрөнгө оруулалтаа танаж эхэлсэн. 

ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб манайд өгсөн ярилцлагадаа Оюутолгой бол Монголын эдийн засгийн маш чухал хэсэг гэдгийг онцолж байв. Тэрбээр “Оюутолгой макро эдийн засгийн төвшинд чухал ач холбогдолтой. Жишээ нь, төслийг зогсоолоо гэж үзвэл төлбөрийн тэнцэлд маш том нөлөө үзүүлэхээс гадна бид бодлогын зөвлөмжөө эргэн харах хэрэгтэй болно. Мөн үндэсний эдийн засагт үзүүлэх  урьдчилсан таамаг өөрчлөгдөх болно” хэмээн ярьж байв. Гэхдээ энэ бол Монгол Улс саарал жагсаалтад орохоос өмнө ярьсан яриа юм. Монголын Засгийн газрын хэт үндсэрхэг үзэл баримтлал Оюутолгойн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр олоход хүндрэл учруулж буй эсэх талаар асуухад тэрбээр хариулт өгөхийг хүссэнгүй. Гэхдээ байгалийн баялагаас орон нутгийн иргэдэд ашиг хүртээх болон гадны хөрөнгө оруулагчдад шаардлагатай баталгааг хангах асуудалд тодорхой тэнцвэрийг барьж буйг онцолж байв. “Биднийхээр бол Монгол цаг ямагт гадны хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд байх боломжтой улс. Байгалийн асар их баялагтай, түүнийгээ эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц болон бусад хэрэгцээндээ ашиглах боломжтой. Гэхдээ яг одоогоор гадны хөрөнгө оруулалт нь багасч буй нь жаахан ичмээр. Миний бодлоор, Монгол Улс одоо байгаагаасаа ч илүү гадны шууд хөрөнгө оруулалт татах боломжтой орон” гэж ярилаа. 

Түүнчлэн, Готлеб Оюутолгойн төслийн талаарх санал зөрчилдөөнд Рио Тинто болон Монголын Засгийн газар аль нь илүү зөв болох талаар тодорхой үзэл баримтлалгүйг шүүмжиллээ. 

ФАТФ-ын зөвлөмж, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс үл хамааран сүүлийн хоёр жилийн турш Монголын эдийн засаг сэргэжээ. Готлебын хэлж буйгаар 2017 онд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцэн тус улсын эдийн засагт гурван чухал боломж гарч иржээ. “Монгол одоо нэг, хоёр жилийн өмнөхөөсөө илүү дээрдсэн, хоёрдугаарт Хятад нүүрсний хэрэглээнийхээ ихэнх хэсгийг импортоор авах шийдвэр гаргаснаар тус улсын нүүрсний экспорт өссөн, гуравдугаарт түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом өссөн” хэмээн ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт ФАТФ Монгол Улсыг анх удаа “Саарал жагсаалт”-д оруулж байгаа юм биш.  2013 онд тус улс багтаж байсан бөгөөд хангалттай өөрчлөлт шинэчлэлт хийсний хүчинд 2014 онд “Саарал жагсаалт”-аас гарч байжээ. Баасан гарагт ФАТФ саарал жагсаалтаас Этиоп, Шри Ланка, Тунисыг хассан юм.