ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Дэлгэрсайхан: Хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нөхнө гэдэг нь эргэлзээтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-23

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас 2020 оны улсын нэгдсэн төсвийн талаар байр суурийг нь сонирхлоо.

-УИХ-аар 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэлсэн. Төсвийг мөнгөний бодлоготой уялдуулах ёстой гэсэн шүүмж­лэлийг улстөрчид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр уялдах албагүй. Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлт гарахуйц зөв хослол байх ёстой. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв мөнгөний бодлогыг харахад зах замбараагүй тэлдэг. Харин мөнгөний бодлого нь дагаж хөтлөгддөг, эрсдэлийг бууруулах чиглэлээр араас нь саармагжуулах үр нөлөөтэй явдаг болчихсон. Үүнийг л мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа гэж харах байх.


-Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Сонгуулийн жилийн төсөв өндөр зарлагатай байх ёстой гэсэн тайлбарыг Сангийн яамнаас өгч байгаа. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх вэ. Энэ боломж нь хэр байгаа вэ?

-Төсөв ингэж тэлсэн, ийм өндөр зарлага, алдагдалтай, хөрөнгө оруулалтын урсгал зардалтай үед мөнгөний бодлого макро эдийн засгийн зорилгоо хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэлтэй байна. Мөнгөний бодлого бодлогын хүүгээ бууруулах боломж багатай. Мөнгөөр эдийн засгийг дэмжих орон зай нь нэлээд хязгаарлагдмал. Учир нь төсөв их наяд, их наядаар тэлчихсэн үед тэр хэмжээгээр улсын төсөвт мөнгө оруулж, эрэлтийг өдөөх гээд байдаг. Тухайлбал, ам.долларын ханш,  валютын эрэлтийг хэлж болно. Тэр үед мөнгөний бодлого  хатуу байхаас өөр аргагүй. Зөөлөн мөнгөний  бодлого явуулж, эдийн засгийг дэмжих нь хязгаарлагдмал болж байгаа юм. Төсвийн бодлого нь замбараагүй, үр ашигтай бус байна.


-Төсвийн алдагдлыг нөхөх боломж нь хэр байна вэ. Ганцхан жилийн дотор төсвийн алдагдлыг нэг их наядаар нэмж оруулж ирсэн?

-Төсвийг өндөр зарлагатай, алдагдалтай оруулж ирж байна. Уг нь төсвийн хууль, дүрмүүдийг сайтар баримтлах шаардлагатай. Гэтэл өмнөх жилийн төсвөөс даруй нэг их наяд төгрөгөөр давсан алдагдалтай, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн төсвийг УИХ-д оруулж ирлээ. Төсвийн сахилга бат гэдэг зүйл улс төрийн хүрээнд  үнэхээр бага байна. Хэтэрхий их тэлэлт, улстөржсөн зардлууд нь хэвээрээ байна.


-2020 оны төсвийг хараад юу гэж дүгнэсэн бэ?

-Улстөржилт орсон, намын мөрийн хөтөлбөрт суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөв болжээ гэж дүгнэсэн. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ийм л байдаг. Тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх зүйл байхгүй. Бүгд адилхан. Сонгуулиар ард түмний саналыг авахын тулд өчнөөн зүйл амладаг. Түүнийгээ хийсэн мэт харагдуулахын тулд төсвийн зарцуулалтыг бий болгодог. Энэ нь үргэлжлээд байна гэсэн үг.


-Томоохон хоёр гүрний хооронд өрнөх худалдааны дайн Монгол Улсын эдийн засагт нөлөөлж магадгүй. Эдийн засагт хямрал гарч болзошгүй гэсэн болгоомжлолыг мэргэжлийн хүмүүс сануулж байгаа шүү дээ?

-Монгол Улсын төсөв сүүлийн арав гаруй жил хэд дахин тэлсэн. Ер нь эдийн засгаасаа ч илүү тэлсэн гэхэд болно. Орлогоосоо ч давах хэмжээнд, хүртэл тэлж байгаа шүү дээ. Төсөв ингэж тэллээ гээд Монгол Улсын нийгэм, эдийн засагт сайжирсан зүйл хэр байгаа вэ. Хэрвээ ийм өндөр хэмжээний төсөв зарцуулаад, тухайн жилдээ үр дүнд хүрч чадахгүй бол худалдааны дайнтай, дайнгүй эдийн засагт өөрөө дарамт болно. Төсвийн алдагдал нь дарамт болж, буруу зарцуулалт нь үр ашиггүй зарцуулалт болж хувирна. Ийм байдлаараа байвал улсын эдийн засагт сайн биш саар үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй.


-Энэ хэвээр  байвал эрсдэлээ дааж чадах юм уу?

-Эрсдэлээ даах талаар одооноос ажиллах ёстой. Харамсалтай нь хэт үрэлгэн байна гэдэг нь ирээдүйн эрсдэл рүү харсангүй гэж ойлгож байгаа.


-Хэтэрхий их өөдрөг төсөөлөл нь эдийн засагт ямар үр дагавар авчрах вэ. Орлого бүрдүүлэлтийг тодорхой хэсгүүдээс бүрдүүлнэ гэж төсөөлсөн ч бодит байдал дээр эерэг үзүүлэлт гарах эсэх эргэлзээтэй байгаа шүү дээ?

-Засгийн газар гурван зүйлд төсвийн орлогыг бүрдүүлэхэд найдаж байгаа юм билээ. Тухайлбал, татварын шинэчлэл­тээр үндсэн орлогыг бүрдүүлнэ гэж бий. Энэ нь мэдээж үндэслэлтэй. Хэрвээ бидний хүссэн хэмжээнд татварын шинэчлэлт, эрх зүйн байдал сайжирч, шинэ түвшинд хүрвэл тодорхой хэмжээгээр орлого нэмэгдэх боломжтой. Гаалийн шинэчлэл гэсэн байна лээ. Гаалийн үйлчилгээг ил тод технологид суурилсан болгоно гэж байгаа. Үүгээр дамжуулж, тодорхой хэмжээний орлого олох боломж бий  юу гэвэл бий. Гаалийн татварыг бүрэн бүтэн авч чадвал орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Дараа нь газрын бүртгэл, шинэчлэл гэж бий. Энэ гурав цогцоороо хэрэгжээд явбал сайн. Гэхдээ хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх хэмжээний орлого олно гэдэг нь эргэлзээтэй. Харин эдийн засаг тодорхой хэмжээгээр өснө гэж найдаж байгаа.