ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амрахыг дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-23

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.10.23/-ийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нийтээр амардаг өдөр олон байгааг шүүмжилж байсан ч гаднын орнуудад шашны баярууд байдаг тухай дурдаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Олон улсад шашны өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна” гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг юм байна.