ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-24

-Эрдэмтэн судлаач, эдийн засагчдын эзгүй орон зайд дуучин, оёдолчин, юуны ч хамаагүй тэмцэгч, хуурамч эх орончид “танц” эргэж байна-

 

Бичвэрийнхээ эхэнд сэтгүүлч миний хувьд ардчилсан нийгэмд хэн нэгэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг ямагт дэмждэг нэгэн гэдгээ зориуд тодотгоё. Ярь гэж ам, хэл заяаснаас хойш язгуур эрх ашгаа эдэлж, ямар ч сэдвээр ярихыг нь хүлээн зөвшөөрнө. Энэ бол ярихын тухай ойлголт шүү. Найз нөхдөөрөө уулзаж суухдаа, эсвэл ах дүү амраг садан, ажил дээрээ улс төрөө ярина уу, урлаг соёлоо шүүмжилнэ үү огт хамаагүй. Харин олны өмнө, хэвлэлээр гарч ярихдаа үзэл бодлоо бусдад тулгах, эсвэл миний зөв гэсэн өнцгөөр асуудалд хандаж, мэдэхгүй чадахгүй зүйлээ мэддэг юм шиг ярина гэдэг бол хамгийн ичгэвтэр зүйл. Юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Тэр тусмаа мэдлэгийнхээ хүрээнд сэтгэж, чаддаг зүйлээ ярьж, хийх шиг сайхан зүйл хаана байх билээ.

Тухайлбал, сэтгүүлчид өдөр бүхэн шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж, уншигчдад хүргэж буй мэдээллээ нягт, нямбай, эх сурвалжтай бэлтгэхийг зорино. Бусад мэргэжлийг бодвол бидний мэргэжил олон салбарын талаар мэдлэгтэй, тодорхой мэдээлэлтэй байхыг шаарддаг учраас “уурхай л юм чинь ашиг олж байгаа даа” гэсэн хүүхдийн гэнэн асуулт асууж, өөрийгөө, мэргэжлээ ч шившиг болгохгүй гэж хичээж яваа жирийн сэтгүүлч олон бий. Би ч тэдний нэг. Гэтэл манай үеийнхэн дунд өөрийгөө голдоггүй бүхэл бүтэн нэг үе өндийж иржээ. “Өөрийгөө хэт дөвийлгөгчид” гэж тодорхойлж болно. Муухайгаар хэлбэл, цүнх баригчид юм даа. Соошл орчинд том улстөрчдийн хэлсэн үг, бичлэгийг олон анхаарлын тэмдэг бүхий хаштаг хэрэглэн шэйрлэж, түүнийгээ болоогүй нөгөө улстөрчид рүүгээ шэйрлэчихнэ, эсвэл “таг” хийнэ. Бодвол “таныг дэмждэг, эсвэл би ийм мундаг хүн шүү” гэж харуулдаг бололтой юм. Нэг улстөрчийн цүнх барьж гурван жил яваад л юуны ч хамаагүй даргын албан тушаалд оччихно. Тэгээд нөгөө салбарынхаа талаар мэдэхгүй атлаа мэддэг юм шиг ярьж, багадсан костюм, бариу өмд өмсчихөөд л даргын дүрээр явж өгнө дөө. Тэд яг одоо Төрийн ордон болон яам тамгын газар, аль нэг агентлагийн даргын өрөөнд “боловсорч” байгаа. Тэд хэзээ ч өөрийгөө голдоггүй нь сайхан. Ажлаа мэддэг юм уу гэхээр мэдэхгүй.

Үнэхээр мэддэггүй юм болов уу гэхээр мэддэг юм шиг дүр төрхтэй. Хоолойгоо шахаад л том, том бодлого ярих ч чин үнэндээ жирийн мэргэжилтнээсээ ч долоон дор мэдлэгтэй залуу дарга нараас үнэндээ ичиж байна. Намын дэргэдэх залуучуудын байгуул­лагаар дамжиж, хурган даргын албан тушаалд очсон энэ үеийнхэн ирээдүйд Монгол Улсыг удирдана гэхээс л айж явдгаа нуух юун. Харин тэдний сураагүй сургуульд сурч, тэдний эзэмшээгүй боловсрол эзэмшсэн хэсэг нь төслийн компанид эсвэл гадаад, дотоодын аль нэг компанид мэргэжлийн ажлаа хийгээд нам гүмхэн амьдардаг. Ар гэр нь түмэн асуудалтай, эхнэр хүүхэддээ ч цаг гаргаж чадахгүй атлаа хамгийн үнэтэй ресторанд өдрийн хоол идсэн зургаа оруулж, том даргын дэргэд инээж авахуулсан зургаа айхтар мэргэн цэцэн афоризмтай хамт шэйрлэх манай үеийн залуусын энэ мэт “тэнэглэл”-ийг хараад ахмад үеийн мундагууд юу бодож суудаг бол. Ерөөс ийм хийрхэл, хэнээрхэл ганцхан манай үеийнхэнд тохиолдож байна уу гэтэл тийм биш бололтой. Энэ улсад ярьдаг амтай, хэрэлддэг хэлтэй бүхэн нь ямар нэг байдлаар улс төр, эдийн засаг, уул уурхай судлаач болчихож. Захын жишээ нь “Босоо хөх Монгол” бүлгэм цаашлаад тэмцэгч Б.Хандсүрэн, Б.Жагар гэх эх орончдын дүр. Улсын наадамд харцага цолноос хэтрээгүй нутгийн бөх ах уул уурхайн салбараар бүр мэргэш­чихээд явж байна. Оюу­толгойг ярина. Ноён уулаар улстөржинө. “Эрдэнэт” үйлдвэрээр эрдэмт­нээс илүү гарсан “мэдлэгтэй”.

Тэр ч байтугай криптовалютын талаар ярихдаа “уурхай юм чинь ашиг олж байна” хэмээн онигоонд орж байлаа, тэдгээр эх орончид. Гэтэл насаараа геологи, уул уурхайн салбарт ажилласан, эсвэл Оюутолгой, Ноён уулын орд газрын талаар олон жил судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэд нь яагаад дуугардаггүй юм бол. Энэ улс хэзээ “эх орончдод” биш эрдэмтэн судлаачиддаа итгэх вэ. Дуугарсан нэгнийг нь худалдагдсан гэж дардаг, нулимдаг учраас ярихыг ч хүсдэггүй гэнэ лээ. Нэг ком­пани шантаажилж, биз­несээ цэцэг­лүүлж яваа Л.Наран­баатар тухайлбал нүүрс яри­маар­гүй байгаа юм. Харин нүүрс­ний салбарыг насаараа су­далж, шинжилж, эдийн зас­гийн үр өгөөж, энэ улсад өгөх хувь нэмрийг нь мэддэг эсвэл яг энэ салбараар мэргэшсэн залуус нь ажлаа яриг, асуудлаа хэлэлцэг. Төмөр зам мэддэг нь төмөр замаа ярь. Намын даргын туслах байхдаа нэг “ТББ”-ыг ахалж байсан ямар мэргэ­жил­тэйг нь үл мэдэх Б.Жагар гэх залуу өнөөдөр бүх салбарт мэргэшлээ. Тэр ус ярьж байна, ургамал судалж байгаа, уул уурхайгаар бүр төгсөрсөн. Өвгөн эрдэмтэний ч ойлгохгүй яваа сэдвээр чөлөөтэй ярьж, чөлөөтэй улс төр хийнэ. Б.Хандсүрэн гэх эмэгтэйг манай сэтгүүлчид андахгүй дээ. Э.Бат-Үүл тэнд дахин төлөвлөлт ярьж байвал давхиж очоод ярина. Ноён уул ярьж байвал бас л очно. Тост, Тосонбумба, Бороо Гоулд, Оюутолгой, Таван­толгой, мах, нүүрс, уул уурхай гээд ярихгүй сэдэвгүй. С.Баярыг мэднэ, Ц.Элбэг­доржийг ярина. Гэтэл эд­гээр сэдвүүд дээр нөгөө л эр­дэм­тэд, эдийн засагчид нь таг. Сайжруулсан шахмал түлш­ний тухай оёдолчин эмэг­тэй ярьж байхад инже­не­рүүд юу ч дуугарахгүй.

Утаа шинжлэх ухааны үүднээс буур­сан уу, сайжруулсан нүүрс, түүхий нүүрсний ялгаа ямар юм, Засгийн газрын гаргасан шийд­вэр зөв, буруу байсан уу гэд­гийг оёдолчин эгчээс биш эрдэмт­нээс, эсвэл инже­нерүү­дээс сонсмоор байна, ард түмэн. “Тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй” гэдэг үг уул нь “эх орончдод”, эсвэл бүх сэдвийн судлаачдад хамаарах ёстой атал эрдэмтэд, эдийн засагчдад хамаатай үг болон хувирчихав. Нэг үе хүн бүхэн гадаад бодлого судлаачид болж билээ. ШХАБ, бүс нутгийн аюулгүй байдал яриад л. Гэтэл начир дээрээ “ШХАБ” гэж ямар байгууллага болохыг судалсан, яг энэ сэдвээр мэргэшсэн ганцхан хүн Монголд байдаг юм билээ. Харин тэр хүнийг нь олж уулзаад яриа авахыг хүсэхэд “Улс төрийн намд ажиллаж байгаа учраас ярих нь дэмий биз ээ. Миний биш намын байр суурь гэж харах байх” хэмээн халгаагаагүй юмдаг. Яг л тэр эрдэмтэн шиг олон зуун эдийн засагчид, эсвэл эрдэмтэд минийх биш намынх хэмээн үгээ цааш нь залгиж байгаа. Харин тэдний эзгүй орон зайд дуучин, оёдолчин, юуны ч хамаагүй тэмцэгч, хуурамч эх орончид “танц” эргэж байна. Тэдний суугаагүй албан тушаалд цүнх баригчид очиж суучихаад мэдэхгүй сэдвээ мэддэг юм шиг ярьж байна. Намаар биш мэдлэгээр нь албан тушаалд суулгадаг байсан бол манайд бүх зүйл эмх цэгцэндээ орж, Монгол Улс хөгжих байлаа.

“Шар сэтгүүлзүйн магнат” хэмээн яригддаг байсан нэг нөхөр манай салбарт орж ирчихээд мэргэжлийн сэт­гүүл­зүйн тухай ярьж, сэтгүүлчдийг худал­дагдсан, худалдагдаагүйг цензурдэж байх юм. Бас уул уурхай ярина, тэр. Гэтэл нөгөө ахмад сэтгүүлчид, энэ сал­барын мундагууд нь таг чиг. Бод доо, дуучин М.Нарантуяа буюу Нара өнөөдөр мөнгө угаах, терроризмыг санхүү­жүү­лэх олон улсын байгууллагын тухай, тэндээс гаргасан “саарал жагсаалт”-ын талаар ярьж байна шүү дээ. Энэ бүсгүйн эр зоригийг үнэлнэ ээ. Ардчилсан нийгэмд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь ч бас хүндэтгэнэ. Гэхдээ олон нийтийн телевизээр гарч, эдийн засгийн онол ярих болтлоо төгсөрсөн гэдэгт би лав итгэхгүй. Японд урлагийн мэргэжил эзэмшсэн дуучин бүсгүйн гаргасан дууг ч олон хүн мэдэхгүй. Мөн эдийн засгийн онол ярьдаг гэдгийг ч хүмүүс мэдэхгүй юм билээ. Тийн атал саарал жагсаалт яриад, тэр талаар байр сууриа илэрхийлээд сууж байна шүү дээ. Энэ улсад хэрвээ хэн нэгэн нь хэм хэмжээгээ мэддэг байсан бол тэр бүсгүй дуугаа эсвэл бизнесээ хийж, түүний суудал дээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа шиг эдийн засагч, эсвэл Б.Дэлгэрсайхан шиг мундагууд суучихаад маргаж, мэтгэлцэж, санал бодлоо уралдуулж, гарц шийдлээ ярих байв. Нөгөөх оёдолчин эгч ч бас саарал жагсаалтын талаарх хэлэлцүүлэгт харагдана билээ.

Улсын төсөв, ЖДҮ, түлш, нүүрс, улс орны гадаад бодлого, улстөрчдийн гаргасан шийдвэр, бүр саарал жагсаалт ярина, тэр оёдолчин эгч. Уг нь өмнөх ажилдаа эзэн болж, үйлдвэрлэл эрхлэгч гэдгээрээ танигдаад явж байвал хүндлэл нь тэр хэрээр нэмэгдэхсэн. Би тухайл­бал сурвалжлах, нийтлэх ажлаа хаячихаад Нарагийн оронд дуу бичүүлж, Майцэцэгийн хажууд хувцас оёж, “Цэнхэр үст” Цэрэн­гийн кафед зөөгч хий­гээд байвал тэд надтай адил­хан дургүйцнэ биз дээ. Мэд­дэг, чаддаг ажлаа хий гэж хөөх байлгүй. Үүнийг л цэр нь цээ­жин­дээ, бөөр нь бөгсөндөө гэж хэлээд байгаа юм. Юу ч ха­маа­гүй яриад, маргаж, мэт­гэл­цээд яваад байвал олонд танигдана, улстөрч болно гэсэн хэсэг бүлэг бий. Зарим нь улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл зовдог байж мэднэ. Буруутгах аргагүй. Гэвч хүн бүхэн эрхэлсэн ажлаа нэр төртэй хийж, улсынхаа хөгжилд эрүүл ухаанаар гар бие оролцдог болсон цагт хөгжих бус уу. Эдийн засагчдаа, эрдэмтэн судлаачдаа сонсдог болъё. Мэдлэггүй шахаасны нэгнээр бус мэддэг нэгнээр ажлыг нь хийлгэе. Төр нь чадвартай боловсон хүчнээ намын шахаасаар амыг нь үддэг бус тэднийг олон ний­тийн өмнө яриулдаг, намынхаа гар­га­сан шийдвэрийн алдаа оноог шүүн тунгаах боломжийг нь хангаад өг. Тэр цагт магад­гүй дуучин нь дуугаа дуулж, оёдолчин нь үйлээ эрхэлж, шар сайтын эрх­лэгч нь сенсааци хөөж бүх зүйл байр байрандаа орох билээ.