ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дамба-Очир: Жилд сая гаруй хүнийг хавдрын шинжилгээ оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-28

-Гамшгийн хэмжээнд хүрсэн хавдрын асуудал багасна-

УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. Тус хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг баталсан нь олон нийтэд ихээхэн таалагдсан билээ. Энэ талаар тус хуулийн санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төсөл цаг үеэ олж батлагдлаа. Олон жил энэ талаар ярьсан ч бодит ажил болохгүй явсаар өнөөг хүрсэн. Жинхэнэ утгаараа Монгол Улс хавдартай тэмцэж эхэллээ?

-Би энэ асуудлыг амьдралаа туулж яваа нэгэн. Тиймээс энэ асуудалд нэлээд анхаарсан. Хуулийн төслийг би  өөрөө санаачилсан. Хуулийн төслийг боловсруулахад Хорт хавдартай тэмцэх үндэсний төвийнхөн судалгааг нь хийж өгсөн. Тухайлбал, хэчнээн төгрөгийн хөрөнгө мөнгө гарах уу зэрэг судалгааг хийж өгсөнд нь талархаж байгаа. Монголчуудын эрүүл мэндийг бодож, олон гэр бүлийг элэг бүтэн амьдраасай гэдэг үүднээс хийсэн зүйл.

-21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт оношилгоо хийдэг төв байгуулахаар болсон шүү дээ?

-Тийм ээ. УИХ-аас хуулийг нь баталлаа. Хуулийг дагалдаж, журам гарна. Түүний дагуу хөтөлбөр хэрэгжээд явна. Өмнө нь “Элэг бүтэн Мон­гол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд элэг болон вирусын асуудлаар ихээ­хэн хэмжээний судалгааг явуулсан. Үүний нэгэн адилаар эхлээд хуультай болоод эрх зүйн орчин нь бүрдээд, жил бүр иргэдийг оношилгоонд хам­руулах юм. Иргэд оношлуулаад хавдар байна уу,  үгүй юу гэдгээ шинжлүүлнэ. Хэрвээ байвал эхний нэг болон хоёрдугаар шатанд эмчилнэ. Харин гуравдугаар шатанд хүндхэн байдалд орно. Дөрөвдүгээр шатанд ороход ямар ч авралгүй болоод байгаа юм. Бусад эрхтэндээ үсэрхийлэхээр болохгүй болчихоод байна.

-Нийт долоон төрлийн үз­лэгт хамруулж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жилд хавдраар 4400 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Нийт долоон төрлөөр шинжилгээ, оношилгоог хийнэ. Тэр нь тусдаа нэгж хэлбэрээр ажиллах юм. Тухайлбал, элэг, уушги,  зүрх, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс гэх мэтээр шинжилгээ оношилгоог хийнэ.

-Төвийг аймаг, дүүрэг бүрт нээхээр болсон. Ингэснээр иргэдэд хүлээлт үүсэхгүй, хот руу ирж шинжилгээ, оношил­гоо хийлгэх шаардлага­гүй болно гэж ойлгож байгаа?

-Төвүүдийг нээгээд  эхэлбэл, эхний хоёр жилд ачаалалтай ажиллах байх. Цаашид эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн ачаалал буурна. Мөн  айл өрхийн эдийн засгийн хүндрэл багасах юм.  

-Хуулийн төслийг боловс­руулахад гаднаас туршлага судалсан уу. Гадны олон оронд энэ төрлийн хууль үйлчилдэг үү?

-Солонгос, Япон, Герман Европын орнуудад хэрэгждэг  хууль. Монголд анх удаа энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн орчин бий боллоо. Хавдрыг эрт оношлуулж, эмчлүүлэх юм бол хүн урт насалдаг юм байна гэдгийг олон улсын жишгээс харж болно. Тухайлбал, хоол унд, ажил төрөл болон амьдралын хэв маягаа зохицуулаад явах бүрэн боломж байна.

-Монголд хорт хавдраар өвдөөгүй айл өрх цөөхөн бий. Энэ айхтар өвчинтэй тэмцэх эхлэл нь бүрдлээ?

-Энэ зовлонг туулаагүй айл өрх Монголд цөөхөн бий. УИХ-ын гишүүддээ хандан хэлэхэд 2020 оны шаардлагатай хөрөнгө мөнгийг нь дэмжиж өгөөрэй гэж хүсэж байгаа юм.

-Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явна шүү дээ?

-Тийм ээ. Энэ хугацаанд эмч нараа бэлдэнэ. Сургалт дамжаанд явуулна. Мөн тоног төхөөрөмж, байр орон сууцыг бэлдэнэ. Ганцхан Хорт хавдрын үндэсний төвд очиж оношлуулдаг бус хөдөө, орон нутаг, дүүрэгт хавдрыг оношлуулдаг болж байна. Хавдрын асуудлыг дээр, дооргүй яриад  20 жил  болж байна. Цаашид ч ярина. Энэ нь ямар нэгэн улс төр гэхээсээ илүүтэй монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарсан хууль гэж ойлгож болно.

-Хавдрын оношил­гооны төв­ийг ажил­луулахад улсын төсвөөс хэчнээн төгрөг шаард­лагатай вэ?

-Одоогоор нийт 39.4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд эмч нарын цалин, байрны асуудал бий. Мөн тоног төхөөрөмжийг худалдан авах асуу­дал багтаж байгаа. Тоног төхөөрөмжийг нэг л удаа худалдаж авна шүү дээ. Нийт долоон тэрбум төгрөг хэрэгтэй. Эмч нарын цалинд 150 сая төгрөгийн асуудал бий. Нэг хүнд шинжилгээ авахын тулд жилд 27 мянган төгрөг тавих юм. Ингээд бодохоор жилд 27 тэрбум төгрөг хэрэгтэй.

-Шинжилгээнд хэчнээн иргэн хамрагдах вэ?

-Хамрагдах шаардлагатай сая гаруй хүн байгаа. Төсөвт мөнгийг нь суулгаж, үнэ төлбөргүй авахаар шийдвэрлэнэ. Цаашид даатгалтай уялдуулах боломжтой.

-Насны хувьд янз, янзаар тусгаж өгсөн байсан. Энэ нь тухайн хүний өвчлөлтэй холбоотой юу?

-Ходоод 35, умайн хүзүү 30, элэг 40 наснаас гэхчлэн янз,  янз бий. Учир нь хорт хавдар жил ирэх бүр залуужаад байгаа. Хуулийн төсөлд насыг нь нэлээд залуужуулж оруулж ирсэн. Түүнчлэн бүдүүн гэдэс гэхэд 50 наснаас дээш бий. Мөн ямар төрлийн өвчлөлөөсөө хамаараад, үзүүлэх хугацаа нь хүртэл өөр, өөр байгаа. Зарим нь жил бүр давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Цаашилбал, гурван жил тутам үзүүлээд явах нь ч бий. Иргэдийг гараас хөтлөөд очиж үзүүлэх боломжгүй. Харин та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, оношилгоо, шинжилгээгээ өгөх боломжтой юм. Миний хувьд хуулийг санаачлаад батлуулсан. Одоо төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгах талаар ажиллаж байна.  Түүний дараа Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хүмүүс нь ажиллаад хэрэгжүүлээд явах нь зүйтэй.

-Намын нөхөд нь хэр дэмжиж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Бүх аймаг, нийслэлийг хамрах асуудал. Дан ганц Эрүүл мэндийн яам бус бүх монголчуудын асуудал. Тиймээс хаана, хаанаа хариуцлагатай хандах ёстой. Энэ хэвээр явбал гамшгийн хэмжээнд хүрсэн хавдрын асуудал багасах юм.

-Энэ төрлөөр ажиллаад явах боловсон хүчний хувьд ямар байгаа вэ?

-Эмч нарыг сургана, бэлдэнэ, мэргэшүүлнэ. Оношийг нь  зөв тавьдаг болгоно. Тоног төхөө­рөмжтэйгөө зөв харьцдаг болгох юм. Хууль нь ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих  боловч бэлтгэл ажил эрт эхлэх ёстой.

-Эрт илрүүлээд эхэлбэл, гадагшаа өндөр өртөгтэй шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийдэг байдал зогсоно шүү дээ?

-Гадны орныг зорьдог байдал багасна. Монголдоо энэ бүх боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө хичээж байна. Одоогоор боломжтой нь гадны өндөр хөгжилтэй орныг зорьж, эмчлүүлж байгаа. Харин боломжгүй нь амиа алдаж байна. Монгол Улсын иргэн бүр амьд явах эрхтэй. Хүний хамгийн чухал асуудал эрүүл мэнд юм. Иргэн хүн эрүүл явна гэдэг нь аав, ээж, ах, дүү, хамаатан садан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага. Өвдсөн нэгнээ харж сууж байгаад үхүүлчихэж чадахгүй шүү дээ. Орон байр хамаг юмаа зараад гадны улсыг зорьж байна. Өвчнөө дийлэхгүй бурхны оронд одож байна.  Ийм тохиолдолд үлдсэн хүмүүст нь хэцүү байна. Олон гэр бүлийг аймшигт өвчний хатуу савраас аврах ганц боломж нь энэ байна.