ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Саарал жагсаалт”-ад оруулсан буруутан хэн бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-28

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-ад оруулсан гэдгээ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн билээ. Улмаар, хэн энэ жагсаалтад оруулсан, хэн буруутай вэ гэсэн уралдаан Монголын улс төрд өрнөж байна. Бүгд л алдааг өөрөөсөө зайлуулж, уснаас хуурай гарахыг оролдож буй. Зөвлөмж өгөөд байхад нь алдаагаа залруулж чадаагүй хэн нэг буруутныг олж, хариуцлага ярих нь тодорхой байгаа юм. Хэдийгээр саарал жагсаалт Монгол Улсыг эдийн засгийн сахилга батаа сайжруул гэсэн дохио болсон ч буруутныг олох эрэлд улс төрийн намууд морджээ. Хууль шүүхийн цалгар назгай байдал, авлигачдын толгойг илсэн гээд хаа, хаанаа алдаа гаргасан. Гэвч эцсийн дүндээ банкны салбараа буруутгаад, улстөрчид нь уснаас хуурай гарах нь тодорхой болж байна. Хэн буруутайн тухай маргаан өрнөж буй энэ цагт хэн, хэрхэн арьсаа хамгаалж, хэнийг буруутгаж буйг эх сурвалжтай нь танд хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Саарал жагсаалтад орох юм бол та нар хариуцлага хүлээнэ шүү гэж би хэлсэн. Ийм нөхцөл байдалд хүргэж байгаа чинь хаа, хаанаа сахилга бат, удирдлага зохион байгуулалт алдагдсаныг харуулж байгаа юм. Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа муу байна гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улс жагсаалтад орсон 12 улстай харьцуулахад терроризмыг санхүүжүүлдэг, зэвсэг дэлгэрүүлдэг улс биш ээ. Саарал жагсаалтад орсон асуудал нь манай албан тушаалтнуудтай холбоотой. Нийгэм улс төр банк санхүүгийн орчинд итгэл хүлээлгэх, зүй зохистой орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол банк, СЗХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харж байгаа.

Эх сурвалж: tovch.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Бид хар жагсаалтад орохгүйн тулд саарал жагсаалтад орсон. Энэ бол зөвхөн Монголбанкны ажил биш ээ. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Ялангуяа асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг. Гэтэл шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Энэ бүхэн чинь саарал жагсаалтад ороход нөлөө үзүүлсэн. Арилжааны банкуудын асуудал саарал жагсаалтад ороход нөлөөлөөгүй гэдгийг дахин хэлье.

Эх сурвалж: isee.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар ажил үүрэгтээ хайнга хандсан. Энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй учраас улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ФАТФ-ын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан. Харин аравдугаар сарын 18-нд өмнө нь хяналтад оруулснаа албан ёсоор зарласан юм. Хяналт бол 2017 оноос явагдаж байгаа.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Гурван жилийн өмнө 2013-2016 оны хоорондох сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй.  Энэ бол 2013-2016 оны хоорондох үйл явдлын үр дүн. Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “Саарал жагсаалт”-ыг баахан хүнээс болсон л гээд байна билээ. Гэтэл энэ хуулийг санаачлан батлуулсан хүн нь өөрөө юм шүү дээ.

Эх сурвалж: ikon.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс Саарал жагсаалтад орсон. Юунаас болоод оров гэдэг асуудал яригдаж байна. Ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан. Хамгийн гол нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. 

Эх сурвалж: zindaa.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Миний явуулсан захидал одоогийн “Саарал жагсаалт”-д ороод байгаа асуудал хоорондоо ямар ч холбоо, хамааралгүй. ФАТФ-аас мөнгө угаахтай холбоотойгоор Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан ба татварын орчныг сайжруулах тухайн бичигтэй энэ асуудал ямар ч холбоогүй гэдгийг дахин хэлье. Тэс хоёр агуулгатай зүйл байгаа.

Эх сурвалж: isee.mn

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү:  С.Баярын АНУ дахь арав гаруй хаус, С.Баярцогтын 10 сая ам.долларын хэрэг болон бусад санхүүгийн хулгай, дээрмийн гэмт хэргийг хуулийн дагуу огт шийдэхгүй байна. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Хууль зүйн сайд, УИХ-ын дарга, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт энэ таван албан тушаалтан хамгийн гол буруутан. Учир нь тэд ажлаа хийгээгүй, хийхийг хүсээгүй. Тиймээс тэд ажлаа чаддаг хүнд нь бушуухан өгөөд, хариуцлагаа хүлээгээд Монголын төрөөс зайлах хэрэгтэй.

Эх сурвалж: erennews.mn

ЕТГ-ын дарга З.Энхболд: 2017 оны есдүгээр сард Монгол Улсад зориулж гаргасан 40 гаруй зөвлөмжийг биелүүлсэн бол өнөөдөр саарал жагсаалтад орохгүй байлаа. Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хуульзүйн яамны ажлаа хариуцсан хүмүүс ажлаа хийсэн шиг хийсэн бол бас орохгүй байлаа. Одоо яаралтай яаж гарахаа олцгоо, МАН-ынхаан.

Эх сурвалж: https://twitter.com/enkhboldz

Эдийн засгийн ухааны доктор Профессор Д.Намжил: Монголд өршөөлийн тухай хууль гэж гараад бараг 30 орчим их наяд төгрөгийг ил болгоод үүндээ ямар ч хяналт тавиагүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, төрд ажиллаж байгаа улсууд мөнгө угаах, авлигал хээл хахууль авах замаар офшор үүсгэж маш их мөнгө гадагшаа гаргасан байдаг. Татвараас зайлсхийн Олон улсын банк санхүүгийн байгууллагад мөнгөө хадгалдаг. Ялангуяа хууль хүчний байгууллагууд болон авлигатай тэмцэх газар сайн ажиллахгүй байна. Офшор данстай өндөр албан тушаалтай хүмүүсийн хэрэг шийдэгдэхгүй жил дамжиж байгаа. Шүүхээр шийдвэрлэсэн ямар ч үр дүн байхгүй.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

ХҮНамын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд: Л.Болд гэж хүн Батлан хамгаалахын сайд байхдаа зэвсэг наймаалсан гэх хэрэгт холбогдсон. Энэ асуудал шууд утгаараа нөлөөлсөн. Мөн арилжааны банкуудад зохих ёсоор хяналт тавьж ажиллаагүй учраас Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой. Сангийн сайд нь хүртэл буруутгасан. Гэтэл Монголбанк бид буруугүй гэлээ. Тэгэхээр худлаа ярьдаг Сангийн сайддаа хариуцлага тооц. Ц.Нямдорж маш олон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Мөн үүнээс сэргийлэх ажлаа хийгээгүй.

Эх сурвалж: sonin.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрсдэлтэй жагсаалтад орох гол шалтгаан нь Ил тодын хууль байсан. Тийм, үгүй гэж яриад хэрэггүй. Энэ хууль батлагдсанаар далд эдийн засагтай гэж ойлгосон. Мөн ирээдүйн авлигын боломж юм биш биз гэж харсан. Тэгээд 2017 онд 11 зөвлөмж өгсөн. Есөн зөвлөмжөө хэрэгжүүлсэн. Хоёр нь үлдсэн. Монголд авлигын хэрэг шийдэгдэхгүй байна. Тэмцэж байгаа тогтолцоо нь алга гэж хэлээд байгаа юм.

Эх сурвалж: “Масс” телевиз

Бэлтгэсэн: Б.Өнөртогтох