ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх сургуулийг автобустай болгосон даргыг шүтэж амьдаръя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Өчигдөр өдөр бүхэн ажилдаа гардаг цагаас бараг 1.20 минут хоцорч, 08.20 цагийн үед гарав. Ажил 09.30 цагаас эхлэх учраас мэдээж хоцрох нь тодорхой байлаа. Гэтэл Нисэхийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл ердөө 35 минут явчихдаг юм байна. Охиныхоо цэцэрлэгийн үүдэнд 09.05 минутад ирж, ажилдаа харин 09.20 гэхэд хүрээд ирлээ

Тэгэхээр, “Буянт-Ухаа-2” хорооллоос 100 айлын “Хэвлэлийн хүрээлэн” хүртэл ердөө л нэгхэн цаг яваад ирчихсэн гэсэн үг. Түгжрэл ихтэй үед дээрх замыг хоёр цагт туулдаг. Ялангуяа долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт бол өглөө 06.40 гэж л гарахгүй бол, ажилдаа амжиж ирнэ гэдэг бараг л үлгэр байдаг юм.

Нүүр номоор яг л надтай адилхан 30-хан минутад ажилдаа ирсэн, өмнө гардаг цагтаа гарсан ч цагийн өмнө ажилдаа ирсэн хүмүүс сэтгэгдэл бичжээ. Тэгэхээр эндээс ганцхан л дүгнэлт гарч байна. Нийслэлийн түгжрэлийн бүх учир шалтгаан нь ердөө л сургуулийн хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхөөс үүсч байна.

Энэ долоо хоногт ЕБС-иуд амарч байгаа учраас түгжрэл бараг 50-60 хувиар буурсан нь тодорхой. Тэгэхээр түгжрэлийг шийдэх хамгийн зөв зам нь ЕБС-иудыг автобустай болгох, хамран сургах тойргийг мөрдүүлдэг болох ажээ. Энэ тухай хэвлэлүүд олон жил бичсэн ч манай дарга нар шар зураах, гарц орц нэмэх, автобусны тоо нэмэх гэсэн дандаа бизнесийн өнцгөөр асуудалд хандсаар ирсэн л дээ. Түгжрэлийг арилгах олон гарц гаргалгааг өнгөрсөн хугацаанд хангалттай хийсэн дээ.

Замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, иргэд харин ачуулахгүй байх гарцаа олж чадав. Зогсоол нэмсэн ч автомашин нь дагаад нэмэгдлээ. Шар зураас бий болголоо, зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буураагүй.

Захуудыг нүүлгэх, Их дээд сургуулийг хотоос гаргах талаар том дарга нар 10 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч боломжийн амьдралтай нь дахин нэг машин худалдан авч, түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Эцэст нь дарга нарын машин хотын төвд явдаг, эгэл борчууд нь хотоос зайдуу явах зохицуулалт ярьж үзлээ, манай дарга нар.

Өдөрт дунджаар нэг жолооч 1380-2000 төгрөгийг түгжрэл дунд ямар ч үр ашиггүй зарцуулдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд замын түгжрэл жилдээ 50-60 тэрбумыг чимээгүйхэн иддэг гэсэн тоон мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа харагдах аж. Улаанбаатар хотыг анхлан төлөвлөхдөө 400-500 мянган иргэдтэй, нийт хүн амынх нь 2.9 хувь нь буюу 10 мянган автомашинтай байхаар төлөв­лөсөн юм гэдэг. Харин энэ тоо өнөөдөр ямар байгааг харъя. 2017 оны байдлаар Монгол Улсад 458 мянган авто­машин бүртгэлтэй байсан бөгөөд үүнээс нийслэл хотод өдөртөө 200 мянга нь хөдөлгөөнд оролцдог гэсэн тоон мэдээлэл гарч ирэв.

Харин энэ тоо 2019 онд нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Мөн Их тойруу доторх 37 ЕБС-д нийт 60-аад мянган машинаар хүүхдээ зөөж байна гэсэн тоон мэдээг Тээврийн цагдаагийн албанаас өгчээ. Улаанбаатар шиг төлөвлөсөн таван хотын автозамд явах ёстой машин зөвхөн хүүхдээ сургуульд өгөхийн тулд замын хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн үг юм. Ийм байхад давхар гүүр барьж, замаа сэтэлж, нэг урсгалыг нэмээд ч асуудлыг шийдэж чадахгүй гэсэн үг. Мөн гэрлэн дохиог нэмэгдүүлэх нь түгжрэлийг нэмэх шийдэл үү, гэхээс бууруулдаггүй гэд­гийг мэргэжлийнхэн хэл­дэг.

Тэгэхээр, түгжрэл буу­руу­лна гэсэн амлалт өгсөн Ардын намынхан 2020 оны төсөв­төө ЕБС-иудад автобус авч өгөх мөнгө суулгаж яагаад болох­гүй гэж. Нэг сур­гууль хам­гийн багадаа 4-5 авто­бус­тай, тэр нь чиглэл бүрт яваад байвал асуудал огт алга юм. Уг нь энэ санаа улстөрчдөөс гарахгүй биш гардаг. 2013 оны үед бүх сургуулийг автобустай болгох санал гарсан ч дэмжлэг авч чадалгүй унасан.

Харин тэр цагаас хойш хэвлэлийнхэн байнга энэ сэдвийг хөндсөний үр дүнд 2013-2014 оны хичээлийн жилд нийслэлийн долоон дүүргийн 45 сургуулийн 122 автобус нийтдээ 4880 хүүхдийг тээвэрлэж байв. Харин 2018-2019 онд 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэсэн байна. Чамлахаар тоо. Таван жилийн хугацаанд наймхан автобус нэмэгдсэн байгаа биз. Харин суух хүүхдийн тоо нэг дахин нэмэгдсэн нь баяр­лууш­тай. 2018-2019 оны хичээ­лийн жилд 42566 хүүхэд машинаар хичээлдээ ирж, очжээ.

Иймээс л нэн тэргүүнд сур­гуулиудаа автобустай болгох мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгооч хэмээн эрх баригч­даас гуйя. Ядахдаа Их тойруу, Энхтайвны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг авто­бус­тай болгоно гэсэн ам­лал­таа биелүүлж чадвал энэ шийдвэрийг гаргасан дар­га бүхний зургийг ханан­даа өлгөсөн ч яах вэ. Ший­дэл ердөө нэгхэн алхмын цаана гацдаг гэдгийг утаанаас хар­лаа. “Бүх сургуулиа авто­бус­тай болго” гэсэн зарлиг буулгаж, түүнийгээ яг утаатай тэмцэж байгаа шиг зоримог хийсэн ямар ч даргыг үлдэх насандаа л нийслэлчүүд бид шүтнэ дээ.