ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Байгаль: Монголд бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр олон тулгуурт эдийн засгийг бий болгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-29

Экспорт  гэх ойлголт бараа бүтээгдэхүүн, газрын доорх баялаг хэмээх савнаас нэгэнт  хальжээ. Дэлхийн зах зээл соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн шинэ нэр томъёогоор хүрээ тэлж эхэлсэн байна. Энэ талаар Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо /IWFCI/ -ын Монгол Улс дахь салбар байгууллагын Ерөнхийлөгч О.Байгальтай ярилцлаа.

-Байгууллагынхаа талаар мэдээлэл өгөхгүй. Монгол дахь салбарыг яагаад байгуулах болов оо?

-Сингапурт 1992 онд анх байгуулахдаа АСЕАН нь Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд гэсэн зургаан гишүүнтэй байсан юм.  Вьетнам нь 1995 онд, Лаос, Мьянмар, 1997 онд Камбож улсууд нэгдсэн байдаг. Одоо AFTA нь АСЕАН-ы 10 орноос бүрддэг. Манай улс 2017 онд  нэгдсэн. Гол зорилго нь  Монголтой холбоотой олон улсын экспорт, импортыг нэмэгдүүлье. Энэ нь дэлхий ертөнцтэй холбоо харилцаагаа бэхжүүлэх гол хөшүүрэг юм байна. Үүнийг дагаад соёлын харилцаа үүснэ, буцаад соёлын солилцоо бий болно гэж харсан. Тиймээс салбарыг нь байгуулахаар шийдсэн.

-Дан ганц бараа бүтээгдэхүүн экспортлоод зогсохгүй оюуны бүтээл нийлүүлэх бүрэн боломжтой болжээ?

-Тийм ээ. Бараа бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна оюуны бүтээлээ дэлхийд гаргах боломжтой болсон. Тухайлбал, уран бүтээлчдийг нэрлэж болно. Хамгийн ойрын жишээ нь “Хийморь” кино байна. Оскарт албан ёсоор нэр дэвшлээ. Олон улсын кино наадамд амжилттай оролцлоо. Мөн  “The Hu” хамтлаг байна. Хөөмий, морин хуур  гэх мэтээр цааш нь нэрлэж болно. Бид эскпортыг өөрөөр харах цаг болжээ.

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Монголд ямар боломж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр олон тулгуурт эдийн засгийг Монголд бий болгох юм.  Монгол Улсын эдийн засгийг тэлэх боломжтой. Оюуны бүтээлийн экспортыг хөгжүүлснээр давхар  аялал жуулчлалын салбар хөгжинө. Урлагийн салбарын  үнэлэмж, үнэ цэнэ дагаад өснө. Монголын уламжлалт  өв соёлоос уламжилж гарч ирсэн дуу, хөгжим, бүжиг, кино  гэх зэрэг бүтээлд суурилсан олон зүйлийг дэлхийд гаргах боломж бидэнд бий болох юм.

-Монголчууд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аль түвшинд нь явна вэ. Энэ талаар та бүхэн судалгаа шинжилгээ хийв үү?

-Үүнийг хэлэхэд эрт байна. Энэ талаар бид 2020 онд бид ЮНЕСКО-д өгөх тайландаа тусгана. Холбогдох судалгаа, шинжилгээг   хийгээд явж байна. 2005 онд ЮНЕСКО -гийн конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Үүнийг олон нийт соёлын өвтэй их андуурдаг. 2005 оны конвенц нь тэр чигтэй соёлын илэрхийллийн олон төрлийг хөхүүлэн дэмжих гэсэн төрөл рүү чиглэсэн байдаг. Тайлан бэлэн болохоор нэлээд тодорхой тоо гарч ирэх байх. Шинэ ойлголт, шинэ зүйл учраас олон нийтэд зөв мэдээлэл өгөх, судалгаа, шинжилгээ хийх талаар нилээд анхаарал хандуулан ажиллаж байна.

-Оюуны экспортыг нэмэг­дүүлэхэд төрийн ямар бодлого илүүтэй үгүйлэгдэж байна вэ. Хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай шүү дээ?

-Хувь хүний байр суурьнаас хандахад соёлын бүтээлч үйлдвэр­ийн салбарт судалгаа хийх нилээд шаардлагатай. Оролцогч талуудын чиг үүргүүдийг ойлгомжтой болгох ёстой. Тухайлбал, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэх үүрэг хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнд нь тохирсон төрийн бодлого хэрэгжвэл, илүү ойлгомжтой болох юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэхээр намайг урлаг ярих гээд байна гэж ойлгодог. Энэ нь маш өргөн хүрээтэй зүйл. Урлаг гэдэг бол нэгээхэн зүйл. Бид дэлхийн зах зээлд өрсөлдье гэж байгаа бол энэ салбарыг огт хаяж болохгүй.

-Хариуцлагаас гадна чанарын асуудал нэн тэргүүнд тавих байх. Дэлхий нийтийн бизнесийн хандлага ямар байна вэ?

-Дэлхий даяар бизнес­ийн зарчим, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажиллахад чиглэж байна. Тухайлбал, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэлт. ISO 26000 нь бизнес, байгууллагууд нийгмийн хариуцлагатай байдлаар хэрхэн ажиллах талаар удирдамж өгдөг. Энэ нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулдаг ёс зүйтэй, ил тод байдлаар ажиллах гэсэн үг юм. Тэдний явуулж буй үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинтойгоо харьцах харьцаа нь тэдний үр дүнтэй үйл ажиллагаагаа явуулахад чухал хүчин зүйл болдог. Энэ нь тэдний ерөнхий гүйцэтгэлийн хэмжүүр болгон улам бүр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, бизнес, байгууллагууд тодорхой төсөл хөтөлбөрүүдэд мөнгөн болон бусад төрлийн хандив туслалцаа үзүүлэх зэргээр нийгмийн хариуцлагыг хязгаарлаж ойлгодог. Тухайн бизнес, үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй, хуулийн хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, хүний эрхийг дээдэлсэн гээд үйл ажиллагаа нь зөв зохистой байх гэх зэргээр нийгмийн хариуцлагыг үнэлж байна. Тухайлбал, Unilever компанийн Dove бренд нь зар сурталчилгаандаа “Body Positivity” аяныг өрнүүлж эхэлсэн. Эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний сурталчилгаанаас шалтгаалаад өсвөр насны охидын 10-аас найм нь өөртөө итгэлгүй буюу сэтгэл хангалуун бус гэсэн судалгаа гарсан. Бүтээгдэхүүний зар сурталчилгаа өөрөө хэрэглэгчийг сэтгэл ханамжгүй болгож, илүү сөрөг нөлөөг компанид үзүүлж байна гэж үзсэн.  Иймд бид ISO 26000-г нэвтрүүлэх нь бизнес болон байгууллагуудын шинэ шатанд хөгжих шалгуур болсон.

-Манай улсын хувьд нийгмийн хариуцлага гэдгийг арай өөрөөр ойлгоод байдаг шүү дээ?

-Тийм ээ. Тухайлбал, Хүүхдэд ээлтэй компани байна гэдэг нь хүүхдийн баяраар чихэр тараана гэсэн үг огт биш. Харин тухайн бизнесийн шат дамжлага, үйл явц бүр хариуцлагатай, хүний ээлтэй  байхыг өнөөгийн зах зээл шаардаж байна. Дэлхий даяар бизнесийн зорилтуудыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн стратеги бизнесийн төвд тогтвортой байдлыг хангах хэрэгсэл, мэдлэгийг санал болгодог. Тогтвортой байдал нь бизнесийн үндсэн стратегийн үр дүн гэдгийг баталгаажуулахын тулд аль түвшинд явж байгаагаас хамааран компаниуд чиглэлээ тохируулах буюу өөрчилдөг.