ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Утаа, агаар, орчны бохирдлыг хүчтэй хөндөж, эрчимтэй бууруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотноо хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцогч зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар “Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалт” хоёр жил тутам тогтмол зохион байгуулагдаж, экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах, ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж, хэрэгжүүлдэг нь энэ чуулганы ач холбогдлыг харуулж байна.

гурав дахь удаагийн чуулга уулзалтаар “Нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хотын хөгжил агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах нь” сэдвийг онцлон авч хэлэлцэж байгаа нь утаа, агаар, орчны бохирдлыг хүчтэй хөндөж, эрчимтэй бууруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа Монгол улсын тухайд ч эмзэг, тулгамдсан асуудал юм. Нэгхэн тоон үзүүлэлт хэлэхэд Улаанбаатар хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, хувьслын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч, бүс нутгаараа ийнхүү чуулж байгаа нь олон улсын түвшинд үлгэр болохуйц юм.

Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал та бүхэнд ч ижил бий. Өөрөөр хэлбэл “Ногоон хот руу тэмүүлж, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот” болох зорилго биднийг нэгтгэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг бол дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, томоохон эдийн засагтай гүрнүүд оршдог бүс нутаг билээ. Гэвч манай бүс нутаг нийт хүлэмжийн хийн 30 орчим хувийг ялгаруулдаг гэсэн судалгаа байна” гэжээ.