ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Сайнзориг: Гүтгэх заалтаар эрүүгийн хариуцлага хүлээх асуудал ярина, хорих ялыг урьтал болгохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-31

-1-3, 3-6  сар зорчих эрхийг нь хасах ялтай байхаар хуулийн төсөлд тусгасан-


УИХ-аас 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг баталсан билээ. Хуульд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад ор­шино. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг сан­хүү­­жүү­­лэх­­гүй гэсэн дөр­вөн зүйл заалт бүхий хуультай. Тэг­вэл 21 жилийн дараа Хэв­лэл мэдээллийн эрх чөлөө­ний тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахаар ажлын хэ­сэг гарчихсан ажиллаж бай­гаа юм. Ингээд  хэрхэн өөр­чилж, шинэчлэх гэж байгаа талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайн­зоригтой ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн  эрх чөлөөний тухай хуулийг 21 жилийн дараа шинэчлэх гэж байна. Хуулийн шинэчлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сэтгүүлчдэд хэр ээлтэй байх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Монгол Улсын иргэдийн баталгаатай эдлэх эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан чухал ач холбогдолтой. Мэдээж тус хууль үүргээ гүйцэтгээд явж байгаа. Монгол Улсад тодорхой энэ чиглэлийн эрх чөлөөг баталгаажуулахад дорвитой хувь нэмэр оруулсан хууль гэж үздэг. Гэхдээ цаашид энэ хуулийг шинэчлэх, зохицуулалтыг нь улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна гэдгийг тал талын төлөөллүүд хэлдэг.

-Өмнө нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьдагч, үргэлж бүтэлгүйтэж байсан?

-Тийм ээ. Өмнө нь хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг хийхээр  УИХ-д тодорхой төслүүдийг өргөн барьж байсан. Гэвч хуулийн төслүүд хараахан батлагдаж чадаагүй. Энэ нь мэдээж янз янзын хүчин зүйлсээс хамааралтай.

-Хуулийн төслийн шинэчлэл­ийн гол зүйл нь юу вэ. Өмнөх хуулиа давсан хуулийн төсөл байж чадах уу. Хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн дээдэлсэн хууль вэ?

-Хуулийг шинэчлэх гол зүйлс нь мэргэжлийн сэтгүүл зүйг илүүтэй тодотгож өгч байгаа. Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг тусгаж өгнө. Мөн сэтгүүлчдэд буюу хувь хүнд хариуцлага хүлээлгэх бус бодлогод редакц хяналт тавьж байгаа. Тийм­ээс редакцад хариуцлага тооцож байх зарчмаар үйлчлэх байдлаар тусгасан. Мөн сэтгүүлчийн мэдээ­лэл авах эрхийг баталгаажуулах асуудлыг ярих ёстой. Үүний цаана хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн хараат бус байдал гэх зэргээр шинэчилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэдтэйгээ редакц яаж ажиллах юм бэ. Ерөнхий суурь зарчим нь ямар байх ёстой вэ гэдгийг тодотгох ёстой юм.Сэтгүүлч мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргаж байгаа тохиолдолд хаана хандах ёстой юм бэ. Шууд хууль цагдаа, шүүхийн байгууллагаар явах уу. Өөрийн зохицуулалтын байгууллагадаа хандаад, шийдээд явах уу. Хэдийгээр сэтгүүлчдийн сайн дурын үүсгэн байгуулагч санаачлагын дагуу ийм зүйл явж байгаа боловч хуулийн тодорхой дэмжлэг хэрэгтэй гэж салбарынхан байр сууриа илэрхийлж байна. Цаашид энэ талаар олон улсын чиг хандлагаа судлаад, сэтгүүлчдийн ёсзүйн асуудал буюу  иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийддэг байгууллагуудын стандартыг хуульчлах уу. Ямар чиг үүрэгтэй байгууллага юм бэ. Хэрхэн санхүүжих юм бэ. Хаана, хаанахын төлөөлөл байх юм бэ. Эздээс гадна иргэдийн төлөөлөл байх ёстой гэсэн чиг хандлага байна. Энэ бүхнийг хэрхэх ёстой вэ гэж хуулийн хүрээнд авч үзэж байна. Өөрөөр хэлбэл, сайтар судалж байна.

-Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздээ ил тод байлгах, зарлах асуудлыг ярьж байгаа юм байна. Яагаад ийм зүйл заалтыг нэмж өгч байгаа юм бэ?

-Хуулийг боловсруулахдаа олон улсын зөвлөмжүүдийг харсан. Хил хязгааргүй сэтгүүлчдийн олон улсын байгууллагаас Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг энэ онд 70 дугаар байрт үнэлсэн байна. Ингэж үнэлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагын улс төр, эдийн засгийн нөлөөллийн  хамааралтай байдал болон эздийн мэдээлэл ил тод биш. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төвлөрлийн асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй байна гэдгийг зөвлөмждөө тусгаж өгсөн. Хэдийгээр Улсын бүртгэлийн тухай хууль батлагдаад хэвлэл мэдээллийн эзэд нээлттэй болсон. Монгол Улсад бүртгэлтэй байгаа 190 мянган  хуулийн этгээдийн мэдээлэл нээлттэй байна. Ганц хаалттай мэдээлэл нь тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувийн эзэмшлийн тухай байхгүй байгаа. Үүнийг нээлттэй болгох нь  зүй ёсны асуудал  гэж харж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж байгаа хүмүүсийн мэдээллийг нээлттэй байлгах үүргийг хуульд оруулах асуудал хөндөгдсөн.

-Мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгийг юугаар нь ялгаж өгөх юм бэ. Нэг хүнд 10 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн байгууллага гэдгийн үндсэн хэв шинж нь редакцтай байх гэдэг олон улсын чиг хандлага байна. Өнөөдөр Германы хэвлэл мэдээллийн зөвлөлийн орлогч дарга  мэргэжлийн байгууллага редакцтай байдаг. Редакц нь тодорхой бодлого гаргаж, үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлд бид анхаарах ёстой. Редакц редакцынхаа бэлтгэсэн мэдээ мэдээлэл, контентыг хуулах асуудал хөндөгдөж байна. Редакц сэтгүүлчдэдээ ёс зүйн дүрмийг мөрдүүлж ажиллуулах асуудлыг Монгол Улс анхаараарай гэдгийг хэлж байна лээ. Тиймээс энэ чиглэлд хуулийн төслийг анхаарч, боловсруулах ёстой гэж харж байгаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёсзүйн асуудлаа дотооддоо шийдэх боломжгүй юу. Заавал хуульчлах шаардлагатай юу?

-Энэ салбар дахь мэргэжлийн ёс зүйн асуудлаа шийдэх өөрөө удирдах зохицуулах байгууллага асуудлаа шийдэх ёстой. Энэ салбарт хэд хэдэн хуулийн зохицуулалтууд үйлчилж байгаа. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиас гадна Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг уялдаатай гаргах асуудлыг ярих ёстой. Хэт зохицуулалтад оруулахаас гадна хэвлэл мэдээллийн салбар нь өөрийгөө зохицуулах, зах зээлийн зарчмаар хөгжиж дэвших, харилцаанд орох асуудлыг илүүтэй ярих шаардлагатай.

-Шинэ хууль хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэт цензурдэх, хараат бус байдлыг алдагдуулахад чиглэж байгаа юм биш үү?

-Хуулийн төсөл дөнгөж боловсруулагдаад явж байгаа. Ямар, ямар асуудлыг тусгах вэ гэдэг асуултад олон нийтийн санаа бодлыг тусгаж байна. Таны тавьсан асуулт өрөөсгөл гэж хэлмээр байна. Хэвлэл  мэдээллийн байгууллагын хараат бус байдлын баталгаанаас гадна редакцын хараат бус байдал гэдгийг авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, редакц үүсгэн байгуулагч нартайгаа хэрхэн уялдаа, холбоотой ажиллах вэ. Гэрээ байгуулахдаа редакцын хараат бус байдлыг баталгаажуулсан байх шаардлагатай. Сэтгүүлчийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг хувьцаа эзэмшигч хэрхэн хангах вэ гэдэг суурь зарчмыг тусгах ёстой.

-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрх гэсэн бүлэг болгон оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь сэтгүүлчийн болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн амин сүнсийг таслах заалт биш үү. Эх сурвалжаа задлаад, нэрлээд байвал хэн сэтгүүлчдэд, хэвлэл мэдээлэлд итгэх вэ?

-Туйлын эрх биш. Үүний цаана иргэдийн мэдээлэл авах эрх зэрэг тодорхой нөхцөл байдал байгаа. Бусад улс болоод олон улсын чиг хандлага тодорхой нөхцөлүүд үүсвэл эх сурвалжаа нууцлах задлах ёстой гэдэг. Энэ бол зөвхөн шүүхийн шийдвэрээр явах үйл ажиллагаа. Бид хэд урьдчилсан байдлаар тухайн мэдээллийг өөр арга замаар олж авах бололцоогүй, энэ мэдээлэл тодорхой гэмт хэрэг зөрчлийг зайлшгүй шаардлагатай байвал сэтгүүлч шүүхийн шийдвэрээр эх сурвалжаа ил тод болгох юм. Сэтгүүлч эх сурвалжаа өөрийнх нь зөвшөөрлөөр ил болгож болно. Хэрэв ил болговол хууль хүчний байгууллагад хандах, эх сурвалжаа хамгаалах, гэрч хохирогчийн хуулиар хамгаалуулах зэрэг уялдааг ярих ёстой.

-Энэ заалт чинь эргээд сэтгүүлч болоод хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн гэж ойлгож байна?

-Үүнд туйлын эрх байхгүй гэж хэллээ шүү дээ. Олон улсын чиг хандлага буюу шүүхийн шийдвэрээр ил болгодог зохицуулалттай. Энэ талаар илүү сайтар ярилцах ёстой. Дөнгөж хэлэлцүүлгийн шатанд байгаа асуудал.

-Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэн ямар өөрчлөлт байгаа юм бэ?

-Аюулгүй  байдал гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нарын хүлээх ёстой үүрэг. Үүнийг гэрээгээр зохицуулах зүйл. Харин сэтгүүлч гэмт хэргийн хохирогч болбол хуулийн хяналтын байгууллага нь шалгаад явж болно. Гэрч хохирогчийн хамгаалах хуулиар хамгаалуулж болно. Ерөнхий ажиллах нөхцөлийг хэвлэл мэдээллийн байгууллага хариуцна. Үүнийг хуульчлах ёстой юу гэдгийг ярьж байгаа. Олон улсын туршлагыг бас судалж байна.

-Сэтгүүлчдийн хамгийн их харамсаж байгаа зүйл нь гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд буцааж оруулсан  асуудал. Энэ заалтыг буцааж оруулж байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа  алхам гэж харж байна?

-2015 онд Эрүүгийн хуулиас гүтгэх үйлдлийг Зөрчлийн хуульд тусгасан. Тухайн үед энэ нь нэлээд хэл ам дагуулсан. Одоо хэр нь шүүмжлэл дагуулсан хэвээр. Цагдаагийн  байгууллагын нийгмийн хэв журмыг хамгаалах байцаагч нар торгоод байна. Тодорхой ажиллагаанууд явахгүй, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр шийтгэлүүд гаргачхаад байна гэсэн шүүмжлэл байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний нэр төрийг хуулиар хамгаалах асуудал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах ёстой. Зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Бид Монгол Улсын 3.2 сая хүнд хамаатай зүйлийг ярьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана техник, технологийн хөгжлийн явцад нэр усаар нуух байдлаар онлайнд иргэд бусдыг доромжлох, гүтгэх асуудал түгээмэл байна. Энэ асуудлыг иргэний журмаар хандаад яв гээд хаяхаар нэр хаягаа нуусан хүний цаана хэн байгааг жирийн иргэн өөрөө олж тогтоох бололцоогүй. Хууль хяналтын байгууллагад хандаж байж, тодорхой ажлууд явуулж байж хэн байгааг тогтооно. Дараа нь нэр төрөө сэргээлгэх, өөрт учирсан гэм хороо арилгуулах асуудал ярина.

-Гүтгэх заалт нь Зөрчлийн тухай хуульдаа байх нь зөв гэж сэтгүүлчид харж байгаа?

-Үүнийг Эрүүгийн хуульд оруулахдаа олон нийтэд үйл ажиллагаа нь ил тод байх ёстой. Улс төрч болон нөлөө бүхий этгээдийг хардаж, сэрдэж мэдээлсэн нь гүтгэх үйлдэлд хамаагүй. Төрийн байгууллага гүтгэх гэмт хэргийн хохирогч болохгүй гэдгийг зааж өгсөн. Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан. Хууль зүйн байнгын хороонд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг эцэслэн шийднэ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод онлайнд хүний нэрийг гүтгэх гэдэг нь ялгаатай шүү дээ. Үүнийг ялгаж өгсөн үү?

-Ялгаж өгсөн. Энэ талаар янз янзын байдлаар тайлбар гарч байна. Үүнийг эцэслэн шийдээд УИХ-д өргөн барина.

-Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд эргүүлэн авчирсан нь яллана гэсэн үг биз дээ?

-Эрүүгийн хариуцлага хүлээх асуудал ярина. Гэхдээ хорих ялыг урьтал болгохгүй. Тухайлбал, 1-3, 3-6  сар зорчих эрхийг нь хасах ялтай байхаар хуулийн төсөлд тусгагдсан.

-Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна гэж ойлгож болох уу?

-Гүтгэх гэдэг нь дан ганц сэтгүүлчдэд хамаатай үйлдэл биш. Үүнийг битгий сэтгүүлчдэд хамаатай мэтээр ойлгооч ээ. 2017 онд Зөрчлийн хуулиар 17 гүтгэх зөрчлийг Цагдаагийн байгууллага шийдвэрлэсэн байдаг. Үүний дөрөв нь сэтгүүлчдэдтэй холбоотой. Бусад нь иргэд иргэдээ гүтгэсэн зөрчлүүд байна. Тиймээс хуулийн зохицуулалт, хариуцлагын асуудлыг ярих ёстой юм.

-Иргэд гэдгийг нь Эрүүгийн хуульд оруулаад, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг Зөрчлийн хуульд үлдээж болохгүй юу?

-Зөвхөн хуулийн хэлэлцүүлэг явж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй.