ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Занданшатар: Төсвийн орлогыг тасалдуулахгүйгээр АМНАТ-ийн тухай заалтыг өөрчилнө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-04

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрсэн асуудалд холбогдоод байна. Энэ талаар танд албан ёсны тайлбар, мэдээлэл ирсэн үү?

-Энэ талаар би ҮХЦ-ээс тодруулсан. Хэрэв Цэцийн дарга Д.Одбаяр ёсзүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр бол Д.Одбаяр ийм асуудал гаргаагүй гэж байгаа. Ард нь сууж явсан иргэн онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд саатуулагдсан гэх мэдээллийг ирүүлсэн. Суудлын дугаар андуурсан асуудлаас болж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг саатуулж, нислэгээс хоцроох ёсгүй гэж нэр бүхий хүмүүс өмгөөлснөөс үүдэн үл ойлголцол гарч, ташаа мэдээлэл тарсан гэж байна. Энэ талаар ҮХЦ албан ёсны мэдээлэл гаргасан. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ч мөн өөрөө мэдээлэл хийлээ. Гэхдээ үүнийг сайтар нягталж байж, хуулийн дагуу шийдвэрлэнэ. Шаардлагатай бол холбогдох арга хэмжээг авна. 

-Та Солонгосын Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан уу. ҮХЦ бол мэдээж өөрсдийгөө хамгаалсан тайлбар өгөх байх?

-Энэ талаар Солонгост байгаа Элчин сайдын яам, холбогдох бусад байгууллагуудаас мэдээлэл, тодруулга авах үүрэг өгсөн. Тодорхой мэдээлэл гарахаар холбогдох байгууллагууд албан ёсоор мэдээлэх болов уу. 

-Солонгосын албан ёсны мэдээллийн томоохон сайтуудаар энэ талаар мэдээлсэн. Албан тушаалтнууд хар тамхи тэргүүтэй хэрэгтхолбогдож, Монгол Улсын нэр хүндийг унагаж байна. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг хэзээ ярих вэ?

-Үнэхээр буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагаар биш холбогдох хууль шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. Ёсзүйн асуудлын хүрээнд Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль боловсруулаад бэлэн болгосон. Төрийн албаны сахилга хариуцлагыг хуульчилсан ганц орон бол Япон. Тийм учраас төрийн өндөр албан тушаалтнууд нь асуудалд орооцолдвол уучлалт гуйдаг, хариуцлагаа хүлээдэг. Төрийн албаны сахилга хариуцлагын хуулийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа боловсруулж, одоо өргөн барихад бэлэн болоод байна. Үүгээр сахилга хариуцлага шинэ шатанд хүрнэ гэж найдаж байгаа. Сахилга хариуцлагын асуудал зөвхөн төрийн алба гэлтгүй бүх салбарт асуудал болоод буй.

-АМНАТ-тэй холбоотойгоор Цэц шийдвэр гаргалаа. Үүнээс үүдэн 2020 оны төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасалдах нь гэж Сангийн сайд мэдэгдээд буй. УИХ нь Цэц дээр баталсан хуулиа хамгаалж чадаагүйгээс ийм асуудал үүслээ гэх шүүмжлэл байна?

-АМНАТ-ийн асуудлаар Цэцийн тогтоол гарсан. Их суудлын хуралдааны тогтоол бол эцсийн шийдвэр байдаг. Тиймээс энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахын тулд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулиар Цэцийн тогтоол гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрахгүйгээр журмын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 47.1-ийг засаж, давхардуулсан гэх асуудал үүсгээд байгаа заалтыг өөрчлөхөөр ажлыг хэсэг ажиллаж байна. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ. Тэгэхээр төсвийн орлого тасрах, татвар завших асуудал үүсэхгүйгээр зохицуулах боломж бий. Хуулийн гарц гаргалгааг хийхээр Сангийн яам болон хуульчдын баг ажиллаж байгаа. Тиймээс АМНАТ-өөс татвар завших, төлөхгүй өнгөрөх асуудал үүсэхгүй.

-Үнэхээр татварын давхардал байсан юм уу. Нүүрс л гэхэд тээвэрлэсэн, угаасан гэх мэт үйлдэл бүрт татвар төлсөөр нийт 15 хувийн татвар ногдуулж байна гэж байгаа?

-Цэцийн тогтоолыг УИХ-ын даргын хувьд үгүйсгэх боломжгүй байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д давхардуулахгүй гэж заасан. Тэгэхээр журмаар зохицуулах бололцоотой гэж үзэж байгаа. 47.1-д нь зөвхөн ашигт малтмалын лиценз эзэмшигч АМНАТ төлдөг байсныг ачуулсан, боловсруулсан тохиолдол бүрт болгосон. Үүнийг хоёр салаа утгаар тайлбарлаад зөрчил үүсгээд байгаа юм. Үүнийгээ журмаар тайлбарласныг захиргааны хэм хэмжээ тогтоох тухай актад бүртгүүлээгүй гэх шалтаг, шалтгаанаар Цэцийн дүгнэлт гарсан байна гэж харж байгаа. 

-Сангийн сайд Цэцийн тогтоолоос болоод төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нь гэж байгаа. Харин УУХҮ-ийн сайд өөр байх суурь илэрхийлээд байна. Энэ хоёр яамны байр суурь зөрүүтэй учраас УИХ баталсан хуулиа хамгаалж чадаагүй юм болов уу?

-Хоёр яамны хооронд энэ асуудлаар санал бодлын зөрөлдөөн байхыг үгүйсгэхгүй. Гол нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрахгүйгээр хуулийн өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг шийдэхээр төлөвлөж байгаа. АМНАТ огт төлөгдөхгүй болвол 1.3 их наяд төгрөгийн төсвийн орлого тасалдах эрсдэл үүснэ. Гэхдээ энэ нь Цэцийн тогтоолыг огт хүлээж авахгүй гэсэн үг биш. Давхардуулж байгаа хуулийн санал зөрөлдөөн байгаа бол түүнийгээ засаж залруулаад маргаангүй болго гэсэн үг. 

-Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн импортолж авдаг Хятадын зарим нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар энэ хуулийг оруулж ирж, баталсан гэх шүүмжлэл байна. Үнэхээр энэ хуульд гадны нөлөө байсан уу?

-Хуулийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах эрхтэй. Ашигт малтмалыг ашигласан л бол төлбөрөө төлөх ёстой. Журмаар зохицуулах боломжтой зүйлийг хоёр өөрөөр тайлбарлаад зөрөлдөөн үүсгээд байна гэж хуульчдын баг дүгнэсэн. Ирэх долоо хоногт багтаан энэ асуудлыг холбогдох байнгын хороодод хүргүүлж, шийдвэрлэнэ. 

-Саарал жагсаалиад орсон шалтгааныг юу гэж харж байгаа вэ? 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийн нууц хөрөнгө ил болсон асуудал л үүний шалтгаан. 35 их наяд төгрөг гэдэг бол манай улсын ДНБ-ээс бараг хоёр дахин их мөнгө. Энэ мөнгө далд байсан. Түүнээс гадна батлагдаагүй олон асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа учраас гадаад байдал дахь Монгол Улсын нэр хүнд унаж байгаа. Энэ бол бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал болсон гэдгийг харуулж байгаа юм. 

-Хятад улсын 800 орчим иргэн манай улсад хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдлоо. Энэ талаар ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Энэ бол мөнгө угаахтай холбоотой асуудал. Олон улсын хооронд онлайн мөнгөн гүйлгээ хийсэн байж болзошгүй асуудлыг таслан зогсоох зорилгоор үүнийг чангатгасан нь хэрэг илрүүлэхэд том түлхэц болсон болов уу. Тусгай албад маш сайн ажилласан. Хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд бол хилээр 1000 компьютер, 10 мянган гар утас илрүүлж чадалгүй нэвтрүүлсэн хүмүүс. Олон улсын харилцаандаа онцгой анхаарч, ажиллах ёстой гэдгийг саарал жагсаалт болон бусад асуудлууд харуулсаар байна.