ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

UPI: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нислэгийн үеэр согтуу байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-05

Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд нэр холбогдоод буй ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын тухай “UPI.com” сайт мэдээлэхдээ түүнийг нислэгийн үеэр согтуу байсан гэжээ. Тус мэдээлэлд “Монголын төрийн өндөр албан тушаал­тан өөрийн туслахын хамт Улаан­баатараас Инчон хүрэх нислэгийн үеэр онгоц­ны үйлчлэгч бүсгүйд бэл­гийн дарамт үзүүлж, ул­маар газардах үедээ нисэх онгоц­ны буудлын цагдаа нарт саатуулагджээ. Солонгосын “KBS” телевиз Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, хэн болох нь одоогоор тодорхойгүй хамтрагчийн хамт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулсан тухай мэдээлсэн.

Хэрэг гарах үед Д.Одбаяр согтуу байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явсан үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрсэн байна. Мөн түүнтэй хамт явж байсан 40 гаруй насны эрэгтэй ч өөр нэгэн үйлчлэгчийн мөрөн дээгүүр нь гараа тавьж, зохисгүй аашилжээ. “KE868” нислэгийн дугаартай онгоц Улаанбаатараас 20:00 цагт хөөрч, Инчоны онгоцны буудалд газардмагц тэднийг саатуулсан аж.

Улмаар компани болон Д.Одбаярыг байцаасныхаа дараа дипломат эрх, халдашгүй байдлынх нь дагуу сулласан аж. Гэвч, БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас түүнийг ямар ч халдашгүй дархан эрхгүй гэдгийг мэдээлжээ. Инчоны нисэх буудлын цагдаа нар ч Д.Одбаяр тэдэнд дипломат паспорт үзүүлж, халдашгүй эрхтэй гэж хэлснийг зарласан бол Сөүлийн Гадаад хэргийн сайд “Зөвхөн төрийн тэргүүн болон Гадаад хэргийн сайд нар л халдашгүй эрхтэй.

Энэ эрх Д.Одбаярт хамаарахгүй” гэж хэлжээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа Зүүн өмнөд Азийг зорьсон бөгөөд буцаж ирэхдээ мөрдөн байцаагч нартай хамтарч, шалгуулна гэдгээ мэдэгдсэнийг Монголын албаныхан мэдэгдлээ” гэжээ. Харин Солонгосын хэвлэлд “Инчоны бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /11.04/ хохирогч хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэг­тэй тухайн үед маш муухай байдалд орж, айж сан­дар­сан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийт­гэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Инчо­ны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөх­гүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг прокурорт шил­жүүл­нэ гэж мэдэгдсэн” хэмээн дамжуулж байгаа юм. 

1.5 тэрбумыг хожсон “Монгол адуучин” хурдан хүлгийг унтууллаа

“Монгол адуучин” нэртэй дөрвөн настай ажнай арваннэгдүгээр сарын 2-нд болсон  “Breeders Cup-2019”-ийн сонгомол ангилалд оролцсон бөгөөд гараанаас гарсан цагаасаа толгой хэсэгт хурдалж байсан ч, барианд орохоос тун холгүй зүүн хойд хөлдөө маш хүнд бэртэл авч, уралдаанаас харамсалтайгаар гарсан. Зур­гаан сая ам.долларын шаг­налын сантай тус урал­даанд “Монгол адуучин” хүлгийг Абел Седилло унаж уралдсан ч, эцсийн мөчид амыг нь татжээ.

Морийг талбайгаас ачааны машинд ачиж, гаргасан бөгөөд мал эмнэлгийн эрдэмтдийн баг үзлэг хийж, зөвлөгөөн хийж, өвдөлт гэмтлээс болж тарчилгахгүйн тулд унтуулах шийдвэр гаргасан байна.  Энэ явдлын дараа уралдааны албан ёсны мэдэгдэлд “Морин уралдааны нийгэмлэг маш том хохирол амслаа. Бидний хувьд морь болон унаачдын аюулгүй байдал нэн тэргүүний асуудал” хэмээн дурдсан байжээ.

Гэхдээ “Санта Анита” морин тойруулгад болсон томоохон уралдааны үеэр хурдан ажнай үхсэн тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш эл тойруулгад 36 хурдан хүлэг гэмтэн, эцсийн мөчид унтуулжээ. Харин “Монгол адуучин” 37 дахь нь юм. Өмнө нь  энэ жилийн уралдааныг цуцалж, өөр газар зохиохыг хэдэн хэдэн морины эзэд нэг бус удаа шаардаж байсан нь “Mongolian Groom”-д золгүй явдал тохиосны дараа тодорхой болж, морин уралдааны ертөнцөд томоохон шуугиан дагууллаа. Монгол адуучин хүлэг 17 удаа гараанд гарснаас гуравт нь түрүүлж, 579141 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөг хожиж байсан юм” гэжээ.