ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Би ахынхаа ажилд оролцдоггүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-05

Манай улсад байрлаж мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 орчим иргэнийг өнгөрөгч долоо хоногт албадан гаргасан билээ. Тэгвэл тэдгээр иргэдийн дийлэнх нь буюу 528 нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулууны зөвшөөрлөөр буюу Хөх хотоос виз авсан тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа. 

-Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 орчим иргэдийн 528 нь Хөх хотоос виз авсан гэх мэдээлэл байна. Хөх хотын визийг танай ах Ж.Баатарчулуун хариуцаж байгаа. Энэ асуудалд танай ах тодорхой хэмжээнд буруутай гэдэгт санал нийлэх үү?

-Энд би нэг л зүйлийг маш тодорхой хэлье. Монгол Улсад хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол таны ах дүү ч бай, миний ах ч бай хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах нь зүйтэй. Энэ байр сууриа албан ёсоор хэлж байна. Монгол Улс жилд сая жуулчин оруулж ирэх төрийн бодлоготой. Орж ирсэн жуулчид гэмт хэрэг үйлдсэн бол тэднийг хөөж явуулах эрх, үүрэг нь Гадаадын иргэн харьяатын газар болон цагдаагийн байгууллагад бий. Аялал жуулчлалын бодлого, орж ирж байгаа жуулчдад хууль дүрэм сахиж, мөрдөж байгаа эсэхэд төр онцгой анхаарал хандуулах ёстой. 

-Та ахтайгаа энэ асуудлаар холбогдож тодруулсан зүйл бий юу?

-Би дээрээ 10 ахтай. Ах дүү нарын хооронд тусдаа зүйл гэж бий. Миний ажлыг ах минь заахгүйтэй адил би ч бас ахынхаа ажилд оролцдоггүй. Ах дүүгийн харилцаа, албаны ажил тус тусдаа байсан нь дээр. “Ураг садангийн хол нь ус түлээний ойр нь дээр” гэдэг. Ж.Батзандангаас Ж.Батзандантай хол­боотой асуудлыг л асуу. 

-Ажил төрөл тусдаа байх ёстой гэж байна. Гэтэл та Хөх хотод сууж байсан Д.Мөнх-Эрдэнэ консулаас ахыгаа дэмжихийг гуйж байсан гэсэн шүү дээ. Энэ нь албаны ажилд нь нөлөөлдгийг харуулж байгаа юм биш үү?

-Би зөвхөн өөрийнхөө ах дүү нарыг биш олон хүнийг дэмжихийг хүсдэг. Ядарсан жирийн иргэдийг нутаг ус, яс үндсээс үл хамааран дэмжээч, туслаач гэж УИХ-ын гишүүний хувьд байнга хүснэ. Ах, дүүг минь дэмжээрэй гэх нь хүн ёсны асуудал биз дээ. Өвчтэй ахыгаа, хагалгаанд орох гэж байгаа ээжийг минь дэмжээч, туслаач гэх нь аль ч улсын консул, Элчин сайдын яам руу ханддаг хүн ёсны хүсэлт, өргөдөл  гэж ойлго. 

-Олон тооны хятад иргэд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан асуудалд виз олгосон эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээх ёстой юу?

-Монгол Улсын бүх визийг Гадаад харилцааны яам хянаж олгодог. Орж ирсэн жуулчид барилга болон хөдөө аж ахуйн салбарт хууль бус хөдөлмөр эрхэлж байгаа, энэ хятад иргэдийн асуудал, хууль бус хөдөлмөр эрхэлж байгаа солонгосчуудын асуудал гээд олон асуудал байна. Түүнээс гадна гадаадад амьдарч байгаа 300 мянган монгол иргэн бий. Тэдний дунд ч амьдарч байгаа улсдаа хууль бус буюу хараар хөдөлмөр эрхэлж байгаа хүн олон.  Тэгэхээр жуулчны визээр орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд Монгол Улс хуулийнхаа дагуу хариуцлага тооцоод явах нь зүйтэй. 

-Монгол Улсад нэг улсаас ирэх жуулчдын тоонд хязгаар тавьдаг юм болов уу?

-Монгол Улс жилд сая жуулчин авна гэсэн хязгаар бий. Харамсалтай нь энэ жилийн байдлаар 500 орчим мянган жуулчин орж ирсэн гэх мэдээлэл байна. 

-Та өмнө нь ахыгаа дэмжээрэй гэж хэлээгүй гэж байсан. Харин өнөөдөр ингэж хүсэх нь хүн ёсны асуудал гэж байна. Тэгэхээр таны ах Хөх хотын консулын газарт өндөр албан тушаалд очиход нөлөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо?

-Хэрвээ би хууль бус зүйл хийсэн бол АТГ-т өгөөд шалгуулаач гэж хүсье. Ж.Батзандан хулгай хийж, худал ярьсан бол, авлига авч, гадныхнаас ашиг харсан бол АТГ болон прокурорт өгч шалгуулж тус болооч гэж хичээнгүйлэн хүсье.