ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

К.Елена: СЭМҮТ-ийн ядаргааны тасаг хоёр сарын очертой байна гэдэг нь бүх зүйлийг илтгэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-07

Сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй ажлын байрыг бий болгох талаар анх 1950 оноос ДЭМБ хөндөж эхэлжээ. Манай улсын эмч, мэргэжилтнүүд ч энэ асуудлыг сүүлийн жилүүдэд ярих болсон. Тэгвэл энэ талаар СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн К.Еленатай ярилцлаа. 

-Ажлын байр яагаад сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй орчин байх ёстой вэ. Албан байгууллагад төдийлөн хөнддөггүй сэдэв шүү дээ?

-Хүн ажлын байрандаа амьдралынхаа гуравны нэгийг өнгөрүүлдэг гэдэг. Энэ хугацаанд ажлын байрандаа  сэтгэлзүйн хувьд ямар байдалтай байгаа вэ гэдэг нь маш чухал. Хэрвээ амьдралынхаа гуравны нэгийг үргэлж стресстэй орчинд өнгөрүүлдэг бол сэтгэц болон  биеийн эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлж эхэлдэг. Мөн хамгийн муу үр дагавартай зүйл нь юу вэ гэвэл, ажил  дээр үүссэн ачаалал,  стрессийг гэр бүлийнхэндээ гаргадаг л даа. Гэр бүлдээ гаргахаас гадна, тайван унтаж чаддаггүй, хүүхэддээ уурладаг,  ханьдаа тодорхой хэмжээний халамж үзүүлж чаддаггүй гэх мэт гэр бүлийн таагүй уур амьсгал  бий болдог.  Ингэснээр гэр бүлийн  харилцаа хөндийрч эхэлнэ. Түүнээс гадна, төрийн болон  хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогчид ажлын ачааллыг тэнцвэржүүлэх менежментийг зөв  хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал бий. Тухайлбал,  төрийн байгууллагад гардаг зүйл гэвэл, нэг хэсэг нь ачаалал багатай тайван ажилладаг бол,  нөгөө нь сайн ажилладаг гэдэг нэртэй, илүү их ачаалал нэмэгдэх асуудал нийтлэг байгаа. Тэгэхээр хамгийн гол нь ажилтныхаа ур чадварыг мэдрэх, тухайн хүний темпераментийг судлах хэрэгтэй юм. 

-Тухайлбал хэрхэн судлах вэ?

-Сэхээний тасагт хэт удаан, флегаматик төрлийн хүнийг ажиллууллаа гэж бодъё.  Тэр хүн угаасаа шийдвэрээ удаан, нухацтай гаргах болно. Гэтэл сэхээний тасагт багийн түвшинд маш хурдан ажиллах хүн шаардлагатай. Тэгэхэд ийм орчинд шийдвэр маш хурдан гаргадаг  сангвиник төрлийн эсвэл холерик  төрлийн  хүн хэрэгтэй байдаг. Харин шийдвэрээ нухацтай удаан гаргадаг флегаматик төрлийн хүн судалгаа хийхэд хэрэгтэй. Тэр хүн хэрэгтэй мэдээллийг ухаж, нарийвчилдаг, учир шалтгааныг нь олдог гэх мэтчилэн. Ажлын байранд ачаалал үүссэнээс хүмүүс сүүлийн үед хэт их ядаргаанд орох, тайлбарлах боломжгүй зовиур гарах, сандрах эмгэгт өртөх гэх мэт өөрчлөлт гардаг болсон. Энэ нь бидний 2013 онд хийсэн судалгаанаас харагдсан л даа.

-Таны илтгэлд  дурдсанаар дэлхийд 10 хүн тутмын нэг нь ажлын байранд стресст өртдөг гэлээ.  Монголын нөхцөлд ямар байдаг вэ. Судалгаа гаргасан уу?

-Энэ талаарх жижиг судалгааг хийж байсан. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт 54 хувь нь ажлын байрандаа стресст өртдөг гэсэн судалгаа бий. Энэ нь судалгааны нэг талбар болж байгаа юм. Зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд улсын  хэмжээнд төрийн болон,  хувийн хэвшлийн байгууллагад олон мянган хүн ажил хийж байгаа шүү дээ. Үүнээс тодорхой төлөөллийг сонгож судалгаа хийвэл хэрэгтэй л байх. Эрүүл мэндийн салбарынхан стресстэх, цаашлаад  ажлаасаа халшрах хам шинжтэй ажилладаг гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл,  ажил яаж хийх,  ажилдаа дургүй болох, биеийн болоод сэтгэцийн зовиурууд гарсан гэсэн үг шүү дээ. 

-Монголчуудын стресст өртөх дийлэнхи шалтгаанд юу юу багтдаг вэ?

-Найман төрлийн шалтгаан бий. Амьдралын болон ажлын тэнцвэргүй байдалд байх, мөн тодорхой заавар аргачлалгүй ажилладаг.  Энэ ажлыг хийнэ гэж дааж авчихаад,  ямар аргаар, яаж хийхээ мэддэггүйгээс хямардаг. Мөн ажилтан, удирдлага хоёр хоорондоо эргэх холбоо  байдаггүй. Ямар нэгэн үүрэг даалгавар өгчихөөд, эргээд шалгахдаа зөв үү, буруу юу гэдгийг нь хардаг. Ингэхдээ буруутай талыг нь харж шүүмжилдэг.  Хүн стресст өртөх хамгийн эхний шинж тэмдэг нь  нойргүйдэл байдаг. Өөрөөр хэлбэл, нойргүй байх нь стресстүүлдэг,  эргээд стресстэй хүн нойргүйддэг гэж энгийнээр ойлгож болно. Мөн  ямар ч хүнд  үгийн урам хайрлах ёстой. Аливаа нэг хүнтэй харьцах харилцаа аль ч салбарт харагддаг. Тухайлбал, эмнэлгийн ёсзүйн  хэмжээнд хүнийг инээмсэглэж угтах, хэрхэн хүнтэй харьцах вэ гэх мэтээр заасан байдаг. Гэтэл 60 хүнийг нэг өдөрт үзээд сууж байгаа эмчид  инээмсэглэх цаг байх уу, үгүй юу гэдэг нь асуудал шүү дээ. Гэхдээ манай СЭМҮТ аль болох бие биедээ урмын үг хайрлах ёстой гэж үздэг дээ. 

-Ажлын байрны стресс тайлахдаа иргэд буруу арга хэрэглээд байх шиг санагддаг. Тухайлбал  архи, тамхи хэрэглэх гэх мэтчилэн дурдаж болно?

-Ажлын байрны стрессийг хүмүүс зөв тайлж чаддаггүй. Манайхан стрессийг тайлах хамгийн энгийн аргыг шоудах гэж ойлгодог. Энэ маш буруу хэвшил шүү дээ. Эргээд муу  зуршилд хүмүүсийг оруулна гэсэн үг. Өөрийгөө ч, бусдыг ч оруулна.  

-Монголчуудын хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй яв­саар байгаад өвдсөн хойно нь эмнэлгийн байгууллагад ханддаг буруу хэвшилтэй. Түүн шиг  сэтгэцийн эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг юм бол. Мэргэжлийн хүний хувьд та ямар үнэлгээ өгөх вэ?

-СЭМҮТ-ийн ядаргааны тасаг хоёр сарын очертой байна гэдэг нь бүх  зүйлийг илтгэнэ. Өвдсөний дараа л анхаарал хандуулж байна шүү дээ. Аливаа байгууллагад алжаал тайлах өрөөтэй, наад зах нь сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зарчмыг баримтлах хэрэгтэй. Алжаал тайлах өрөөтэй байхаас гадна, хүн бүр стресст өртсөн тохиолдолд ямар дасгал надад хэрэгтэй вэ гэдгийг олох хэрэгтэй. Хамгийн энгийн дасгал  л  гэхэд  амьсгалын болон булчин сулруулах дасгал шүү дээ. Энэ дасгалыг заавал тусгай өрөөнд гэхгүйгээр орондоо, ажлынхаа сандал дээр ч хийж болно.  Гэхдээ тэр талаарх мэдлэгийг иргэдэд олгох нь чухал байна. 

-Хаанаас мэдээ, мэдээллээр хангана гэсэн үг вэ. Жишээл­бэл, СЭМҮТ хүн бүрт нэгбүрч­лэн зааж өгөх боломжтой юу?

-СЭМҮТ улсын хэмжээнд энэ мэдлэгийг олгож чадахгүй. Бидний хүч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр  л  бидний ачаалал ихсээд, нөгөө л  ажлаас халшрах хам шинж гарч ирээд байгаа юм л даа /инээв/. Бидний ойлгосноор тодорхой зохицуулсан журам байх хэрэгтэй болов уу. Өрхийн эмнэлэг, дүүргийн  нэгдсэн эмнэлэг, аймгийн БОЭТ-үүд  үүнийг нэвтрүүлж болно шүү дээ. 

-Сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд байгууллага юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Хэн ч, ямар ч хүн байсан мэргэжилтнээ дарамтгүй ажил­луулах хэрэгтэй. Ингэхийн тулд тухайн байгууллагад маш сайн менежмент боловсруулсан байх шаардлагатай. Хэн, юуг хариуцаж байгаа эсэх, нөгөө талаас нэг хүнийг  хэт ачаалалтай ажиллуулахгүйн тулд ажлаа зөв хуваарилах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, Энэтхэг улсад  ресторанд хоол идээд сууж байхад эргэн тойронд бараг 5-6 хүн  өөрт  оноосон үүргээ хүлээгээд зогсдог. Нэг нь амны цаасаа өгч байхад нөгөө нь тавгаа солино,  халбага, сэрээ авчирна. Бусад нь хоолоо зөөнө,  тавгаа хураана гэх мэт. Гэтэл  манай улсад нэг л үйлчлэгч бүх зүйлийг  хийдэг.  Яах вэ, хүн ам нь цөөхөн л дөө. Тэгэхээр ажлын байрны  таатай орчныг бүрдүүлэх нь тийм амар биш ч, бүгдээрээ хичээвэл болно. 

-Ажилчдаа сэтгэц­ийн эрүүл мэнд­ийн үзлэгт хамруулах шаардлагатай талаар илтгэлдээ дурдсан. Эрүүл мэндийн  байгууллагаас бусад байгууллага ер нь хамруулдаг болов уу? 

-Урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ гэж дууддаг.  Нэг жишээ дурдъя.  Хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар олон хүн ирдэг. Гэтэл сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт дуудахад одоохондоо байхгүй л байна, үнэндээ. Зарим үед  байгууллагууд  манай эмнэл­гийн эмч, мэргэжилтнүүдээс урьж стрессийн хэмжээг тодорхойлуулах тохиолдол бий. Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагын  эмч,  мэргэжилтэн, ажилчид хамрагдах нь ихэссэн. Төрийн бус  байгууллага төдийлөн хамрагддаггүй. Стрессийн хэмжээг тодорхойлохдоо  асуумж бөглүүлж, ажлаас халшрах хам шинжтэй байна уу, үгүй юу гэдгийг гаргадаг. Адаглаад стресстэй ажиллавал ажлын үр бүтээл муу байна.  Ажлын цагтаа хийх ажлаа барахгүй болохоор, зарим нь шөнө ажлаа хийж нойргүйддэг. Нойргүй хоносон хүн маргааш  өдөр нь ямар хэмжээнд ажиллах вэ. Тайлагнасан  ажил нь чанарын хувьд ямар байх вэ. Тайван нөхцөлд хийвэл ямар байх вэ гэх мэтчилэн бодууштай асуудал их бий. 

-Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох утас энэ жилээс ажиллуулж эхэлжээ. Хэр үр дүнтэй байна. Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Анх энэ утсыг нээхэд Хууль зүй дотоод хэргийн яам бидэнд өрөө тохижуулж өгөөд, программ хангамжийг хариуцсан юм. Гэхдээ энэ  утсыг мансуурлаас сэргийлэх чиглэлээр нээсэн ч сэтгэцийн чиглэлээр бүх үйлчилгээг үзүүлж байгаа. Хэн ч энэ утсанд  хандаж болно. Энгийн тарифын үнээр 1800-2000 дугаарт холбогдоод стресстэй байгаа тухайгаа, булчин сулруулах дасгалаа яаж хийх вэ гэх мэтчилэн олон мэдээлэл авах боломжтой. 

-Зөвлөгөө өгөх үү?

-Зөвлөгөө,  мэдээлэл хоёр нь тусдаа ойлголт л доо. Манай мэргэжлийн онцлог учир  зөвлөгөө өгөхдөө заавал хүнээ үзэж байж өгдөг.  Харин стрессээс гарах тухай мэдээллийг  ямар ч хүнд  чөлөөтэй өгөх боломжтой.  Манай утас 24 цагаар ажилладаг тул хэзээ  ч залгаж болно.