ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

27 компаниас 200 тэрбум төгрөг олох төлөвлөгөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-19

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрөгч сарын 29-ний өдөр өргөн барьсан билээ.  Хувьчлалд нийт 27 компани нэрлэгдсэн бөгөөд 200 тэрбум төгрөгөөр арилжаалахаар төлөвлөсөн нь асуудал дагуулаад байгаа юм. Хэдийгээр төрийн өмчит компаниуд ашиг багатай, өөрийн хөрөнгө хангалтгүй байлаа ч гэсэн 200 тэрбум төгрөг гэдэг тийм ч хангалттай үнэлгээ биш. Хувьчлалыг Хөрөнгийн бир­жээр дамжуулж, олон нийтийн орол­цоог хангаж, борлуулна гэсэн боловч иргэдийн хувьд хангалттай мэдээлэлгүй байна. Түүнээс гадна хувьчлалд төрийн өмчийн томоохон долоон компани орсон боловч, эдийн засгийн бүлэглэл нь худалдаж авах боломж өндөр. Тухайлбал, “Төрийн банк”-ийг Г.Алтан хэдэн жилийн өмнө худалдаж авахаар санаархаж байсан бөгөөд 75 тэрбум төгрөгийг тэр өлхөн гаргана. “Хөрөнгийн биржийн” хувьд Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрөнд тооцохоор хэдэн хувь нь Монгол Улсад үлдэх эсэх нь тодорхойгүй. МИАТ-ийн хувьд жилийн 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад 38 тэрбум төгрөгөөр хувьчилна хэмээн оруулж ирсэн гэх мэтээр  араасаа олон хардлага дагуулж байна. Тэгэхээр энэ удаагийн хувьчлал олон нийтийг өмчжүүлэх үү эсвэл хөрөнгөтэй эдийн засгийн бүлэглэлээ дэмжих үү гэдгийг харуулах юм. Ингээд хувьчлалд орох 27 компанийн товч мэдээллийг хүргэж байна. 

“Төрийн банк” хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй 

 “Төрийн банк” ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг нь  Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөж байгаа юм. “Төрийн банк” нь Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2500 гаруй картаар үйлчлэх цэгээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр “Төрийн банк” нь хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байжээ. Өөрийн хөрөнгө нь 220 тэрбум төгрөг, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээр Монголбанкнаас тогтоосон шалгуурыг бүрэн хангаж, ажилласан гэсэн мэдээлэл байгаа юм. “Төрийн банк”-ийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар оруулж ирсэн.

70 тэрбумаар хувьчлах нь 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн. Тус компани нь Монгол Улсын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 70 орчим хувь буюу 21 аймаг 283 сум, суурин газрыг хамарсан 17421 км шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутаг нутагт 9446 холбооны худаг, 791684.5м урт бүхий сувагчлалтай.  Улаанбаатар хот, 21 аймаг, 373 сум суурин газарт байр цамхаг эзэмшиж мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагуудад үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Тус компани төрийн болон хувийн хэвшлийн 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг аж. Тэгвэл уг компанийг 70 тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байна. 

“Монгол шуудан” ХК-ийн 49 хувийг хувьчилна 

“Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах аж.  Тус компани нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 шуудангийн үйлчилгээний салбартай. Улс, хот хоорондын шууданг долоо хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд долоо хоногт 2-4 удаа,  сумаас 1200 гаруй багт долоо хоногт нэг удаа хүргэдэг байна. Дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг 38 оронтой солилцож байгаа аж. 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-аад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэдэг гэсэн мэдээлэл байгаа юм. 

ХАА-н бирж гурван жилийн дотор 1.85 их наяд төгрөг олжээ 

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар болсон юм. Монгол Улсын аймаг, сум бүрээс “онлайн” арилжаанд оролцож буй бараа, түүхий эд бэлтгэгч бүрийн оролцоог хангах зорилготой.  Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад ноолуур, хонины ноос, тэмээний ноос, бодын хөөвөр, завод ноос, ямааны завод ноос, тосны ургамал, хүнсний буудай зэрэг найман нэр төрлийн бараа, түүхий эд  багтсан байдаг. Тус бирж 2013 оноос 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 671 өдрийн арилжаа зохион байгуулж, арилжааны нийт дүн 1.85 их наяд төгрөг олжээ.

49 хувийг 20 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилна 

“МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаална. Төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байгаа. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 1956 оны зургадугаар сарын 01-нд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Бөхөг цагаан толгойгоос Ховд, Хөвсгөл, Дорнодын чиглэлд “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны нислэг хийж эхэлсэн байдаг.  Тус компани нь олон улсын агаарын тээврийн байгууллагын /IATA/ “IOSA” болон “ISAGO” аюулгүй ажиллагааны гэрчилгээжиж,  аудитын шалгалтуудад  өндөр үзүүлэлттэй  ажиллаж байна. Түүнчлэн  “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлтээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хөлгүүдээр шийдэж, 2019 оноос Боинг компанийн “Б737-8 Макс” загварын цоо шинэхэн агаарын хөлгүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.  МИАТ-ийн 49 хувийг хувьчлахаар төлөвлөсөн. Тус компани өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл МИАТ-ийг 38 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцоолжээ. 

2017 онд 2.4 их наяд төгрөгийн ашигтай ажиллав 

“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ. Хөрөнгийн бирж 27 жил болж байгаа юм. Сүүлийн үед хувьцаа бондын арилжаа идэвхжиж байгаа бөгөөд өнгөрөгч онд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 67.4 хувь өсч 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Монголын хөрөнгийн бирж 2015, 2016 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.  Хамгийн хачирхалтай нь  анх удаа түүхэндээ байгаагүй ашиг орлогыг олсон 2017 онд 233 сая төгрөгийн алдагдалтай гэж дүгнэн хувчлахаар болсон нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байгаа юм. 

Нэрлэсэн ханш нь тодорхойгүй 

“Арилжааны Төлбөр Тооцоо” ТӨХХК нь Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоол, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгуулагдаж байжээ. Тус газрын 51 хувиас доошгүй хувийг хувьчлахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор нэрлэсэн ханш нь тодорхойгүй байгаа юм. 

Шууд хувьчлалд орох 20 АЗЗА 

Хувьчлалд багтсан дараагийн газрууд бол орон нутагт үйл ажиллагаа явуулдаг АЗЗА-ууд юм. Нийт 20 газар байгаа бөгөөд   “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” багтаж байна. Тус компаниудын талаар  “Төрийн өмчийн хорооноос 2006 оноос хойш өнөөг хүртэл төр хөрөнгө оруулж чадахгүй байгаа. Машин техник нь муудсан, цалин багатай. Төрийн гэрээт зам засварын ажлыг гүйцэтгэдэг. Үүнийг хийхийн тулд төрийн 20 компани хэрэггүй. Энэ  компаниудын олонх нь өртэй, тендерт оролцож чаддаггүй. Өөр ажил хийж чаддаггүй,  зогсонги байна. 20 компанийг шууд дуудлагаар хувьчилна” гэж мэдэгдсэн. АЗЗА нарын төлөөллөөс хувьчлалыг эсэргүүцэж, мэдээлэл хийсэн бөгөөд “2018 онд  улсын хэмжээнд зам засвар арчлалтад 55 тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс 17 тэрбум төгрөг олгосон. Санхүүжилтээ цаг хугацаанд нь олгоогүйгээс ажил хамаардаг. Хувийн хэвшилд очсоноор зам арчлалт орхигдох” магадлалтай гэсэн юм.