ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт, С.Баяр, М.Энхсайхан нарын хэрэг шүүхэд шилжжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-11

АТГ-аас өнөөдөр мэдээлэл өгөхдөө олны анхааралд буй хэргүүдийн талаар мэдээлэл хийв. Тодруулбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэргүүдийг шалгаж байна гэлээ. 

Үүнээс гадна албан тушаал эрх мэдлээ давуулан ашигласан гэх ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Өнгөрөгч аравдугаар сард гэхэд л  32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ..

АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ "Сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна" гэсэн юм.