ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жарменов Абдурасул Алдашевич: Нүүрсний хог хаягдлаас  1500-2000 ам.долларын үнэтэй бэлдэц гаргана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-12

Төмрийн үйлдвэрлэлийн салбарт дэлхий нийтэд танигдсан техникийн ухааны доктор, профессор Жарменов Абдурасул Алдашевичтай Монголд ирэх үеэр нь уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсад хэд дэх удаагаа  ирж байна вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би Монголд анх удаа ирж байна. Сайн танилцаж амжаагүй явна.

-Монголд ирсэн зорилго болон ажил нь бүтэмжтэй юу?

-Маш сайхан байна. Олон сайхан хүмүүстэй танилцлаа. Бидний үүх түүх, гарал үүсэл нэг. Ажлууд маш сайхан бүтэмжтэй байлаа. Өөрийн чаддаг зүйлээр Монголд хувь нэмрээ оруулахыг маш их хүсэж байна.

-Та төмрийн үйлдвэрийн салбарт дэлхий нийтэд танигдсан хүн. Таны Монголд ирсэн шалтгаан ч бас үүнтэй холбоотой байх. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Инноваци бол миний бүх насаараа хийсэн эрдэм шинжилгээний ажил. Би газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт энэ талаар ярьж, хэлж мэдэхгүй. Миний хувьд дэлхийд гангийн болон төмрийн үйлдвэрийн салбарт ажилладаг. Харин энэ талаар Монголын хувьд маш их боломж бий. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Тэр дундаа нүүрсний нөөц ихтэй. Нүүрс олборлолтын явцад 40-өөс илүү хувь нь хаягдал нүүрс болдог. Энэ нь эргээд хог хаягдал болдог гэж ойлгож болно. Өмнө нь бид энэ талаар судалгаа хийхэд нүүрсний хог хаягдал нь хүчилтөрөгч болон агаартай нийлж, шаталт явагддаг. Шаталт нь 5000 градуст хүрсэн тохиолдол ч байна. Энэ нь байгаль орчинд маш их хортой.

-Тэгэхээр та нүүрсний хог хаягдлаас ямар нэгэн бэлдэц гаргана гэсэн үг үү?

-Тийм шүү. Миний хувьд 40 жилийн турш нүүрсний хог хаягдлаар юу хийх вэ гэдгийг судалсан. Энэ бүхний үр дүнд хэнд ч хэрэггүй байгаль орчинд хортой хог хаягдлыг металлургийн  үйлдвэрт маш үнэтэй, хэрэгтэй бэлдэц болохыг нээсэн юм. Үнэтэй бэлдэцийг хийхэд цорын ганц орц нь нүүрсний хог хаягдал. Нүүрсний хог хаягдлыг шинэ технологиор үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд эцэст нь шинэ төрлийн төмрийн бэлдэц гарч ирнэ. Хаягдал биш төмөр гарч ирнэ шүү дээ. Энэ бол маш үнэтэй металл гэж ойлгож болно.

-Хэнд ч хэрэггүй хог хаягдал эцсийн бүтээгдэхүүн болж, эдийн засгийн эргэлтэд орох нь байна шүү дээ. Гол хэрэглэгч нь аль улс байх вэ?

-Дэлхий нийт тэр чигээрээ хэрэглэнэ. Монгол дахь үйлдвэрийн худалдан авагчаар Япон улс байх болно. Япон Улсад манай бүтээгдэхүүнийг туршаад, эхний ээлжийн худалдан авалтуудын гэрээгээ зурсан байгаа. Туршилт амжилттай болсон. Технологийн гол онцлог  гангийн үйлдвэрийн өөрийн өртгийг багасгаж, хэмнэлт гаргадаг. Ямар ч үнэ цэнгүй хог хаягдлаас гарч ирж байгаа бүтээгдэхүүн зах зээлд 1500-2000 ам.долларын үнэтэй маш хэрэгтэй бэлдэц болно.

-Үйлдвэрийн талаар дэлгэрэн­гүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний энэ технологи бол дэлхийд тэргүүлэгч. Инноваци нь ямар нэгэн оршин байгаа зүйлийг орлого, ашиг болгохыг инноваци техникийн хөгжил гэдэг. Энгийн нэгэн хэвшмэл байдаг үйлдвэрлэл биш. Гол нь шинэ технологийг нэвтрүүлэх юм. Цаашид өнгөт болон хар металл зэрэгт бидэнд шинэ технологиуд бий. Монголд энэ талаар хамтарч ажиллах сонирхол их  байгаа. Энэ талаар сүүлийн 20 жил маш их туршлагыг нэвтрүүлнэ. Тухайлбал, Итали, Канад, Бразил, Казахстан зэрэг улсад үйлдвэрүүдээ барьсан. Энэ үйлдвэрийг Монголд оруулж ирвэл маш их ашигтай. Энэ талаар судалгаа явж байгаа. 20 жилийн судалгаанд бидний төслүүдийг  дэмждэг, итгэдэг олон хөрөнгө оруулагчид  бий болсон. Энэ талаар маш том туршлагыг нэвтрүүлсэн.

-Нүүрсийг Монгол Улс ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байхаар их хичээж байгаа ч түүнийг орлох бүтээгдэхүүнийг гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, утаанаас салах аргаа олохгүй байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Шийдлээ зөв гаргах ёстой юм. Жижиг,  жижиг дэд станц барьснаас  хүчин чадал сайтай том станц барих нь илүү ашигтай. Нүүрсийг дотооддоо  боловсруулж, эрчим хүч гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү үр дүнтэй.

-Сэдвээсээ жаахан хазайхад, Монгол  болон Казахстан улс хоёр хөгжлийн гараанаас хамтдаа эхэлсэн түүхтэй. Гэвч бид харьцангуй хоцрогдож явна. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Одоохондоо Монгол Улсын хөгжлийг дүгнэхэд эрт байна. Гэхдээ Монголд маш их боломж бий. Монголд дэлхийд танигдсан  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхлэн томоохон газрууд байгаа. Боломжийг  зөв ашиглах хэрэгтэй гэж зөвлөе.

-Казахстан улсын  хөгжил болоод дэд бүтэц, хот төлөвлөлт их эмх цэгцтэй юм билээ. Хөгжлийн нууцаас хуваалцахгүй юу?

-Бидний нууц маш энгийн. Хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бий болгосон. Хуучин Шенгений орнуудаас хамгийн их хөрөнгө оруулалт авсан нь манай улс шүү дээ. Бидний хөгжлийн нууц ердөө л энэ.

-Манай улс хот төлөвлөлтөд анхаарч байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа. Энэ талаар таны санаа бодлыг сонсвол?

-Ер нь хот барихаас ажил  эхлэх ёсгүй. Хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулсан тохиолдолд шинэ хот аяндаа бий болох болно. Үүнээс эхлэх нь зөв байх гэж бодож байна.