ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: АН-ынхан зардлыг хэмнэх боломжтой гэсэн атлаа нэмүүлэх хүсэлт тавиад байгааг ойлгохгүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-13

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. 

-Төсвийг өргөн барьснаас хойш олон нийт болон сөрөг хүчний зүгээс маш их шүүмжилж байгаа. Ер нь хэлэлцүүлгийн шатанд ямар өөрчлөлтүүд орсон бэ. Өөрчлөгдсөн бодит зүйл бий юу? 

-Сангийн яам болон Засгийн газраас бүх тусгай сангуудад шалгалт хийсэн. Эхлээд зээл олгодог сангуудыг шалгаж, дараа нь бусад сангуудыг шалгасан юм. Шалгалтын дүнг үндэслээд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой, нэг сайдын мэдэлд олон төрлийн сан байх шаардлагагүй гэж үзээд бүгдийг нь нэгтгэе гэдэг саналыг гаргасан.Хэлэлцүүлгийн явцад ЖДҮХС-г салгаж, тусдаа бие даасан хэвээр үлдээх ёстой гэсэн саналыг УИХ-ын ажлын хэсгээс оруулж ирсэн юм. Мөн 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын ажлын хэсэг гаргаж, бусад зардал дотор хөдөлгөөн хийсэн юм билээ. 

-АМНАТ-өөс болж төсвийн орлого тасалдана гэж та мэдээлсэн. Гэтэл сөрөг хүчний зүгээс үүнийг үгүйсгээд байгаа шүү дээ. 2020 оны төсөвт ямар ч нөлөөлөл байхгүй гэж тайлбарлаж байгаа?

-Худлаа ярьж байгаа юм. Дандаа худлаа ярьж байдаг хүмүүс шүү дээ. АМНАТ-өөс орж ирэх 1.3 их наяд төгрөг тасалдана. Намайг худлаа ярьж байна гэсэн байна билээ. Надад худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Арваннэгдүгээр сарын нэгнээс эхлээд АМНАТ улсын төсөвт орохоо больсон. Цэцийн шийдвэрээр явбал АМНАТ-ийн орлогоор 1.3 их наяд төгрөг орж ирэхгүй. Газрын хөрсөн доор баялаг ард түмний мэдэлд байж, төрийн өмч байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлдэг гол заалтыг огт авахгүй болгосон гэдгийг би удаа дараа хэлж байгаа.

-АМНАТ-ийн асуудлыг хэзээ эцэслэн шийдэх юм бэ. Төсөв батлах хуулийн хугацаа нь боллоо шүү дээ?

-Төсвийн тухай хуулийн дагуу АМНАТ нь Улсын төсвийн орлого байна гэж заасан байдаг. Үүнээс гадна төсөв батлахдаа орлогыг тодорхой болгож байж төсөв батлах ёстой юм. Тэгэхээр төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс өмнө АМНАТ-ийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Орлого тодорхойгүй байхад улсын төсвийг баталж болохгүй. 

-Төсвийн алдагдлыг бууруулах боломж үнэхээр байгаагүй юм уу. Сөрөг хүчний зүгээс нэг их наядаар бууруулах бүрэн боломжтой гээд байгаа. Аудит болон Зарлагын хяналтын дэд хороо ч мөн нэг их наядаар бууруулах боломжтой гэж дүгнэсэн байна билээ?

-Ийм дүгнэлт гаргасан байгуул­лагуудаас л асуу. Бид төсвөө харж байгаад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хийх ёстой, тулгамдсан асуудлуудыг санхүүжүүлэх боломжийг гаргаж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад анзаарсан байх. Хүн болгон л “Төсөв бага байна. Манайд нэмж өг” гэж байгаа. Гэтэл орлого нь хязгаарлагдмал. Тэгэхээр үүнд яах аргагүй зарчим барьж эхэлнэ. Үнэхээр үр ашигтай юм уу, яг яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ гэдэг асуудлыг тавьж явахаас өөр арга байхгүй. Энэ бүхний дараа л төсвийг оруулж ирсэн. Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэнцвэржүүлсэн орлого болон Улсын төсвийн орлого гэдэг хоёр тусдаа асуудал. Тэнцвэржүүлсэн орлогоор төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлээ бодоод байгаа юм. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь хоёр ихнаядын алдагдал­тай. Төсвийн тэнцвэржүүл­сэн орлогод “Тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан” хоёрын орлого орохгүй байгаа юм. Үүнээс гадна гадаадын зээл, тусламжийг төсвийн орлогод тооцдоггүй. Харин гарч байгаа зардал бол бүгд зардалдаа тооцогддог. Гадны зээл, тусламж өөрөө эх үүсвэртэйгээ орж ирдэг мөртлөө орлогод суудаггүй учраас алдагдал өндөр харагддаг юм. Тэгэхээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөвт алдагдлыг бонд болон банкуудаас зээл авахгүйгээр хийнэ гэж шийдвэрлээд байгаа учир нь энэ. АН-ын зүгээс зардлыг хэм­нэх боломжтой гээд байгаа хэрнээ өөрсдөө нэмж өгөөч гэдэг хүсэлт тавиад байгааг нь ойлгохгүй байна. 

-Ирэх онд гадаадын томоохон өр болох Худалдаа хөгжлийн банк болон МИАТ-ийн өрийг төлнө гэсэн. Хэрэв хугацаандаа төлж чадахгүй бол яах вэ. Засгийн газар батлан даасан биз дээ?

-Энэ бол хувийн хэвшлийнхний өр шүү дээ. Худалдаа хөгжлийн банкны 500  сая ам.долларын өрийн асуудал бий. 2015 онд энэ зээлийг гаргах үед тухайн үеийн Засгийн газар Худалдаа хөгжлийн банкнаас нэг их наяд төгрөгийн зээл авсан байдаг. Тэр нэг их наяд төгрөгөөр энэ өр хаагдана гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг барьцаалаад Худалдаа хөгжлийн банк гаднаас 500 сая ам.долларыг босгосон гэсэн үг. 

-Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн нэг их наяд төгрөгийг юунд зарцуулахаар авсан юм бэ?

-Үүнийг тухайн үед Ерөнхий сайд байсан хүнээс асуух ёстой болов уу. 

-Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларыг Засгийн газар төлөх ёстой гэж ойлголоо. Ямар эх үүсвэрээр төлөх юм бэ. Төсөвт энэ зардлыг суутгасан уу?

-Худалдаа хөгжлийн банкны өрийг бид эрт дарчихмаар байгаа юм. Яагаад гэвэл жилийн 17 хувийн хүүтэй өр. Маш өндөр нөхцөлтэй. Тэгэхээр бидэнд 17 хувийн хүүтэй зээлийг байлгах ямар ч сонирхол байхгүй. Одоо мөнгө авъя гэвэл бүрэн боломжтой. Тиймээс энэ өрийг урьдчилж төлмөөр байна гэж удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл тухайн үед Засгийн газартай байгуулсан гэрээ нь болж өгөхгүй байгаа. 

-Нийгмийн даатгалын шимт­гэлийг нэмэгдүүлэхгүй байх талаар хэлэлцсэн зүйл бий юу?

-Нийгмийн даатгалын шимтгэл бол Улсын төсвийн орлого биш. Энэ бол олон талын төлөөлөлтэй үндэсний хороондоо шийдэгдээд явдаг, тэтгэвэр олгоход зориулагдсан мөнгө. Харин Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс татаастай явж байгаа. 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай явдаг гэсэн үг. Хэрэв нийгмийн даатгалын сангаас гарах зардлыг нэмээд байх юм бол энэ сан улам л алдагдалтай болно. 2017 оны хавар ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хуулийг 2017 оны тавдугаар сард батлуулчихсан юм. Түүнийхээ дагуу л явж байгаа. Нийгмийн даатгалын сангийн бодит байдлын талаар  С.Чинзориг сайд илүү сайн тайлбарлах болов уу. Нийгмийн даатгалын шимтгэлээс орж ирж байгаа мөнгө бол улсын төсвийн мөнгө биш гэдгийг л хэлье. Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд өгч байгаа мөнгө жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 

-Энэ жилийн төсвийг “Сонгуулийн төсөв боллоо, гишүүд тойргоо “услахад”  чиглэлээ” гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгуулийн жилийн өмнө төсөв хэлэлцэх бүрт л ийм шүүмжлэл гардаг. Энэ бүхний цаад учир шалтгаан нь явж явж мөнөөх л сонгуулийн тогтолцоондоо хамаг учир байгаа гэж бодож байна. Нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн тухайн тойргийн иргэдийн өмнө хүссэн ч хүсээгүй ч үүрэг хүлээж таарна. Тэнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй болно. Түүнийг төсвийн хөрөнгө оруулалтаар л шийднэ шүү дээ. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед төсвийн зардлыг дураараа нэмдэг эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлаж өгч байгаа.