ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Амгаланбаатар: Даатгалын сангийн мөнгөний асуудлыг ил тод болгох ёстой

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-14

Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэх юм.  МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас энэ талаарх байр суурийг нь сонслоо.

-Нийгмийн даатгалын шимт­гэлийг ирэх оноос дахин нэмнэ. Олон нийт үүнийг эсэргүүцэж байгаа шүү дээ?
-Нийгмийн даатгалын багц хууль 1995 онд батлагдсанаас хойш 15 жил болж байна. 15 жилийн өмнө нийгмийн даатгалын багц хуулийг өөрчилж, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын тогтолцоог бүрмөсөн өөрчлөх саналыг МҮЭ-ээс тавьж ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ асуудалд олон улсын болон дотоодын маш олон төсөл хөтөлбөр ажиллаж тодорхой саналыг гаргаж тавьдаг. Харин энэ дандаа улс төрийн шугамаар ажил хэрэг болж, дорвитой өөрчлөлт орохгүй байна. Ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоо алдагдалд орлоо. 

-Яагаад  нэмэх болсон талаарх мэдээлэл байгаа юу?
-Анх ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагд­сан учраас хэмээн Засгийн газар шимтгэлийг нэмэгдүүлсэн. Бид ч зөвшөөрсөн. Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлийг хүргэж байгаа. Удахгүй тэтгэврийн даатгалаас тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал хүндэрнэ. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос ахиад нэмэх гэж байна. 

-Энэ тогтолцоог өөрчилж сайжруулах хэрэгтэй гэж иргэд үзэж байгаа. Жишээлбэл үр хүүхдүүдэд нь өвлүүлж үлдээх асуудлыг ярьдаг?
-Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр нь өвлөгдөх асуудлыг дэмжиж байгаа. Тэтгэврийн даатгалын тогтолцоо бараг ирээдүйд өөрөө хадгаламж хэлбэрээр аваад явах тогтолцоо руу орох нь илүү оновчтой. Иргэд ч ийм байр суурьтай байгаа. Тэтгэврийн даатгалын тогтолцоог Төрийн санд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой. Эх үүсвэр нь тэнд байгаа. Засгийн эрхийг янз бүрийн улс төрийн хүчнүүд барилаа. Бодит зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ашигтай хэлбэрээр байршуулах нь хөрөнгийг өсгөж байгаа хэлбэр гэж тухайн үед авч байсан. Хамгийн гол баталгаа хувь хэмжээд хариуцлагагүй хандсанаас болж, нэг банкинд өндөр хувь хэмжээгээр байршуулсан. Тэр нь дампууралд орохоор ямар байдаг вэ гэдгийг “Капитал” банк болон бусад банкны байдлаас харж болно. Энэ мөнгөний асуудлыг ил тод болгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдгийн хувьд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуулийн дагуу бүрдүүлэх ёстой гэж харж байгаа.