ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулбал будилаан тасрахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-14

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ц.Гарамжав: 20 гаруйхан жилийн өмнө бид маш олон үйлдвэрүүдтэй байсан. гэтэл өнөөдөр баялгийг дэмжих үйлдвэргүй болчихоод байна. Ингэж явсаар хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авсан. Ард нийтийн санал асуулга явуулаагүйд харамсаж байна. Ард түмэн хариуцлага, шударга ёс, баялгийн шударга бус хуваарилалтыг шүүмжилж байна. Энэ бүхэн нэмэлт өөрчлөлтөд туссан гэж харж байгаа. Гүйцэтгэх засаглал болон хууль тогтоогч нарын хоорондох зөрчил байна. Шүүх засаглалын талаар орж ирж байгаа заалт хэр үндэслэлтэй вэ. 

Д.Лүндээжанцан: Шүүх засаглалтай холбоотой саналууд хэвээрээ байгаа. Газар бүрт ёс зүйн асуудал гарч байгаа учраас хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Үүнд Шүүх засаглалтай холбоотой заалтууд чухал нөлөө үзүүлнэ. 

Ц.Гарамжав: Баялгийн сан байгуулах саналыг бидний хэдэн гишүүд гаргасан. Баялгийн сан “Ирээдүйн өв сан” гэдгээрээ даатгалын сан юм. Улсын ирээдүйн даатгал гэсэн үг. Үндсэн хуульд энэ утгаар тусгах уу. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбоотой дагаж мөрдөх хуульд энэ асуудал чухал байр суурийг эзэлнэ. 

Х.Болорчулуун:1992 оны Үндсэн хууль сайн хууль болсон. Харамсалтай 2000 онд сайжруулах гээд маш муухай заалтууд орж ирснээс элдэв асуудлын эхлэл тавигдсан. Үүнийг нь одоо бид засах гэж оролдож байна. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Би сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжихгүй байгаа. Манай нам үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ард түмэн ч гэсэн намын жагсаалтаар орчих вий гэдгээс санаа зовж байгаа. намын жагсаалаар явахгүй хүнээс нь сонгоно гэж байна. ЫБагадаа 20 нам оролцоно. 20 намын 500 хүнээс яаж сонголт хийх юм бэ. Өмнө нь бас ийм зүйл болсон. Нам нь урдаа байх уу хүн нь урдаа байх уу гэдэг нь ямар ч асуудал байхгүй. Энэ заалт Үндсэн хуульд орсноор будилаан тарина. 

Д.Лүндээжанцан: Намын жагсаалтаас хүн дугуйлах бол жигсээд байх асуудал биш юм уг нь. Яваандаа цэвэршинэ шүү дээ. Олон түмний дургүй хүн жагсаалтад байвал тэр хүнийг сонгохгүй нь ойлгомжтой.