ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжээгүй тул АН хуралдааныг орхилоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-14

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

Н.Учрал: Хэлэлцүүлгийн явцад сайн заалтууд хасагдсан. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сум дүүргийн засаг даргыг иргэд сонгох зэрэг заалтууд хасагдсан. 

Л.Элдэв-Очир: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь манай намын мөрийн хөтөлбөрт орсон. Ард түмний санал асуулгаар заавал оруулах ёстой гэдэгт санал нэгдэж байсан ч харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад хасагдлаа. Үүнийг хөрөнгө мөнгөний хүндрэлтэй холбон тайлбарлаж байна. энэ бол худлаа. Өөрсдөө идэж уудаг мөртлөө энэ хэмжээний мөнгийг гаргах боломж байсан. Холимог тогтолцоог ярихдаа үг хэлээ анхаармаар байна. Үндсэн хууль батлагдсаны дараа баахан мэргэн жараахайнууд гарч ирэх нь тодорхой. Хөдөөний ард түмнийг жалга довныхон гэж үзэж байна. Тиймээс бид хэлж байгаа үгэндээ анхаармаар байна. Можаритар тогтолцоо бол Монголын хөрсөнд хүрсэн тогтолцоо. Өнөөдөртөө бид энэ тогтолцоогоороо явах нь зөв. Сайхан амьдруулж чадахгүй юм гэхэд доромжлохгүй л байя. Ерөнхий сайд танхимын гишүүдээ УИХ-д танилцуулна гэж байгаа. Ингэхэд УИХ Ерөнхий сайдын санал болгож байгаа хүмүүстэй танилцаад залруулга хийж болох уу. Ерөнхий сайд ах дүү хамаатан саднаа оруулж ирээд батлах эсэх чинь хамаагүй гээд суучихгүй биз. 

Д.Лүндээжанцан: Ерөнхий сайд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар засгийн газрын гишүүдийн томилно гэж байгаа. Ерөнхий сайд сайн танхим бүрдүүлж байж л улс орны ажлыг авч явна. Өөрөөр хэлбэл санал болгосон хүмүүсийнхээ хариуцлагыг хар толгойгоороо хариуцна. Тэгэхээр хамгийн чадварлаг хүмүүсийг оруулж ирж байж ажил нь явна. Чадваргүй хүмүүс оруулж ирвэл өөрөө унана. 
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа саналын томъёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Санал хураалтаар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжсэнгүй. 

Д.Эрдэнэбат: Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. Бидний тавьсан санал унасан учраас АН өнөөдрөөс эхлээд хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдье. 

З.Нарантуяа: Анхнаасаа олонхоороо хүч түрж хуулиа үөрчин байж энэ нэмэлт өөрчлөлтийн асуудлыг МАН эхлүүлсэн. Урд урдаасаа харж сууж байгаад зөвшилцлөө гэчихээд урваж байгааг харах үнэхээр муухай байна. Өнөө өглөө хүртэл бид хугацаан дээрээ зөвшилцсөн. Гэтэл та бүхэн бидэнд нуруугаа харууллаа. Та бүхэн улсын төсвийн сонгогчдын саналыг авахын тулд л баталсан гэдгийг ард түмэн харж байна. Бидэнд энд хийх ажил үлдээгүй учраас АН чуулганыг орхилоо.