ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс 19 жилийн дараа “эцэг” хуулиа шинэчиллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-15

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн 100 хувийн саналаар эцэслэн баталлаа. Гурван улирал дамнан хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14 түүхэн өдөр болж байна. Эхнээсээ маргаантай эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдахдаа ч мөн маргаантай байлаа. Учир нь зөвшилцөлд хүрлээ хэмээн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө батлахаар хуралдсан боловч эцсийн дүндээ МАН-ынхан АН-д “молиго үмхүүлж”, саналыг нь унагаснаар АН хуралдааныг орхив. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд АН-ын зүгээс гурван асуудлыг оруулахыг шаардсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн саналуудыг тусгахыг шаардсан билээ. 

Харин уг саналуудыг хүлээж авах эсэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэл­цүүл­гийн ихэнх хугацааг зарцуулсан гэхэд хэтийдсэн болохгүй. Зөвшилцөх ажлын хэсэг зөвшилцөлд хүрч, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх болон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн хоёр саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар тохиролцсоноо мэдээлсэн билээ. Гэвч нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлах үед МАН хэлснээсээ буцаж АН-ыг ийнхүү “молигодов”. Өөрөөр хэлбэл сонгуулийг холи­мог тогтолцоогоор явуу­лах саналыг нь хүлээж авна хэмээн зөвшилцсөн боловч санал хураалтаар заалтыг унагалаа. Учир нь холимог тогтолцоогоор сон­гуу­лийг зохион байгуулах нь намын нэрийн ард хувийн ашиг хонжоо харсан “цүнх бариг­чид” орж ирэх үүд нээгдэнэ хэмээн болгоомжилж энэ заал­тыг дэмжээгүй гэдгээ гишүүд тайлбарлалаа. Намын нэрийн дор төрд шургалах асууд­лаас сэрэмжлэхийн тулд намын нэрийн жагсаалтаас нэр дэвшигчийг сонгодог байхаар тусгасан гэдгийг Д.Лүндээ­жанцан, С.Бямбацогт тэргүүтэй гишүүд учирлаж байсан хэдий ч эцсийн дүндээ тэд дэмжсэнгүй.

Өөрөөр хэлбэл, намыг бус намын нэр дэвшүүлж буй хүмүүсийн жагсаалтаас иргэд хэн нэгнийг сонгохоор тусгасан байжээ. Ийнхүү “Далаараа” АН-ынхан хэлснээсээ буцсан МАН-ынханд гомдож чуулганы хуралдааныг орхилоо. Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Маш харамсалтай байна. Удаан хугацаанд зөвшилцсөний үр дүн гарсангүй. Тийм учраас АН хэлэлцүүлэгт оролцохгүй” гэлээ. Харин АН-ын төлөөлж Зөвшилцлийн ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Анхнаасаа олонхиороо хүч түрж хууль зөрчин байж энэ нэмэлт өөрчлөлтийн асуудлыг МАН эхлүүлсэн. Урд урдаасаа харж сууж байгаад зөвшилцлөө гэчихээд урваж байгааг харах муухай байна. Төрийн түшээдэд ёс зүй гэж байх ёстой. Харамсалтай нь МАН-ын гишүүдэд тийм зүйл байхгүй байлаа. Өнөө өглөөхөн гэхэд хэрэгжүүлж эхлэх хугацаагаа тохирсон.  Гэтэл та бүхэн бидэнд нуруугаа харууллаа. Улсын төсвийг мөн адил та бүхэн сонгогчдын саналыг авахын тулд  баталсан гэдгийг ард түмэн харж байна. Бидэнд энд хийх ажил үлдээгүй учраас АН чуулганыг орхилоо” гэсэн юм. Тэд чуулганы хуралдааныг орхисон хэдий ч МАН-ын гишүүд хуралдааныг үргэлжлүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлав. Ингэснээр МАН дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцлээ. Энэ хугацаанд иргэдээс нийт 306 мянган санал, эрдэмтэн судлаачдаас 60 гаруй санал ирсэн. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй. Маргаашаа бодсон хичээнгүй зүтгэл, нөр их хөдөлмөр шаардлаа. Зөвшилцөн ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдад баярлалаа. Нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан УИХ-ын Тамгын газрынханд талархлаа илэрхийлье. Бид зөвхөн ард түмний эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг эрхэмлэсэн. Одоо өөрчлөхгүй бол хэзээ өөрчлөх вэ гэсэн сэтгэлээр хандлаа. Энэхүү нэмэлт өөрчлөлт төр цэгцлэх их өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Холын зорилго үгүй бол, ойрын зовлон оршино гэдэг. Хариуцлага сахилга бат бүх шатанд хэвшсэн, хөгжингүй улс орон болно гэдэгт итгэлтэй байна. Иймээс энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авахыг уриалж байна. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, сэргэн мандаж, хөгжин бадрах болтугай” хэмээн ерөөж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Үндсэн хуульд оруулсан зарим онцлох өөрчлөлтүүдийг хүргэе 

-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилийн хугацаатай сонгогдоно.
-Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байж болно.
-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа өөрөө томилж, эгүүлэн татна.
-Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг ШЕЗ дотроосоо, бусад тавыг нээлттэй байдлаар томилно. ШЕЗ-ийн гишүүн дөрвөн жилийн хугацаатай нэг удаа томилогдож ажиллана.
-Монгол Улсын хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний иргэдийн дэмжлэгтэйгээр улс төрийн нам байгуулна.
-Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр үгүйсгэсэн аливаа үйлдэл, бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
-Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна.
-Газрын хэвлий, ой, байгалийн баялаг, ан амьтан төрийн болон нийтийн өмч байна.
-УИХ, байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонхи бүрдсэн тохиолдолд эхэлж, санал хураалт явуулна.