ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Гантуяа: АНУ-ын нисэх хүчинд 30 гаруй монгол хүн ажилладаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-15

АНУ-ын нисэх хүчний салбарт ажилладаг Г.Гантуяа бүсгүйтэй онлайнаар ярилцлаа. Түүний хувьд энэ салбарт амжилттай ажиллахын сацуу, дэлхийн олон орноос оролцдог нохойтой чарганы уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа бахархал болсон бүсгүй ажээ.

-Өөрийгөө танил­цуу­лаач. Яагаад Америк ор­ныг зорих болсон бэ?

-Намайг Ганбаатарын Ган­туяа гэдэг. Ам бүл долуулаа. Та­ван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Надаас бусад нь эрчүүд. Монголд байхдаа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл ур­лалын сургуульд багшилж байсан. Одоо АНУ-ын Сан-Диего хотод нөхрийнхөө хамт амьдарч байна.  Хараахан хүүхэдтэй болж амжаагүй байгаа. Нөхөр маань Америкийн нисэх хүчинд ажиллаж байгаад одоо хувийн компьютер инженерээр сурдаг. Анх энд ирэх болсон шалтгаан нь АНУ-аас жил бүр зохион байгуулдаг ногоон картны сугалаанд том ах маань бүртгүүлж өгсөн юм. Гэтэл санамсаргүй сонгогдож, энэ улсад хөл тавьж байлаа.  Тэгээд ногоон карт хожсон учраас энд амьдрахаар шийдсэн. Надад хэлний бэрхшээл харьцангуй бага байсан нь энд амьдрах бас нэг шалтгаан гэж хэлж болно. Олон монгол хүн байсан учир амьдрахад,  дасан зохицоход дөхөм байлаа. Харин хүмүүсийнх нь хувьд мэдээж сайн ч бий, муу нь ч бий. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд харьцангуй тэгш шийдэгддэг учир ямар ч хүн ирээд амьдрах боломжтой, хүмүүс нь юу хийхээ мэддэг, эрх чөлөөтэй орон.

-АНУ-ын нисэх хүчинд амжилттай ажиллаж байгаа талаар фэйсбүүк хуудаснаас тань уншлаа. Ямар ажил эрхэлдэг вэ?

-Би Америк улсад ирээд Аламеда хотын захиргаанд оффисын туслах хийдэг байсан. Мөн хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор давхар коллежид сурдаг байлаа. Нэг өдөр ажлаа хийгээд сууж байтал зурагтаар АНУ-ын нисэх хүчний талаар мэдээ гарч байсан. Үүнийг хараад сонирхоод, судлаад үзтэл элсэлтийн журам нь боломжийн надад ойр санагдсан учир хөөцөлдөж эхэлсэн. Улмаар англи хэл, математик, биеийн тамир гэх мэт шат дараалсан шалгалтуудыг өгч тэнцээд 2015 оноос хойш ажиллаж байна. Хуулиараа нууц байдаг учраас хэлж болохгүй байна.

-Таниас өөр монгол хүн  Америкийн нисэх хүчинд ажилладаг уу?

-Америкийн нисэх хүчинд 30 гаруй  монгол хүн ажилладаг. Тэр дунд офицер цолтой хүн хэд хэд бий. Америкийн цэрэг дотроо таван салбартай байдаг бөгөөд, салбарт бүрт элэг нэгтнүүд маань ажилладаг. 

-Монгол хүн гадны нисэх хүчинд ,  ялангуяа эмэгтэй хүнд ийм ажил хийх нь ямар байдаг бол?

-Би дандаа эрчүүд дунд өссөн болохоор олон эрэгтэй хүний дунд ажиллах нь бэрхшээлтэй санагддаггүй. Энэ том байгууллагад орохдоо маш их бэлтгэж орсон. Тийм  учраас сэтгэл зүй,  бие бялдрын хувьд бэрхшээлтэй тулгараагүй. Багадаа цэрэг армийн хүн болохыг мөрөөддөг байсан юм. Багын мөрөөдөл энд ирээд биелсэн гэх үү дээ. Мэдээж ийм өндөр хөгжилтэй орны агаарын хүчинд алба хааж байгаадаа хувь хүний хувьд баяртай байдаг. 

-Ажлынхаа хажуугаар спортоор хичээллэдэг бололтой? 

-Манай ажлын онцлог бие бялдрын хөгжил өндөр байхыг албан хаагч болгоноос шаарддаг. Иймд бүгд л хүч, хурдны бэлтгэл хийдэг. Миний хувьд үүнийгээ өөрийн сонирхолтой хоббитой холбож, өөртөө хялбар хийхийг хүсдэг. Байгальд алхах нь надад сэтгэлийн болоод биеийн эрч хүчийг өгдөг.

-Удахгүй нохойтой чарганы уралдаанд Монголоо төлөөлж оролцоно гэж байсан. Ямар онцлогтой уралдаан бэ. Хэчнээн орны тамирчид оролцох вэ?

-Дэлхийн 230-аад орныг 11 бүс болгон хувааж,  тэр дундаас нь хамгийн их санал авсан нэг хүнийг бүсээс гаргана. Улмаар шүүгчдийн саналаар дахин  нэг хүн сонгодог. Нийт 22  хүн дэлхийн өнцөг бүрээс ирж хойд туйлын бүсэд болдог аялалд гардаг юм. Гэхдээ би маш их хүсч байгаа учраас чадна гэж бодож байгаа. Монголчууд урьд, урьдын хүмүүсийн адил намайг дэмжинэ гэдэгт итгэж байна. Аялалын хувьд хялбар биш ч гэлээ зохион байгуулж буй компани нь маш өндөр хэмжээнд зохион байгуулдаг, туршлагатай хүмүүс бий. 

-Нохойтой чаргаар уралдах нь бас эмэгтэй хүний хувьд том амжилт.  Бас их эрсдэлтэй байдаг байх?

-Нохой эзэндээ үнэнч, ухаантай амьтан гэдгийг монголчууд бүгд мэднэ дээ. Манай олон мундаг эмэгтэйчүүд энэ уралдаанд явсныг Монголчууд сайн мэдэх байх. 2015 онд Э.Цэрэн гээд эмэгтэй дараа нь  “Nomadic Hiking Club”-ийг байгуулсан Загдаа эгч явсан. Загдаа эгч өөрөө амжилттай сайн оролцоод зогсохгүй дараа дараагийн олон монголчуудыг аялахад гүүр болж байгаа буянтай хүн. Энэ зүгээр нэг аялал биш л дээ. Хойд туйын хасах -30 хэмд 300 км замыг нохой чаргаар туулна. Нохойгоо хооллоно. Унтах майхан саваа барина. Өөрийн хоол ундаа бэлтгэх, бусадтай багаар ажиллах гээд хүнээс олон талын чадвар бас тэвчээр шаардана. 

-Таныг найзууд, эргэн тойрныхон тань  эрэмгий дайчин  эмэгтэй гэж тодорхойлдог юм билээ. Хийж буй ажил,  хичээллэж буй спортоор нь ч тэгж дүгнэж болохоор байна? 

-Би бусадтай л адил ажиллаж, хөдөлмөрлөж, хүний газар бор зүрхээрээ зүтгэж, өөрийгөө дайчилж яваа энгийн эмэгтэй. Ямар ч ажилтай байсан цаг зав гаргаад гүйх дуртай. Гүйх нь надад бие сэтгэлийн тайвшрал өгч, нэг талаар үнэгүй эмчилгээ болдог. Би зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаагаас цаашгүй дээ. Амжилт гаргая гэхээсээ илүү өөрөө өөртөө баясал авч гүйдэг. Oлон гүйлтэд амжилттай оролцож байсан. Бас нэлээд хэдэн өндөр оргилд багийнхантайгаа хамт амжилттай авирсан.

-Ууланд гарч, тэр орчныг хараад юуг мэдэрдэг вэ? 

-Монгол хүн тэр тусмаа Богд хан уулын ам Төрхурахын “Хонхор” тосгонд бага нас минь өнгөрсөн. Магадгүй тийм ч учраас би ууланд авирах, алхах дуртай байх. Одоо “Nomadic Hiking Club”-ын хамт олонтойгоо өндөр хайрхануудад гарч сэтгэл зүрхээ баясгаж байна. Өндөр дээр гарч уулсыг харахаар хүн гэдэг ямар өчүүхэн юм бэ, бас өдөр тутмын ямар өчүүхэн зүйлд анхаарлаа хандуулж, цаг хугацааг алддаг юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм. 

-Монголынхоо агаар, цэлгэр уужим тал, хөх тэнгэрийг үгүйлж байна уу? 

-Мэдээж хэрэг. Гэр бүл аав ээж, ах дүүсээ санах үе зөндөө. Би багадаа унага, тугал  хариулж өссөн  хөдөөгийн бор охин  байлаа. Ээж маань насаараа “Хонхор”-ын төмөр замд ажиллаж байгаад  тэтгэвэртээ гарсан. Харин аав адуугаа малладаг байсан. Зун болохоор адуу туугаад Богд уулынхаа хормойд гэрээ бариад зусдаг байснаа мартдаггүй юм. Хааяа бодох дуртай.  Ээж, аав маань ч нутаг усныхандаа хүндлэгдсэн сайхан хүмүүс байдаг. Одоо ч тэд “Хонхор”-тоо амьдарч байгаа. 

-Хамгийн сүүлд хэзээ эх орондоо очсон бэ. Нутагтаа ирэх бодол байгаа юу?

-Өссөн төрсөн нутагтаа очихыг бодолгүй яахав. Аав ээж,  ах дүүс минь бүгд Монголдоо ажиллаж, хөдөлмөрлөж байна. Он гаргаад богинхон хугацаанд тэдэнтэйгээ золгоод ирэхээр төлөвлөж байгаа. 

-Монголдоо биш, гадаадад амьдрах хүсэлтэй хүмүүсийг та юу гэж боддог вэ?

-Гэр бүл ойр дотны хүмүүсээ орхиод ирнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ гадаадад амьдрах амар биш гээд хүн бүр Монголдоо суугаад байна гэдэг нэг талаараа утгагүй л дээ. Олон, олон монгол хүмүүс дэлхийгээр тархан сууж, тухайн орны хөгжил дэвшлээс суралцаж, сурч боловсорч байгаа нь эргээд ямар нэгэн байдлаар Монголд хувь нэмрээ оруулах үндэс юм даа.

-“The Hu”  хамтлаг АНУ-д тоглолтоо хийсэн. Та үзсэн үү. Дэлхийн нийтийг байлдан дагуулж буй монгол хамтлагаа их гүрний тайзнаас үзэхэд эх орноороо бахархах сэтгэл төрдөг байх? 

-“The Hu” хамтлаг саяхан миний амьдарч байгаа Сан-Диего хотод ирж тоглоход нь үзлээ. Үнэхээр сайхан тоглолт болсон. Эх орноо дэлхийд таниулж, Монгол гэдэг нэрийг гаргаж, уламжлалт дуу хөгжмөө таниулж яваа бахархаж хүндэлмээр мундаг залуус. Хөгжим үнэхээр дэлхийн хэл юм. Гадныхан юу гэж хэлж байгааг ойлгохгүй ч тэднийг сонсч хөөрөн баясаж байхыг хараад үнэхээр бахархсан. Удахгүй Монголдоо тоглолтоо хийх байх аа.