ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-16

Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж буй. Тэгвэл Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа. Ингэснээр Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбогдож байна.

Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальтбетон 3 сантиметр зузаан юм. Мөн давуулах далан 560 урт метр, 216 цэгт хиймэл байгууламж хийгджээ.

Дээрх чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж, тус бүс нутгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, богино хугацаанд зорчихоор болж буйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.