ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ, удахгүй очно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-18

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурорын газраас дуудсан билээ. Гэвч тэрбээр 14 хоногийн өмнө хилийн дээс алхсан бөгөөд, түүнийг хууль хяналтын байгууллагаас зугтлаа гэх хардлага олон нийтийн дунд гараад байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан тайлбар, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал, цуглаанд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж тодруулах зүйл гарсан бололтой юм.

Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна.  Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн,  уулзалтынхаа урилга хөтөлбөрийг хүргүүлсэн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол  Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүн  кино зохиолоо амилуулах гээд байгаа юм шиг байна. Надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй.  Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо очно” гэжээ.