ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Адриатын сувд” аажмаар живж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-20

Хагас зуун жилийн өмнө Италийн Венец хот үерт автах үед Шотландын нэгэн иргэн “Guardian” сонинд тус хот тун удахгүй үгүй болох вий гэж санаа зовниж буйгаа бичсэн захидлыг илгээжээ. Уг захидал 1966 оны дараахан тус сонины редакцид хаяглагдан ирсэн байна. 

Тухайн үед Венецид үер болж, усны түвшин 194 см хүртэл нэмэгдэж байжээ. Харин 50 гаруй жилийн дараа “Адриатын тэнгисийн сувд” хот дахин үерт автлаа. Гэхдээ 1966 оныхыг бодвол бага хэдий ч, хотын 70 хувь үерт автаж, усны түвшин 187 см хүрч нэмэгдээд байна. Түүхэн байшин барилгууд үерт автаж, зорин очих жуулчдын тоо багассанаас гадна, аялал жуулчлалын хамгийн алдарт  Гэгээн Маркийн сүм 1200 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа үерт автав. 

Венец хотод байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг хотын дарга Луижи Бругнаро бямба гарагт ойролцоогоор нэг тэрбум евро хэмээн мэдээлсэн ч, үерийн учруулсан хохирол үүнээс ч илүү болох нь ойлгомжтой. 

Учир нь тэнд 1987 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн Тинторетто, Жоржионе, Титиан зэрэг Италийн сэргэн мандалтын үеийн мастеруудын бүтээсэн мөнгөөр үнэлж баршгүй урлагийн бүтээлүүд бий. 

Венец хотын дарга Луижи Бругнаро үерийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг бөгөөд жилээс билд тус хотод амьдрах иргэдийн тоо цөөрөх болжээ. Одоогоор 53 мянган иргэн л амьдардаг гэнэ. 

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте үерт автсан бүс нутагт очсоны дараа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, үерийн гамшигт нэрвэгдсэн Венец хотыг сэргээхэд 22 сая ам.долларын санхүүжилтийг баталснаа мэдэгджээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт Венецийн өвөрмөц, эмзэг байдлыг улам хүндрүүлж болзошгүй байгаа аж. 

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте ч лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Венецэд болсон үер манай улсад хүнд цохилт боллоо. Хот живж, соёлын өвүүд эвдэрч, арилжааны үйл ажиллагаанууд өвдөгөөрөө сөхөрснийг харахад үнэхээр гашуун санагдаж байна” хэмээсэн юм. 

Харин Венецэд олон удаа аялсан Принстон их сургуулийн геологич, олон улсын харилцааны профессор Майкл Оппенхаймер Венец хамгаалалтын системээ сайжруулахгүйгээр удаан оршин тогтнож чадахгүй гэдгийг анхаарууллаа. Энэ удаагийн үерийн улмаас 10 гаруй алдартай барилгууд эвдэрчээ. Хамгийн ноцтой нь Венецийг хүрээлж буй үерийн ус нь давстай бөгөөд энэ нь  хуучны алдартай барилгуудын гантиг багана, ханыг ихээхэн гэмтээжээ. Нөгөөтэйгүүр, номын сангууд ч маш их хохирол амсч, олон зуун жилийн түүхтэй үнэт бүтээлүүд норсон байна. 

Венецийн Соёлын өвийн төвийн захирал Тото Бергамо Росси “Венецийг байнга ус хүрээлж байсан. Энэ бол өөр асуудал. Хамгийн гол асуудал нь давстай ус. Барилга байгууламжийн хийц рүү давс нэвчсэн тохиолдолд гантиг, хавтан, гипс, мод зэрэг нь цаг агаар дулаарч, үерийн усны түвшин доошилсны дараа талсжих болно. Энэ бол барилгын бүтцийн хувьд  хорт хавдартай адил” хэмээн хэвлэлд ярьжээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр далайн түвшин ирэх тусам нэмэгдэж буй бөгөөд үерийн гамшиг 2050 он гэхэд зургаан жил тутамд нэг удаа, 2100 он гэхэд таван сар тутамд нэг удаа болж, давтамж нь ойртоно гэдгийг судлаачид анхааруулж байна. 

Хэрэв Италийн эрх баригчид яаралтай арга хэмжээ авч, Венец хотын байгалийн гамшгийн үеийн хамгаалалтын системийг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгахгүй бол Адриатын сувд аажмаар живж, хэдий үзэсгэлэнтэй ч хүн амьдрах аргагүй хоосон эртний хот болох аюул хэдийнэ нүүрлэжээ.