ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зодсон, зодуулсан хоёр ингэж ярив

O.Admin
2019-11-21


“Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх төлөвлөгөөг хүчингүй болгох асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцжээ. Улмаар нэг жилийн хугацаанд хэлэлцэж, энэ сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан юм. Эндээс болж, Оюутолгойн гэрээг тойрсон асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар гэрээний асуудлаас болж маргалдан, нэгийгээ барьж авч хоолойг нь боосон гэх асуудал үүслээ. Нэг хэсэг нь гэрээг цуцлах ёстой хэмээж, нөгөө хэсэг нь гэрээ цуцлах шийдвэр гараагүй хэмээн хамгаалсаар байна. Тэгвэл зодсон, зодуулсан хоёр улстөрч өчигдөр мэдээлэл хийв. Тэдний мэдээллийг “Эсрэг тэсрэг байр суурь” буландаа онцоллоо.


 

Ц.Нямдорж: 15 мянган хүнийг Х.Болорчулуун ажилд авах уу 

-Энэ гэрээ бол барууны орон Монголд өмнө нь хийж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том гэрээ. Ганц үйлд­вэрийн асуудал биш бүрэн эрхт тусгаар тогт­нол, улсын гадаад харилцаа гэсэн олон давхар үр дагавартай гэрээ болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хөрөн­гө оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд одоогоор ес орчим тэрбум ам.доллар, ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгд­сэн. Төслийг тойрсон 20 гаруй мян­ган аж ахуй нэгж ямар нэг байдлаар биз­нес эрхэлдэг гэхээр том төсөл.  Гэтэл Үнд­сэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гэнэтхэн л Захиргааны шүүх хурал­даад хүчингүй болгочихлоо. Ингээд Оюутолгой төслийг шууд зогсоох нөх­цөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гар­сан. Энэ асуудлыг ҮАБЗ ярилаа. УИХ-аар ярьж байгаад эцсийн хариу өгье гэж ярилаа. Би энэ төслийг цаашид үр­гэлж­лэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Зөвхөн нэг үйлдвэрийн асуу­дал биш. Энэ гэрээг зогсоовол дааж давш­гүй маргаанд Засгийн газар орно. Мар­гаанд ялагдах магадлал маш өндөр. Тэ­гээд ялагдаад зардал төлөөд, хөрөнгө оруу­лал­тыг буцааж төлөөд, үйлдвэрийг зог­соо­гоод, энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Ирээ­дүйд авч болох байсан ашгаа ч нэх­нэ. Лондонгийн шүүхэд очно. Иймд улсыг ийм хүнд байдалд орууж болохгүй. Оюу­толгой тойрсон хардлага, сэрдлэг, гэрээ байгуулсныхаа төлөө сайд нар хоёр тэрбум ам.доллар авсан, С.Баяр нэг тэрбум ам.долларыг, бусад гарын үсэг зурсан сайд нар авсан гэх хардлага бай­даг. Бүлгийн хурал дээр үүнээс болж хэрүүл үүссэн. ҮАБЗ-ийн гишүүд миний ярьж байгаа энэ төслийг зогсоож болох­гүй гэдэг ижил саналтай байгаа шүү. Асар их хорлох ажиллагаа энэ ордон дотор хийг­дэж байгаа учраас дуугарч байна. Монголыг ганцаардуулж болохгүй. Гэрээ зогсоовол тэнд ажиллаж байгаа 15 мянган хүний ажлын байр, аж ахуй нэг­жүү­дэд учрах хохирлыг хэн хариуцах юм, Х.Болор­чулуун уу. 15 мянган хүн ажил­гүй болвол Х.Болорчулуун хувийн компани­даа ажиллуулах уу. Есөн тэрбум ам.долларын өрөнд унавал энэ гишүүд хариуцах уу.

 

Х.Болорчулуун: Хамгаалах үүрэг хүлээсэн хүн бол Ц.Нямдорж 

-Үзэл бодлын зөрүүнээс болж хүчтэй маргалдсан. Ц.Нямдорж гишүүний биед хүрсэн нь үнэн. Гэхдээ намайг элдэв үгээр дайрч давшилсан. Оюутолгойн асуудлаар ҮАБЗ хаалттай хуралдсан учраас илүү олон зүйл яриад байх шаардлагагүй байх. Гэрээг цуцлах гэж улайрсан зүйл биш. Монголын талд ашигтай байх ёстой л гэж үзэж байгаа. Сайжруулах битгий хэл энэ талаар битгий ярь гэсэн байр суурьтай гишүүд ч байгаа. 

Засгийн газрын кабинетаараа хэлэлцэхгүй Ч.Сайханбилэг гүйж очиж төлөвлөгөө яриад Б.Бямбасайхан, Да.Ганболд нар очиж гэрээнд гарын үсэг зурсан. “Ч.Сайханбилэг муу гэрээ үзэглээд ирлээ” гэж Засгийн газрыг нь огцруулах гэж явсан ч цаашаа явж өгөөгүй. Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын 17 гишүүн гарын үсэг зураад л яваагүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж чадахгүйг мэдмэгцээ Улаанбаатар хотод ирж, арванхоёрдугаар сард гарын үсгээ зурсан юм. Оюутолгойн гэрээг цуцалж, хөөгөөд гаргана гэж улайрсан зүйл алга. Гэхдээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөс 40 хоногийн өмнө 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж, гадныханд ашигтай байдлыг бий болгосон. Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг нь уртасгах байдлыг үүсгэсэн. Бас 2009 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмээд, 34 хувийг үнэтэй авахаар болгосон. Ингэж хуулийг өөрчилж байхад Ц.Нямдорж Хуульзүйн сайд байсан. Энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Магадгүй цаанаа маш их барьцаанд орж, хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг. 

Б.Тогтох