ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-21

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөчг Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Н.Оюундарь: Н.Баяртсайханыг чөлөөлж байгаад үнэхээр харамсаж байна. Монгол Улс саарал жагсаалтад 2004 онд орж байсан. Үүний дараа 2017 онд орсон. Ингээд бидэнд 40 зөвлөмж ирүүлсэн. Эдгээр зөвлөмжүүдийн аль нь ч Монголбанктай холбоотой зөвлөмж байгаагүй. Бид үнэхээр богино ой тогтоомжтой болчихоод байна. Монгол Улсын хөгжлийг 10 жилээр хойшлуулах эрсдлээс аварсан хүнийг өнөөдөр чөлөөлөх тухай асуудал ярьж байна. Чуулганы хуралдаанд үг хэлэх боломж ч Н.Баяртсайханд олгохгүй байна шүү дээ. Монголбанкны алдагдал буурсан. Мөнгөний бодлогыг УИХ баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор Н.Баяртсайханд хариуцлага ярьж байгаа бол мөнгөний бодлогыг УИХ баталдаг. 

Г.Занданшатар: Н.Баяртсайханы тайлбар мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар сонссон. Бид өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө. 

Үргэлжлүүлэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн уг гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.