ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Оюутолгой”-н гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг баталлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-21

Чуулганы хуралдаанаар Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах  тухай тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Л.Элдэв-Очир: Тогтоолын төслийн гуравдугаар зүйлд хоёр тал тохиролцоод гэрээг өөрчлөх боломж байна гэж байна. Оюу толгойд тэрбум орчим ам.долларын өртэй байгаа. Энэ өрөндөө 34 хувиа өгөөд, нийт татварын орлогын 60-70 хувийг хүртэх боломж байна. Засгийн газар саналаа боловсруулаад өгөх хэрэгтэй байх. “Оюу Толгой”-н гэрээг цуцална гэсэн асуудал огт байж болохгүй. 

Л.Энх-Амгалан: Оюутолгойн 70 хувь нь монголын талд, 30 хувь хөрөнгө оруулагч талд очно гэсэн самбар гудамжаар дүүрэн байсан. хэлэлцээрийн ширээний ард суухаас Рио-Тинто татгалзаж байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Өдөр бүхэн өр үйлдвэрлэж байдаг хувьцааны эзэд болчихсон. Хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа татварын маргаанд орчихлоо. 3.2 тэрбум ам.долларын татварын зөрчилтэй болсон байна. менежментийн төлбөрийг тооцохоор Монголын талд маш сөрөг үр дагавар үзүүлж байна. 2041 он хүртэл 2 тэрбум менежментийн төлбөрийн өрөнд орох нь. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас хэлцэлд орж, 34 хувийг цаашид яах вэ, аль хувилбар нь Монголчуудад ашигтай байгааг эргэж харах цаг болсон. Цахилгаан станци байгуулах гэрээний нөхцлөө ч биелүүлээгүй байна. Жилд 200 гаруй ам.долларыг цахилгаанд зарж байна.

Т.Аюурсайхан: Оюу Толгойн гэрээ байгуулснаас хойш анх удаа УИХ энэ асуудлыг хэлэлцэж байна. Энэ гэрээ Монгол Улсад хохиролтой болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. С.Баяр тухайн үед Засгийн газар мэдлэг мэдээлэлгүй байсан гэх тайлбар хийж байна. засгийн газар мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй. Энэ гэрээг өөрчлөх ямар боломж бидэнд байна вэ. Ажлын хэсгүүн дүгнэлтэд энэ гэрээг олон улсын гэрээ биш гэдгийг тогтоосон. Монголын хууль тогтоомжийн дор байх ёстой гэдгийг дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын 11.1 тэрбум ам.долларыг Монголын ард түмэн төлж байна.  Үүнд хяналт тавих боломжийг Рио Тинто өгдөггүй. Нэг цонхны бодлоготой байх ёстой гэдэг үнэн. Оюу Толгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг солих хэрэгтэй.

Ц.Гарамжав: Оюу Толгой ордыг зөв ашигласан бол хөгжингүй орнуудын эхний жагсаалтад байх байлаа. Өмнө нь Эрдэнэт шиг үйлдвэр байгуулагдчихсан, дэд бүтцийг байгуулчихсан жишээ байсаар байтал Оюу толгойг мэдлэг мэдээлэлгүй байсан учраас ийм гэрээ хийсэн гэдэг тайлбар хэлж болохгүй. Оюу Толгойн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байдаг. Анх тохирсон гэрээгээр 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэж байсан ч 11.1 тэрбум хүртлээ өссөн байна. 2039 онд бид нэг тэрбум долларын өртэй үлдэх нь.

Д.Лүндээжанцан: Анх удаа ийм том гэрээ байгуулахад туршлага дутсан байх. Хүний нөөц ямар чухал вэ гэдгийг харууллаа. 34 хувийн ногдол ашиг авахыг тухайн үед эсэргүүцсэн хүн бол эсэргүү болж байсан. Гэрээг хийчихвэл барьцаа ахиулаад байх юм байна гэтэл нөгөө тал барьцаа ахиулсаар байгаад ийм байдалд орчихлоо. Гэрээ хэлэлцээрийг сайжруулах гэж байгаа хүмүүс үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Н.Амарзаяа: Говийн бүсийн гүний усыг харгалзан тогтоох тухай заалтыг их анхаарах ёстой.Говийн бүсэд уул уурхай явуулж байгаа компаниудын хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол энэ.

Х.Болорчулуун: Оюу толгой бол Эрдэнэтээс тав,, зургаа дахин том. Гэтэл ашиг хүртэх нь бүү хэл ашиглуулсныхаа төлөө өрөнл орж байна. санхүүгийн луйврын эргүүлгэд орчихсон. Ердөө 40-хөн хоногийн өмнө алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нэрээр татварыг найман жилээр шилжүүлсан. Ингэснээр бид хэзээ ч ашиг үзэхгүй. 34 хувиа үнэгүй авах байтал Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар бид өрөнд орж байна. тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. энэ хүн одоо ч үүнийг хамгаалаад хашгирч байна. Ц.Нямдорж гэдэг хүн Оюу Толгойд ажиллаж байгаа хүмүүс ажилгүй болвол яах вэ гэж байна. Оюу Толгойд яг хэдэн хүн ажиллаж байгааг хэл. Ц.Нямдорж сайд тоог нь нэмж байна. Дубайн гэрээгээр 3.1 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Үүнийг тохиролцоогоор хаачихсан. УИХ-ын тогтоол гарах нь тодорхой. Ажлын хэсэгт эрдэмтэд оролуож байж маш сайн сайжруулах хэрэгтэй байна.

Б:Баттөмөр: Оюу толгойн гэрээг сайжруулах ёстой гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Томоохон гэрэ хэлэлцээрт улстөрчид орохоороо будилуулдаг гэдэг үнэн. Уг нь гэрээг бэлтгэж өгдөг мэргэжлийн хүмүүс байна шүү дээ. Мэдэхгүй мөртлөө мэдэмхийрч гарын үсэг зурдгийн гай.

Ц.Түмэнцогт: Оюу Толгойд Үндсэн 2920 ажилтан, туслан гүйцэтгэгч 13 мянга гаруй ажилтан ажиллаж байна. Энэ жилийн хувьд томоохон ажлууд дууссантай холбогдуулан 11 мянга орчим болсон.

Гишүүд үг хэлж асуулт асууж, дууссаны дараа Оюу Толгойн гэрээнд Монгол Улсын  эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулах хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Үүгээр УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.