ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн мэдээ: Алслагдсан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-21

Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. 500 мянган ам.долларын өртгөөр, хамгийн богино буюу хоёр сарын хугацаанд барьсан уг эмнэлэгт 150 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурьлуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцлов.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор бүхий Хүүхдийн эмнэлгийг ийн ашиглалтад оруулснаар тухайн хорооны болон ойр орчмынх нь оршин суугчид хотын төвийг зорих шаардлагагүй болж байгаа юм.

Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Төмөрбаатар болон бусад холбогдох албаныхан оролцов. Тэд тууз хайчилж, эмнэлгийг албан ёсоор нээснийг мэдэгдснээр нээлтэд оролцсон албаныхан төдийгүй тухайн хорооны иргэдэд эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмжийг танилцууллаа.
 

Хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон энэхүү эмнэлгээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархаж байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотын төвөөс алслагдсан хороодын иргэдэд ойртуулж чадсан томоохон үйл явдал болж байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах ажлыг 2015 оноос хийж байгаа.

Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт 50 ортой, шаардлагатай тохиолдолд арван ор нэмж дэлгэн ахмадууддаа үйлчлэх бүрэн боломжтой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хорооны түвшинд, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрдүүлсэн тохиолдол ховор байдаг. Хамгийн гол нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үдэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тасагтай байгаагаарааа онцлогтой. Эрүүл мэнд сайд, эх хүний хувьд алслагдсан хорооны иргэд тэр дундаа хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж буйд баяртай байна” гэв.