ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Буянбаатар: Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” гэх эхнэртээ зориулсан аялгууг телевизүүд эмгэнэлийн ая болгочихсон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-22

Энэ сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн,Төрийг шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлийн 35 жилийн ойн тоглолт болох аж. Тоглолтын  талаар болон  түүний уран бүтээл, хөгжмийн урлагийн талаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай ярилцлаа. 

-Үндэсний урлагийн их урлагийн тайзнаа Хөгж­мийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлийн 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын  талаар юуны өмнө мэдээлэл өгөөч?

-Одоогоос 35  жилийн  өмнө БНМАУ тунхагласны 60 жилийн ойн  хүндэтгэлийн тог­лол­тод монголын  ард түм­ний сайн мэдэх “Сэрсэн тал” хэмээх удиртгал хөг­жмийг анх тоглосон түүх­тэй.  Социализмын үед улс тун­хаг­лас­ны ой,  намын баярын концерт, төрийн наадмын тог­лол­тыг бэлтгэхэд бараг  нэг сар гаруй мэргэжлийн урлагийн бай­гуул­лагын тоглолтыг хааж байгаад, одоогийн МҮЭСТО-нд бэлддэг байлаа. Тэр үеийн 60  жилийн  хүндэтгэлийн  концертыг Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров найруулж байсан юм. Тухайн концертыг найруулах үүрэг хүлээсэн хүн юуг оруулах вэ гэдэг шийдлүүдээ гаргадаг. Улмаар Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравт Үндэсний найрал  хөгжимд зориулсан удиртгал хөгжим бич гэдэг үүрэг өгсөн юм билээ.   Тухайн үеийн буюу өнөөдрийн Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын  консервитар, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын  уран бүтээлчид  нийлсэн 150 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний их найрал хөгжмөөр энэхүү удиртгалыг алдарт удирдаач,  Төрийн шагналт Ж.Чулууны удирдлага дор анх тоглож байсан түүхтэй. Энэ цагаас хойш 35  жил болжээ. Арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг  сонгосон учир нь 26-ны өдөр Улс тунхагласны баярын өдөр байдаг. Аливаа баярын өмнөх өдөр  нь концерт болдог шүү дээ. Мөн  35 жилийн өмнө тоглож байсан энэ өдөр нь 19:00 цагаас Үндэсний урлагийн их театрын  тайзнаа алдарт удиртгал анх тоглогдсоны 35  жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах юм. 

-Өмнөх жилүүдэд тоглолт зохион байгуулж байсан. Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой вэ? 

-30 болон 33  жилийн ойг нь бид тэмдэглэж байсан юм. Гэхдээ  33  жилийн ойг нь алдарт хөгжмийн зохиолчын бие  тааруу байхад нь хандивт зориулж байсан. Б.Шарав багш бид  хэд  анхнаасаа ярихдаа ойн өдрүүдээр жилд  нэг удаа тоглодог байя гэж ярьж байлаа. Тиймээс энэ жил тэгш ой буюу  35  жилийн ойг нь бид  “Apple” продакшн,  “Таван нүдэн” компани хамтран зохион байгуулах гэж байна. Тоглолтод хөгжмийн зохиолчын  алдартай бүтээл “Сэрсэн тал”-аас гадна,  үндэсний хөгжмийн төрлүүдэд туурвисан бүтээлүүд, мэргэжлийн дуулаач нарт зориулсан ард  түмний сонсох дуртай бүтээлүүд  орно. Тэгэхээр дуу хөгжмийн наадам, болох нь. Б.Шарав багш үндэсний хөгжмийн  зэсмгүүд болох морин хуур,  ятга, шанз, хуучир, ёочин хөгжмийн концертод  маш  олон бүтээл туурвисан байдаг. 30 жилийн ойн тоглолтод  морин хуурын концертыг тоглож байсан бол  энэ удаад ятга хөгжмийг сонгосноороо онцлог.  МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ ятгачин найрал хөгжимтэй хослон тоглох юм.  Хамгийн сүүлд бичсэн “Эхийн сэтгэл шиг” гэдэг хайрт хань  Д.Ганчимэгтэй зориулсан морин хуурын  маш гоё аялгуу байгаа. Үүнийг манай театрын морин хуурч Б.Алтанбагана үндэсний найрал  хөгжим­тэй тоглоно. Б.Алтанбагана бол алдарт морин хуурч Г.Жамъяаны удмын үе дамжсан мундаг хөгжимчин. Энэ жил Г.Жамъяан гуайн 100 жилийн ой тохиож байгаа учир “Эхийн сэтгэл шиг” гэх энэ сайхан  аялгууг тоглуулж байгаа юм. Мөн “Хөгжим ба нулимс” гэдэг дуун романсыг  Б.Шарав багшийн  алтан пянзны нээлтэд анх удаа дуулагдсан. Энэ удаагийн тоглолтод ч Э.Анхбаяр гавьяат дуулна. Монголын  тал нутаг дууг А.Долгор гавьяат дуулна гэх мэтчилэн сайхан үзүүлбэрүүд бий. Ер нь Б.Шарав багшийн  бүтээлүүд мэргэжлийн  дуулаач­дад зориулсан бүтээлүүд  байдаг. Тухайлбал,  “Эгнэгт жаргаах хорвоо”,  “Хайрхан уулын  бараа”, “Аав ээжийн нутаг”,  “Очоод  золгонодоо”, “Бүүжидмаа” зэрэг  дуунуудыг дурдаж болно. Дуулах дуучид нь дандаа дуурь бүжгийн  эрдмийн  театрын дуурийн гоцлооч нар буюу  Монголдоо төдийгүй дэлхийн тайзнаа болдог уралдаан тэмцээнд амжилттай оролцдог дуучид,  гавьяатууд  оролцоно. Аав,  ээж,  уул ус,  эх орноо  магтан  дуулах тоглолтыг  үзсэн  монгол хүн  бахархаад л гарна даа. 

-Дэлхийн томоохон урлаг­ийн  наадмын  тайзан дээр  манай мундаг уран бүтээлчид Б.Шарав гуайн уран бүтээлийг их дуулдаг юм билээ?

-Тийм шүү дээ. А зэрэглэлийн дуурийн дуучдын уралдаанд Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар амжилттай оролцсон. Тэмцээнүүдэд өөрийн орны хөгжмийн зохиочдын нэг бүтээлийг дуулах шалгуур байдаг юм билээ. Б.Шаравын “Аав, ээж хоёр”, “Монголын тал нутаг”, Н.Жанцанноровын “Хүний заяа” гэх мэт цөөхөн хэдхэн дууг  тэнд  дуулдаг. Гадаадын өндөр зэрэглэлийн уралдааныг шүүж байгаа шүүгчид манай дуунуудыг  сонсчихоод “Монгол орон ямар аугаа дуутай орон бэ” гэж уулга алдаж байсан юм билээ. Бүр биширдэг гэж байгаа юм. Энэ талаар Э.Амартүвшин надад ярьж байсан юм. Энэ аугаа дуунуудыг  дараагийн удаад хэн дуулах нь бас л сонин. “Монголын тал нутаг” дууг А.Долгор, Г.Ариунбаатар нар Монголын ард түмэнд хүргэсэн шиг  өөр хүн бас  хүргэж болно шүү дээ. 

-Шарав гуай нийтдээ хэчнээн уран бүтээл туурвисан бэ. Түүнийг мэддэг олон  хүн  тоолж барамгүй их бүтээлтэй гэдэг.  Танд багцаа байна уу? 

-Ёстой хэлж мэдэхгүй юм байна /инээв/. Хэдэн 100 гарсан байлгүй. Захын дуу зохиодог хүмүүс 200, 300 гэж ярьдаг юм билээ. Гэтэл Б.Шарав гуай дууны бүтээл, дуурь, бүжгийн жүжиг, гоцлол, төгөлдөр хуур, хийл, морин хуурд зориулсан гэх мэтээр задраад  явчихдаг. 

-Хувь хүнийхээ хувьд  ямар хүн байсан бэ. Их зөөлхөн  хүн юм шиг санагддаг юм?

-Их л дөлгөөхөн,  тайван,  элдэв улс төр,  жалга дов, нам эвсэл  гээд байдаггүй  юм. Улсад  их цөөхөн жил  ажилласан хүн шүү дээ. Хөгжим бүжигт хөгжмийн онолын  багш  хийж байгаад,  Дуурийн театрын даргаар багахан хугацаанд ажиллаж  хувиараа уран бүтээлээ хийсэн. Улсаас тэтгэвэр ч авч үзээгүй байх. Үнэхээр аугаа хөгжмийн зохиолч. Бүтээлүүдээс нь аугаа гэдэг нь харагддаг. Рок попын  төрөлд  ч дуунууд нь бий. Аливаа зүйлийг бодож, жинхэнэ зүрх сэтгэлээсээ,  ухаанаараа, авьяасаараа,  сэтгэлээс  гарсан зүйлээ цаасан дээр  нот болгож буулгаж байгаа юм шүү дээ.  Ард түмэн ч мэднэ дээ.

-“Сэтгэлийн  эгшиг”  гэдэг их гоё аялгуу байдаг шүү дээ. Хүмүүс эмгэнэлийн ая гэж ойлгоод  байдаг? 

-“Сэтгэлийн  эгшиг”  гэдэг бүтээлийг уг нь эхнэртэй зориулж бичсэн юм билээ. Харамсалтай нь манай телевизүүд хэтэрхий гуниг тал  руу нь ойлгоод бурхан болоочийн эмгэнэлийн ая болгочихсон.  Хүмүүс ч тийм гээд ойлгочихсон. Ханьдаа зориулсан их гоё аялгууг  гэгээн талаас нь бодох ёстой л доо. Сүүлд зохиосон “Эхийн сэтгэл шиг” бол  арай л өөр гэрэлтэй  өнгөөр эхлүүлсэн юм билээ. Сонсоод л баймаар тийм л сайхан бүтээл болсон.

-Сэтгүүлч бид нар бичгээр,  үгээр илэрхийлдэг бол, хөгжийн зохиолчид үгийг ая, эгшгээр илэрхийлдэг ?

-Хөгжим гэдэг бусдаас ялгаатай л даа. Бүжиг бол хөгжим дээр хөдөлгөөний нийлбэрийг харах,  сонсох зэргээр явагддаг. Дуу нь шүлэг, яруу найраг буюу   хөгжмийн нийлбэр. Хөгжим  хүнд харагдахгүй,  зөвхөн сонсох эрхтнээр дамжиж, зүрх сэтгэлд,  оюун ухаанд очиж ураахал  гэгээрэл өгдөг. Уран зургаар төсөөлвөл оюун ухаанд нь очиж зурагддаг  юм. 

-Үнэхээр л хөгж­мөөр бүхнийг илэрхийлж байна. Аймшгийн киноны сэртхийлгэм хэсгийн  ая явахад аймшгийн үзэгдэл авах нь гэдэг дохио авдаг. Түүгээрээ бага ч гэсэн айдсаа дардаг гэж боддог? 

-Хөгжим бол маш товчхоноор хэлэхэд амьдралын  ертөнц гэсэн үг. Хөгжмөөр сансар огторгуйг илэрхийлдэг биздээ. Огторгуй гэдэг нь огт оргүй гэсэн үг юм шүү дээ. Хөгжмөөр  дайн байлдаан,  хайр сэтгэл, уул усыг  ч илэрхийлнэ. Гэхдээ зөвхөн эгшиг аялгуугаар.

-Тэгэхээр хөгжмийг сон­сож ойлгоно гэдэг тухайн сонсогчоос боловсрол шаар­дах нь?

-Тийм ээ. Боловсролоос гадна тэвчээр,  мэдрэмж, шаардана. Хүмүүс хөгжмийн концерт гэхээр юуг нь үздэг юм гэдэг. Тэр бол тухайн хүний тархи, хүлээн авах потенциалтай нь холбоотой. Европынхон яагаад Л.Битховены синфоныг хэдэн цагаар ч хамаагүй сонсоод  байдаг юм. Хэдэн зуунаар нь сонсож,  залхвал  залхахаар  хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл  урлаг өөрөө нийгмийн оюун санааг  авч явдаг. Урлаг гэж хэлээд гутааж байгаа юмнууд  ч байна.  Рок хөгжим тавьчихаад  салбаганаад  байвал тэр хүүхэд  ямар хүн болох вэ. Харин эх хүн  намуухнаар “бүүвэй бүүвэй” гээд л  дуулдаг. Хэвлийд нь байхад ч бүүвэйн дуугаараа өсгөдөг биз дээ.  Тийм учраас боловсрол, улс орны хөгжилтэй хамаатай асуудал.  Хөгжил  гэхээр  хэдэн баллд нурах нь мэдэгдэхгүй өндөр байшин сүндэрлүүлээд, хүний зохиосон гар утсыг барьж, машин уначихаад хөгжөөд байна гэж ярьцгаах юм. Хүний хийсэн юм хэрэглэчихээд  ямар юмандаа хөгжих вэ.  Хөгжил гэдэг нь оюун санаан доторхийг  хэлэхээс биш материаллаг  зүйлийг хэлдэггүй юм. Тэр чинь хүн төрөлхтний хөгжлийн явцад угаасаа өөрчлөгдөөд л явна. 30 жилийн дараа гоё сайхан гар утас хоцрогдоод явахад, хүний оюун санаа, зөв чанар,  үндэсний соёл урлагаар бахархах бахархал хөгжих ёстой.

-Өнөө цагийн мундаг хөгжмийн зохиолчыг та нэрлээч?

-Сайхан хөгжмийн зохиолчид  төрнө гэж найдаж байгаа. Ер нь бол  муу хэлээд байдаг социалист нийгмийн үед аливаа юм бодлогоор, төлөвлөгөөтэй явдаг байсан. Манай Улсад тэдэн эмч хэрэгтэй, хэдэн жилийн  дараа хэн тэтгэвэрт гарах вэ гэх мэтээр. Хуучин 18  аймагт багтдаг байсан юм. 18 аймгийн Хөгжимт драмын театрт хэдэн хөгжимчин  хэрэгтэй байна, тийм тооны жүжигчин хэрэгтэй байгаа учир ирэх таван жилдээ тэдэн жүжигчин бэлдэнэ хэмээн төлөвлөдөг  байсан. Монголын  хөгжмийн зохиолчдыг  20 дугаар зуунд маш сайн бодлоготойгоор  бэлд­сэн гэж хардаг. Л.Мөрдорж, С.Гончигсумлаа нарыг ЗХУ-д явуулж  аугаа хөгжмийн зохиолч болгосон байна шүү дээ. Д.Лувсаншарав,  Э.Чойдог, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн гээд л  байна. Энэ хүмүүсийн дараа З.Хангал, Н.Жанцанноров Б.Шарав, Х.Билэгжаргал, Г.Алтанхуяг  гэм мэт.  Бас л  бүгдийг  нь социализмын үед бэлдсэн. Тэдний дараагийн үе  Ш.Өлзийбаяр, Б.Мөнхболд, Г.Бирваа гээд л бий бий. 

-Эдгээр мундаг хөгжмийн зохиочдын хөгжмийг удирдана гэдэг маш чухал бөгөөд  эрхэм үүрэг байдаг байх?

 

-Нэр төрийн хэрэг л дээ. Миний хувьд морин хуурч хүн шүү дээ. Хөгжим бүжгийн дунд сургуульд байхад  удирдаачийн  хичээл  нэг жил ороод хаасан юм. Сонирхож байгаа нь цааш нь сонгон суралцаж болно.  Тухайн үед  бидний хэн, хаана байхыг  салбар яам нь шийддэг байлаа. Хаана хэрэгтэй байна тэнд л  зориулж биднийг төлөвлөгөөтэй бэлтгэсэн болохоор дуртай газраа очиж ажиллах боломжгүй байсан л даа. Намайг  Улсын ардын дуу бүжгийн чуулгад 1985 онд ирж байхад тухайн үеийн  удирдлагууд их дэмжиж удирдаачаар ажиллуулж байсан үе. Одоо ч сураад л  явж байна. Найрал хөгжим гэдэг олон хүнээс бүрдсэн янз янзын ааш араншинтай. Тэдгээр нь олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй,  өөр өөрийн аятай,  бүдүүн нарийн,  дуутай, үлээдэг цохьдог, нумаар дуугаргадаг. Энэ бүгдийг нэг утга санаа, нэг хэмнэлд  оруулах үүргийг  удирдаач хүн хүлээдэг. Зам дээр цагдаа, гэрлэн дохио байхгүй бол Улаанбаатар хотын  машин яаж явдаг билээ. Түүн шиг  л дур дураараа тоглож  нэг цул болгож үзэгч,  сонсогчдод хүргэнэ гэсэн үг шүү дээ.