ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японы “гунигт” хатан Овада Масако

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-25

Японд шинэ хаан сэнтийдээ заларч, шинэ он тоолол эхэлсэн. Угсаа залгамжлах хунтайж 59 настай Нарүхито өөрийн эцэг Акихитог залгамжилж, хаан ширээнд залран Японы цог жавхлант эзэн хаан болж, түүний гэргий 55 настай Овада Масако хатнаар өргөмжлөгдсөн билээ. Овада Масакогийн хувьд эх орныхоо төлөө үйлчлэх нь  хүсэл эрмэлзэл нь хэдий ч, үүнийхээ төлөө эрх чөлөө, мөрөөдөл, карьераа хаясан нь эдүгээ ч олны дунд ярианы сэдэв хэвээр.  2018 оны арваннэгдүгээр сард хоёр жилд нэг удаа болдог Японы эзэн хааны гэр бүлийн уламжлалт хүндэтгэлийн үйл ажиллагаанд Масако хатан оролцохдоо 15 жилийн дараа анх удаагаа цэцэрлэгийг бүтэн тойрч, зочидтой эелдэг яриа өрнүүлсэн хэмээн хэвлэлд дурджээ. Өмнө нь тэрбээр эл үйл ажиллагаанд оролцдог хэдий ч, цөөн тооны хүнтэй л үг зөрүүлээд амрахаар явдаг байсан гэдэг. Түүнийг “Уйтгарт гүнж” гэх тодотгол байнга дагана. 1993 онд хунтайжтай гэрлэснээс хойш л энэ тодотгол түүнийг байнга шахам дагаж, хэвлэлийн хуудаснаа гарах болжээ. Зарим хэвлэлд хааны гэр бүлд бэр болж очихоос өмнөх болон дараах түүний зургийг харьцуулан тавьж, аз жаргалгүй болсон хэмээн мэдээлж байсан бол өөр нэг хэсэг нь улсын эрх ашгийн төлөө карьераа золиослосон эмэгтэй гэхчилэн дамжуулж байв. Харин яагаад ийм нэр түүнийг дагах болсныг дор өгүүлье. 

 

Бэлтгэгдсэн дипломатч


Дээр өгүүлсэнчлэн энэ хоч бол түүнд өгсөн хэв­лэ­лийнхний тодотгол. Угаас нэр хүндтэй дипломатчийн гэр бүлд төрж, аавынхаа адил дипломатч болох зорилго тавин өндөр боловсрол эзэмшсэн бүсгүй өөрөөсөө намхан, дөрвөн насаар ах хунтайжтай албан хүчээр шахам гэрлэж, насан туршдаа олны нүдний өмнө амьдарна чинээ тө­сөө­лөө­гүй биз. Тэр багаас л дипломат албанд бэлт­гэгд­сэн байжээ. Овада Масако 1963 оны арван­хоёр­дугаар сарын 9-нд Японы тэргүүний дипломатч Овада Хисакийн гэр бүлд төрж, хоёр настайгаасаа ЗХУ-д амьдарчээ. Орос цэцэр­лэгт таван нас хүрт­лээ хүмүүжиж, улмаар гэр нь Нью-Йорк руу нүүс­ний дараа тэнд мөн сургуулийн өмнөх нас­ны боловсролд хам­рагд­сан байна. 1971 онд аав нь Япондоо буцан ирж, Гадаад харилцааны яаман­даа ажиллах болжээ. Энэ үед Масако гүнж ээж, эмээгийнхээ төгссөн Католик охидын сургуульд сурал­цан төгссөн аж. Угийн сэр­гэ­лэн авхаалжтай охин тул төгөлдөр хуур, теннис, гар урлалын дугуйланд сур­са­наас гадна амьтдын ер­төн­цийг сонирхож, бүр нэг хэсэгтээ амьтны эмч болохоор шийдсэн байсан гэдэг. 1979 онд буюу түүнийг ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхад тэднийх мөн л АНУ руу нүүх болжээ. 

Учир нь аав нь Харвардын олон улсын харилцааны төвд зочин профессороор уригдан ажиллах болсон тул Масако Америкт сургуулиа дүүргэж, Харвард, Оксфордын Баллиол коллежид суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн байна. Тэр англи, испани, герман, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр Харвардад сурч байхдаа сургуулийнхаа Японы нийгэмлэгийн тэргүү­нээр ажиллаж байсны зэрэг­цээ Бостон дахь Японы кон­султай дотно нөхөр­лөж, соёлын элч болон дипло­матчаар сайн дураа­раа ажил­ладаг байсан гэдэг. Магад­гүй энэ үеэс л тэрбээр дипло­матч болно гэсэн мөрөө­дөл, зорилго тээж эхэл­сэн болов уу. Сур­гуулиа амжилттай дүүргэснийхээ дараа Масако Япондоо эргэн ирж, Японы гадаад харил­цаа­ны яаманд ажилд оро­хоор шалгалтад бэлтгэж, Токио­гийн их сургуульд сурал­цан, хууль судлаж эхэлсэн байна. Энэ шалгалтад 800 хүн оролцож, ердөө 28 хүн тэнцсэнээс нь хоёр нь эмэг­тэй байжээ. Тэр хоёр эмэг­тэйн нэг нь Масако бай­лаа. Ин­гээд тэрбээр улсын­хаа га­даад харилцааны яаманд эрч хүчтэйгээр ажил­лах болж. Гэтэл Эзэн хааны орд­ны Хэрэг эрхлэх газ­рын дарга Фужимори Сэйчи нэ­лээд хүндхэн асуу­дал­тай тул­гар­сан байлаа. Энэ нь хаан Акихитогийн ууган хүү, үе залгамжлах хун­тайж Нарухито­гийн эхнэр бо­лох бүс­гүйг сонгон олж өгөх яв­дал. Нийтдээ 200 гаруй бүс­гүйг судалж танилцуулсан бо­ловч Нарухито тэднээс хэ­нийг нь ч тоосонгүй. Фүжимори түүнээс хойш хэдэн жилийн турш шаргуу ажил­лас­ны эцэст Масаког Японы ирээдүйн гүнж болоход яг таарах хүн гэж дүгнэжээ.  

 

Нөхөрлөл ба гэрлэлт 


1986 оны арваннэгдүгээр сард хунтайж Нарүхито Испанийн гүнж Инфанта Эленатай цай уух үеэр Масако ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Тэр үед Масако Токиогийн их сургуульд сурч байсан бөгөөд хунтайж түүнд дурласан байлаа. Тэр учралаас хойш хэд хэдэн удаа тэд уулзсан гэдэг. Улмаар тэдний харилцааны тухай 1987 онд анх хэвлэлүүдээр гарч эхэлсэн байна. Харамсалтай нь Масакогийн өвөө Юутака Эгахейха нь 1930-аад оны үед Японы хөгжлийн банканд ажиллаж байхдаа Минамато хотын цэвэр усны нөөцөд их хэмжээний химийн пластик хорт бодис хийж олон мянган хүнийг хордуулж, ургийн гажиг үүсгэсэн “Chisso” корпорацын санхүүгийн сүйрлийг хаацайлж байсан гэх маргаантай хэрэгт холбогдож байснаас болж хааны гэр бүлд багтах ёсгүй гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан аж. Гэвч, энэ бүхэн хунтайжийн хувьд асуудал биш байсан бөгөөд гурван ч удаа түүнийг эхнэрээ болгох санал тавьжээ. Харин Масако  өөрийн карьерыг хөөхийн тулд хааны гэр бүлийн гишүүн болохыг хүсээгүй гэдэг. Тэрбээр аавынхаа адилаар дипломатч болохыг хүсч байжээ. Эцэст нь, 1992 онд бүсгүй ойрын хүрээллийнхнийхээ ятгалгаар хунтайжийн гурав дахь гэрлэх саналыг хүлээж авсан гэдэг. Ингээд 1993 оны нэгдүгээр сард тэднийг сүй тавьсныг хааны ордноос зарлаж, зургаан сарын дараа тэд хуримлажээ. Өмнө нь гарсан дуулиан шуугиантай холбоотойгоор хосуудыг салсан гэж итгэсэн байсан ард иргэдийн хувьд энэ тун гэнэтийн мэдээ байж.  Хунтайж гэрлэх санал тавих үедээ “Хааны ордон доторх амьдрал амаргүй, айж балмагдах явдал цөөнгүй. Гэсэн ч, би чамайг бүх насаараа хайрлаж, хамгаалах болно” хэмээн амлажээ. Тэр одоо ч амлалтдаа хүрч яваа гэдэг. 

 

Дипломат бүсгүй “Уйтгарт гүнж” болсон нь 


Хааны гэр бүлд орно гэдэг хэн бүхэнд заяахгүй хувь тавилан. Эх орныхоо төлөө үйлчилнэ гэж өөртөө амласан бүсгүйн хүсэл зорилго ч энэ гэрлэлттэй нь нийцэж байлаа. Гэсэн ч, энэ үеэс л түүний харцанд гуниг хурах болжээ. Масако хунтайж Нарухитотой гэр бүл болсноор Японы эртний уламжлалыг даган, нөхрөө хүндлэн, үр хүүхдүүдээ өсгөх гэр бүлийн “чимээгүй” албанд зүтгэх шаардлагатай тулгарав. Улмаар амьдралынх нь хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөн, тэрбээр шүлэг бичиж, цэцэг тарьж, олон нийтийн ажилд хааяа оролцдог, Японы эртний уламжлал, ялангуяа Эзэн хааны гэр бүлийн нарийн дэг жаяг, журмыг ягштал биелүүлдэг эзэгтэй болов. Сонин хэвлэл ч түүнийг янз бүрээр цоллон бичиж байлаа. Дээр дурьдсанчлан, улс орны эрх ашгийн төлөө өөрийн мөрөөдөл карьераа золиосолж буй өрөвдөм эмэгтэй гэж. Энэ бүхэн түүнд сэтгэлзүйн дарамт учруулж байсан гэдэг. Түүнчлэн, гэрлэлтийн дараа ордны амьдралд дасахгүй хэцүү цаг үеийг туулснаас гадна хүүхэд, жирэмслэлттэй холбоотой асуудлууд түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд гүнзгий нөлөөлжээ. Тухайлбал, Масако гүнж 1999 онд хөл хүнд болсон ч харамсалтай нь дутуу төрж, мөн 2001 онд угсаа залгамжлах хүү биш охин төрүүлснээр бусад хүмүүсээс ирэх дарамт шахалтууд улам нэмэгдсэн аж. Энэ бүхний улмаас тэр сэтгэл гутралын эмгэгтэй болсон байна. 

Улмаар удаан хугацаанд олон нийтийн үйл ажиллагаанд оролцолгүй чимээгүйхэн амьдрах болсон юм. Харин нөхөр нь Японы эзэн хаан болсны дараа өөрийн үүргийн дагуу олон нийтийн өмнө дахин гарч, үйл ажиллагаануудад оролцох болсон ч, эмч нар түүний сэтгэцийн өвчин даамжирах вий гэдэгт ихээхэн санаа зовних болжээ. Юутай ч,  Японы цог жавхлант эзэн хааны хатны үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд тэрбээр зогсолтгүй хичээж байна.