ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаяр: Баялгаас орсон мөнгөө зарлага болгодог нь хамгийн том алдаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-25

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа. 

-Төрийн бодлогод залгамж халаа гэдэг зүйл байхгүй болсныг шүүмжилдэг. Монгол Улсын хөгжлийн бодлого дөрвөн жилийн  настай боллоо гэж байна. Төрийн бодлого уялдаа холбоотой, тогтвортой байхын тулд юуг чухалчлах ёстой вэ. Судлаач хүний хувьд үүнийг юу гэж хардаг вэ?

-1990 онд зах зээлийн нийгэмд шилжихтэй уялдаад нийгмийн бүх суурийг өөрчилсөн. Хууль эрх зүй болон эдийн засгийн тогтолцоо, төсвөө хэрхэн бүрдүүлэх аргачлал, өмчөө хувьчилсан гэх мэт эрс эргэлтийн шинжтэй маш том өөрчлөлтүүдийг хийсэн. Өмч хувьчлалтай холбоотойгоор Монголын эдийн засаг сууриараа өөрчлөгдсөн. Яг энэ үед хөгжлийн бодлогыг өөрчлөх гэж оролдсон боловч харамсалтай нь зөв чиглэлээ олж чадалгүй маш том алдаа гаргачихсан гэж хардаг. Болгар, Молдав, Чех, Польш, Лаос, Камбож, Вьетнам гэх мэт Монголтой төстэй бусад орнууд бүгд л бидэнтэй адилхан бэрхшээлийг туулсан. Яг адилхан нөхцөл байдал, адилхан гараанаас эхэлсэн ч зарим нь хөгжлийн бодлогоо маш оновчтой тодорхойлсон. Түүнийгээ хэрэгжүүлж чадсан учраас 10-20 жилийн хугацаанд амжилтад хүрсэн. Бидний хувьд өөрийн улсын онцлогт тохирсон зөв шийдлээ олж чадаагүй учраас доголдоод байгаа юм. Ялангуяа хөгжлийн бодлогын асуудал нэлээд хэцүү. Хуучин системээсээ хэрэггүйг авч хаяхдаа эдийн засгийн төлөвлөлт гэдэг зүйлийг тэр чигээр нь аваад хаячихсан. Үүнийг хийж байсан байгууллага нь тухайн үеийн Үндэсний хөгжлийн газар. Одоогийнхоор бол яамны статустай байгууллага байсан. Энэ байгууллага 2004 онд Санхүү, эдийн засгийн яам болж сангийн яамтай нэгдсэнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр институцийн хувьд тогтол­цоогоо алдчихсан. Газар, хороо, яам гэх мэт төрөл бүрээр өөрчлөгдөх явцдаа төлөв­лөж байсан арга барил нь мартагдаж, ажиллаж байсан боловсон хүчнээ ч мөн алд­сан. 

-Бодлогын залгамж халаа байхгүйтэй холбоотой юу?

-Өмнөх системээс залгамж­лаад өнөөгийн Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг яаж хийх вэ гэдгийг хийх болов­сон хүчнээ бэлтгэж чадаа­гүй. Ингээд тогтолцоо ч боловсон хүчин ч байхгүй болчихсон гэсэн үг. Бичиг баримтын хувьд 1990-ээд оны сүүлээр “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” гэж анхны урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гаргах гэж оролдсон. Үүний дараа 2000 оны эхээр олон улсын  “Мянганы хөгжлийн зорилт”-ыг дагалдан “Монгол Улсын мянганы хөгж­лийн зорилт” хэмээх урт хуга­цаа­ны хөгжлийн бичиг баримт гаргасан юм. Хамгийн сүүлд 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг УИХ батлан гаргажээ. Бид урт хугацааны бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэх арга зүйгээ шинэчлэх гэж оролдож байна. 2016 онд УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталлаа. Зах зээлийн нийгэмд шилжих үедээ алдсан тогтолцоогоо одоо бүрдүүлж эхэлж байна. Гэсэн ч зөв тогтолцоо руугаа орж чадахгүй л яваад байгаа юм. Яагаад гэвэл өмнө нь гаргасан  дүрэм, журмууд бүгд хоорондоо зөрчилддөг. Зарим салбарын үйл ажиллагааг улсаас бүх зүйл нь хараат байхаар төлөвлөж заримыг нь улсын оролцоо хэрэггүй, хувийн хэвшил аваад явчихна гэх зэргээр харилцан уялдаагүй бодлого төлөвлөж ирсэн. Манай улс 500 гаруй хууль, 1500 гаруй бичиг баримтаар өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулдаг. Энэ бүхэн бүгд хоорондоо уялдсан, хөгжлийн бодлогодоо чиглэсэн байх ёстой атал бүгд зөрчилддөг гэхэд болно. Тиймээс улс орны хөгжил тогтвортой нэг чиг шугамыг барьсан биш, сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлого үйлчилдэг байдалд орчихож байна.  Тэгэхээр шийдлээ хүлээсэн, “царцсан” маш олон асуудал байх нь аргагүй. 

-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”-д хөгжлийн бодлогын уялдаа холбоог хэр тусгасан юм бол. Таны хувьд энэ хэр сайн баримт бичиг вэ?

-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бол ирэх 15 жилийн хөгжлийн төлөвлөсөн урт хугацааны баримт бичиг. Нарийвчилсан алхам бүрийг хэлж өгөхгүй гэсэн үг.  Зөвхөн чигийг заах буюу салбар хоорондын уялдаа ямар байх, хүн ам, боловсролын талд ямар бодлого баримтлах вэ гэх мэт суурь асуудлыг чиг­лүүл­сэн урт хугацааны бод­логын баримт. Урт хуга­цааны бодлогод тусгасан бод­логыг задалж, салбарын бод­лого болгон нарийвчлан боловс­руулдаг. Тэр бод­логуудад нарийвчилсан арга замууд, алхмууд гардаг. Уялдаа холбоог хангахын тулд бага багаар ахиад л байна гэсэн үг. 

-Сингапур, Малайз гэх мэт маш богино хугацаанд ам­жилттай хөгжиж чад­сан орнуудын жишээг ярьдаг. Эдгээр улс орнууд бодлогын ямар зарчим барим­тал­сан болоод ийм амжилт­тай хөгжиж чадсан юм бол? 

-Хөгжлийн сайн жишээнд байнга ярьдаг нэлээд хэдэн орон бий. Эдгээр улс орнууд 1950-иад оны сүүлч, 1960 оны эхээр энэ өөрчлөлтөө хийж эхэлсэн байдаг. Тухайн үедээ хөгжлөөрөө нэлээд хоцрогдсон улсууд байсан. Ялангуяа Зүүн өмнөд Ази бол аж үйлдвэр гэж байхгүй. дээд тал нь хоёр давхар ядруухан орон сууцтай байсан. Гэтэл өнөөдөр богино хугацаанд маш амжилттай хөгжлөө. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, энэ өөрчлөлтийг эхлүүлсэн лидер. Түүнээс биш Сингапур, Малайзын алинд нь ч бэлтгэгдчихсэн төрийн албан хаагч байгаагүй шүү дээ. Гол нь үүнийг хийх ёстой гэсэн ойлголттой цөөн тооны сэхээтэн байсан. Сингапурт л гэхэд залуухан Ерөнхий сайд гарч ирээд, энэ улс орныг ингэж өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ийм өөрчлөлт хийе гэж манлайлаад, төрийн албандаа чадвартай боловсон хүчнээ цуглуулж чадсан. Олон хүн амтай учраас шигшигдэж гарч ирсэн хүмүүс нь маш чадварлаг боловсон хүчин байсан хэрэг. Манай улсын хувьд хүн ам цөөн учраас шигшигдээд байх хүн харьцангүй цөөн. Бидний хувьд боловсон хүчнээ бэлтгэх тогтолцоо нь өөрчлөгдсөн учраас төвөгтэй асуудал байгаа юм. 1995 оноос өмнө социалист системээр бэлтгэж байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш барууны орнуудын хэв маягаар бэлтгэж байна. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий. Хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлээд байгаа орнууд бол бодлогоо зөв тодорхойлж, хамгийн гол нь түүнийг хэрэгжүүлэх байгууллагаа хамгийн түрүүнд байгуулсан.

Сингапур 1958 онд, Малайз 1955 онд бодлого төлөвлөлтийн байгууллагаа байгуулсан байх жишээтэй. Нэг хүний бодол байсан зүйлийг өргөжүүлж, түүнийг хэрэгжүүлэх бүхэл бүтэн институци бий болгож байна. Энэ замаар яваарай гээд хөгжлийн бодлогын бичиг баримтыг нь гаргаж өгөөд, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага нь хариуцаад явж байна гэсэн үг. Ингэхдээ урт хугацааны бодлогоо дотор нь таван таван жилээр хувааж, таван жилийн төлөвлөгөөнд хөгж­лийн бодлогоо нарийв­чилж тусгадаг байж. Таван жилийн дотор ийм зүйл хийнэ гэсэн төлөвлөгөө. Богино хугацаанд амжилттай хөгж­сөн орнуудын дийлэнх нь экспортод чиглэсэн бод­лого байдаг. Сингапур л гэхэд өөрийн гэсэн түүхий эд байхгүй жижиг улс. Гэтэл ийм улсыг богино хуга­цаанд яаж орлоготой, амжилт­тай хөгжүүлсэн бэ гэдэг нь экспортыг дэмж­сэн бодлого явуулсан гэсэн үг. Тодруулбал, газар нутгийнхаа давуу байдлыг ашиглаад гаднаас түүхий эд авч, түү­нийгээ боловсруулаад экспор­тол­сон. Одоо Сингапурын гадаад худал­даа­ны 43 хувь нь экспорт байна. Гаднаас түүхий эд авлаа, бүтээгдэхүүн болгоод өөр улсад борлуулдаг. Түүхий эд, газрын баялаг л зөвхөн улс орны хөгжлийн гол түлхүүр байдаггүй  гэдгийг маш тод харуулсан. Солонгос ч мөн адил үйлдвэржүүлэлт болон худалдааны бодлогыг зэрэг хөгжүүлж чадсан учраас богино хугацаанд хөгжингүй орон. Аж үйлд­вэрийг маш амжилттай хөг­жүүлж, түүнийгээ дагаад бүтээг­дэхүүнээ худал­даа­лах бодлогоо маш сайн хэрэгжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хөгжлийг юунаас эхлэх вэ гэдэг маш чухал юм. Эхлэлээ зөв тавьчихаар эхний таван жилийн төлөвлөгөөнийхөө алдаа онооноос суралцаад, хөгжлийн дараагийн бодлого улам тогтворжоод явдаг. 

-Эдийн засгийн бодло­гоос өөр хөгжлийн тулгуур нь юу байв?

-Гадна богино хугацаанд амжилт­тай хөгжсөн орнууд өмнөх засаглалынхаа муу зүйлүүдийг маш сайн устгаж чадсан. Авлига, хүнд суртал зэргийг үндсээр нь устгаж чадсан нь хөгжлийн бодлогыг бас нэг нууц. Улс орон хөгжихийн тулд засаглал өөрөө ил тод, цэвэр байх ёстой гэдгийг Сингапур 1960, 1970-аад онд хийж чадсан. Эдийн засаг, бизнес хөгжих орчныг бүх талаас нь бүрдүүлэх улс орны хөгжилд хамгийн чухал гэдгийг амжилттай хөгжсөн улс орнууд харуулж байна. Тэгэхээр хөгжлийн бодлогыг юунаас эхлэх вэ гэдэг гараа хамгийн чухал. Харамсалтай нь бид тэр гараагаа олохгүй л яваад байна. 

-Манай Улсын хувьд хөгжлийг хаанаас нь эхлэх вэ гэдэг учраа олохгүй байгаа гэсэн үг үү?

-Тиймээ. Манай Улсын хөгжлийн бодлогод саад болсон зүйл нь ашигт малтмал гэж хардаг. Олон улсын байгууллагын жишээгээр ч энэ нь батлагддаг. Ашигт малтмал 2008-2009 оны үед үнэд орохоос өмнө улсын төсөв харьцангүй бага байлаа шүү дээ. Одоогийнхоос бараг хоёр дахин бага байсан. Үүний дараа гадаадын том төслүүд орж ирж эхэлсэн. Ийм үед маш зөв хариуцлагатай бодлого хэрэгжүүлэхгүй бол байгалийн баялаг хөгжлийн бодлогод саад болж, төөрөлдүүлдэг аюултай. Амархан аргаар мөнгө олж болох юм байна гэх ойлголт төрүүлдэг. Уул уурхайн салбар жилд хоёр тэрбум төгрөгийн татвар төлж байгаа учраас бид их мөнгөтэй, байна. Үүнийхээ хэмжээгээр төсвөөрөө дамжуулан зараад байх боломжтой гэсэн ойлголт засаглалд бий болж байна гэсэн үг. Энэ алдаа бол ашигт малтмалд тулгуурласан бусад орнуудад ч тулгардаг асуудал. Засаглалын тогтолцоогоо зөв байлгаж чадалгүй ашигт малтмалаас болоод баларсан улс орнууд олон бий. Харамсалтай нь бид энэ эрсдлийг эхний шатандаа ойлгоогүй учраас гацаад байгаа юм. Ашигт малтмалаас орж ирэх их орлогод толгой нь эргээд, түүнийгээ төсвөөр дамжуулж, зам барих гэх мэтээр хамаагүй зарлагадаж байгаа нь буруу. Хөрөнгө оруулалт хийгээд л хөгжөөд байх юм байна гэж ойлгосон. Гэтэл ашигт малтмалаас орж  ирж байгаа мөнгө нь хувийн хэвшлийг хөгжүүлэхэд саад болж байгаа юм. Уг нь бид байгалийн баялгийн мөнгийг авч зарлагадахаа нэгдүгээрт тавих биш, дараагийн шатны хөгжлийн суурийг бүрдүүлэх ёстой. Гэтэл орж ирсэн мөнгөө шууд л зарлага болгоод гаргаад байгаа нь хамгийн том алдаа гэж хардаг. Аймгуудыг засмал замд холбосон нь сайн хэрэг мөн боловч эхний ээлжинд хийх ёстой ажил мөн байсан уу гэдэг бодох асуудал. Экспортод чиглэсэн дэд бүтцийг одоо болтол барьж чадахгүй байна. 2008 оноос хойш 10 гаруй жил төсвийнхөө орлогыг ашигт малтмалаас бүрдүүллээ. Бүрдсэн мөнгөө тараачихдаг. Гэтэл Зүүн өмнөд азийн орнууд сан байгуулж, дараагийн хөгжлийн суурь болох асуудлуудыг шийдэхэд зориулсан байдаг. Гэтэл бид тийм бодлого хэрэгжүүлж чадахгүй байна.  Байгалийн баялаг засаглалыг төөрөгдүүлж байна гэсэн үг.  

-Байгалийн баялагтай улс орон засаглалаа яаж сайжруулах ёстой юм бэ. Олон улсын сайн туршлага бий юу?

-Сүүлийн арваад жил манай улсын энэ алдааг олон улсын байгууллага анзаарч, НҮБ, Дэлхийн банк тэргүүтэй байгууллагуудаас Монгол Улсад удаа дараа анхааруулж ирсэн. Засаглалаа яаж сайжруулах талаар зөвлөмжийг хэд хэдэн удаа  өгсөн. Энэ чиглэлээр нэлээд олон ажил хийсэн. Наад зах нь уул уурхайн ил тод байдал байна. Энэ нь уул уурхайн салбараас олсон орлогыг бүрэн бүртгэж авах асуудал. Уул уурхайн салбараас орж байгаа мөнгө нийтийн хэрэгцээнд бүрэн орж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг тогтолцоог бий болгосон. Энэ мэт аажмаар засаж залруулж байгаа зүйл бий. Гол нь байгалийн баялгаас орж байгаа орлогыг зөв бүрдүүлэх сан байх ёстой. Одоо бид “Ирээдүйн өв”, “Баялгийн сан”-гаа маш тогтвортой бүрдүүлж явах хэрэгтэй. 

-Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага манайд өмнө нь байсан юм байна шүү дээ. Одоо дахиад ийм байгууллага байгуулах ёстой гээд байгаа?

-Манай улсын энэ түүх их төвөгтэй. Сайн туршлагуудаас харахад тогтолцоогоо тэгээс эхэлсэн байна шүү дээ. Бодлогоо хэрэгжүүлэх тусгай байгууллагаа эхний ээлжинд байгуулаад, түүнийг зөв хүнээр удирдуулна гэдэг маш чухал. Гэтэл манайд сонгуультай холбоотойгоор сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар өөрийнхөө бүцтийг зурж байгаа. Бүтцээ зурахдаа маш хариуцлагагүй хандаж байгаа юм. Сонгуульд хэн ялах нь мэдэгдэхгүй байж болно. Гэтэл сонгуульд ялаад нэг сарын дотор л Засгийн газар бүтцээ зурчихаж байна. Ганцхан сарын дотор энэ бүтцийг зөв үнэлж, дүгнээд зурж хэзээ ч чадахгүй. Бэлтгэл ажил хийдэггүйгээс болоод маш их алдаа гарч байгаа юм. Яам, агентлагийн бүтцийг эцсийн дүндээ юу гэж хардаг вэ гэхээр агентлагийг тэдээс хэтрүүлж болохгүй,орон тоог тэдээс хэтрүүлж болохгүй гэдэг хайрцагт хийж, илүү гарсныг хайчилчихаж байна гэсэн үг. Энэ нь өөрөө хөгжлийн бодлогыг зөв авч явах бодлогыг алдагдуулж, цоорхой үүсгээд байдаг.