ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Дамбий: Эмэгтэйчүүд нийгмийн идэвхи оролцоо өндөр байдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-25

Ажилгүй иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандаж ямар үйлчилгээ авч болдог талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбийгаас тодрууллаа. 

-Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ХНХЯ-наас хэрхэн дэмждэг вэ?
-Яамнаас иргэдэд чиглэсэн, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болон ажилгүй иргэддээ зургаан хөтөлбөр,  арга хэмжээг хэрэгжүүлдэг. Аймаг, дүүрэг бүрт байдаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,  хэлтсүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг юм. Хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих сангаас санхүүжүүлж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь хэрэгжүүлсээр ирсэн.  Хуульдаа,  хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих үйлчилгээ бол иргэдийн  өөрсдийнх нь хүсэл сонирхолд тулгуурлана, иргэдийг хүчээр хамруулахгүй гэдэг  зарчмыг  тусгаж өгсөн. Тэгэхээр иргэдийн хувьд эрэгтэй, эмэгтэй,  өрх толгойлсон, хөгжлийн  бэрхшээлтэй  хэн ч байсан хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд санхүүгийн асуудал хүнд байдаг шүү дээ. Үүнд  яаж анхаарч байгаа вэ?
-Хөтөлбөрүүдийн гол агуулга нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд жижиг зээл,  санхүүгийн дэмжлэгүүдийг олгодог. Жижиг зээл гэдэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дээд тал нь 10 хүртэлх сая төгрөгийн, бичил  үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг  жилийн 2.7 хувийн  хүүтэй өгдөг. Зээл авахад  хүү өндөр байдаг л даа. Тухайлбал, арилжааны банкны хүү 20 гаруй хувь байдаг бол  ББСБ түүнээс өндөр хүүтэй.  Манай зээлийн хүү хамаагүй бага байгаа юм. Иргэдийн эргэн төлөлт ч боломжийн  хэмжээнд гэж харж байна. Зээлээс гадна барьцаагүй хүүгүй, гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хувиараа хөдөлмөр эрхлэх гэж буй иргэдэд тодорхой хэмжээний төлөвлөгөө, төслөө гаргасан бол санхүүгийн дэмжлэг авах эрх нь нээлттэй. 

-Ажил, мэргэжлийн туршлагагүй хүмүүс ажил хийх хүсэлт гаргаад Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлт­сүүдэд  хандаж болох уу? 
-Ажилгүй иргэдийн хувьд ажилд зуучлуулж орохын тулд тодорхой хэмжээний ур чадвар дутагдаад байгаа бол  маш богино хугацаад сургаж болдог. Сургалтын бүх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Үйлдвэр дээрх сургалт буюу ажил олгогчтой нь гэрээний үндсэнд тохироод сургалтын дараа шууд ажилд оруулах хэлбэр ч бий.  Бас өөрсдийнх нь хүсэл сонирхолд тулгуурлах замаар сургалтын байгууллагатай ч хамтрах боломжтой.  Ажилгүй иргэн ажилтай болох хугацаа хүртэл орлогогүй байх нь хүнд байдаг. Энэ хүмүүст зориулж өдрөөр ажил хийх,  нийтийн  шинж чанартай ажлуудыг орон нутаг бүх аймаг, дүүргүүдэд зохион байгуулдаг. Энэ ажил үндсэндээ нэг өдөр буюу найман цагийн хугацаанд ажиллахдаа 30 орчим мянган  төгрөгийн цалин  авах боломжтой.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  ажлын байрны хүрэлцээ тааруу байдаг. Энэ асуудлыг  хэрхэн шийддэг вэ? 
-Хөгжлийн  бэрхшээлтэй иргэд ч гэлтгүй  залуучууд, өндөр мэргэжилтэй ахмадуудад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг.  Бүхий л хэрэгжүүлж буй хөтөлбөр,  үйл ажиллагаанд хэн ч хамрагдах бүрэн боломжтой. Өөрсдийнхөө харьяалж буй аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,  хэлтэст  хандаж ажлын байрны мэдээлэл авч болно. 2019 оны аравдугаар сарын байдлаар 42 мянга орчим иргэн давхардсан тоогоор хамрагдсан. Тэдгээрийн 23 мянга орчим нь эмэгтэйчүүд  байгаа. Эмэгтэйчүүд  нийгмийн идэвхи оролцоо өндөр байдаг нь эндээс харагдаж байгаа юм. Ялангуяа хөтөлбөрүүдээс  харахад өөрийгөө хөгжүүлэх,  сурч боловсрох, сургалтын  үйл ажиллагаанд ихээр хамрагдсан гэсэн тайлан мэдээ бий. 

-Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг яамнаас тогтмол хийдэг үү?
-Манай улс зах зээлийн  эдийн засагт шилжсэн орон. Аль болох бүх эдийн засгийн үйл ажиллагаа зах зээлийнхээ чиглэлээр явах ёстой. Төрийн байгууллагын хувьд бүх төрлийн  боломжийг өндөр болгож,  дэмжих гол үүрэгтэй ажиллах ёстой. Ингэж чадвал зах зээлийнхээ голдирлоор хөгжих нөхцөл бүрдэнэ. Манай яамны хувьд хөдөлмөрийн зах зээлийн  эрэлт,  нийлүүлэлт нь ямар байгаа талаарх тооцоо, мэдээлэл, судалгааг гаргах чиглэлд энэ жил маш их ажиллалаа. Энэ жил  иргэн төвтэй хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих жил болгосон. Энэ хүрээнд  хөдөлмөрийн  зах зээлийн  эрэлтийг тооцож гаргана. Одоохондоо нэг жилийн  дараах эрэлтийг тооцож байгаа. Дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөөд ажлын талбарт очих хүүхдүүдэд тэр хугацааны дараах мэдээлэл хэрэгтэй. Бид  урт хугацааны хөдөлмөрийн зах зээлийн таамаглал гаргах чиглэлээр багагүй ажил хийсэн. Ирэх онд таваас дээш жилийн таамаглал гаргах боломжтой гэж үзэж байгаа.