ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДОХ-ын халдвартай 615 иргэн байж болзошгүйгээс 281-ийг илрүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-30

 Маргааш арванхоёрдугаар сарын 1 буюу дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдөр. Эрүүл мэндийн яамнаас авсан албан ёсны мэдээллээр ДОХ-ын халдвар авсан хүний тоо 281-д хүрчээ. Өнгөрсөн оны өдийд дээрх тоо 268 байсан аж. МонголУлсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол олон нийтэд мэдээлэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор бага байгааг эмч мэргэжилтнүүд онцолжээ. Үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон. Үүний 38 хувь буюу 281 тохиолдлыг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретро вирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан. Манай төв 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан бол, 2013 оноос хойш энэ эм, оношилгоо, эмчилгээний зардлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргахболсон. ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх эмчилгээний зардалд дунджаар 2-5 сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал, ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг” гэв.