ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Болормаа: Д аминдэмээр баяжуулсан хоол хүнс хэрэглэх нь чухал

O.Admin
2018-06-20

Д аминдэмийн дутал гэж юу, дутлаас хэрхэн сэргийлэх боломжтой талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаагаас тодрууллаа. 

-Нийгмийн эрүүл мэн­дийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж сонссон. Ер нь Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? 

-Д аминдэм бол тосонд уусдаг дөрвөн төрлийн аминдэмийн нэг юм. Д аминдэм байгаль дээр маш цөөн нэр төрлийн хүнсэнд агуулагддаг. Тухайлбал, яргай загас, туна загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөгний шар уураг гэх мэт. Д аминдэмийг хоол хүнснээс авахаас гадна нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр авдаг. Д аминдэм нь хүний биед маш олон үүрэг гүйцэтгэдэг. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх балчир болон өсвөр насны үед кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлт, дархлаа, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хангах шаардлагын улмаас Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг. 

-Д амин дэмийн дутлаас болж ямар эмгэгүүд үүсдэг вэ?

-Хүний бие дэх Д амин­дэмийн төвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөр­гөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг.  Рахит нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинжээр илэрдэг хүнд хэлбэрийн дутал юм. Түүнчлэн Д аминдэм дуталтай холбоотойгоор дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтэний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болох нь  эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Хүний бие дэх Д аминдэм хангалттай байвал зүрхний шигдээсээр өвчлөх, эрсдэл буурдаг. 

-Монголчуудын дунд Д аминдэмийн дутал яагаад ийм түгээмэл байна вэ. Үүнд бидний хоол хүнсний хэрэглээ нөлөөлж байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?  

-Хүн Д аминдэмийг гурван төрлийн эх үүсвэрээс авч болно. Нэгдүгээрт хоол хүнсээр, хоёрдугаарт нарны туяагаар, гуравдугаарт дангаар эсвэл бусад аминдэм, эрдэстэй холимог бэлдмэл уух байдлаар авч болдог. Монголчуудын өр­гөн хэрэглэдэг хоол хүнс Д аминдэмийн агууламж багатай байдаг учраас хоол хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломж­гүй гэж ойлгож болно. Д аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний биед нийлэгждэг цорын ганц аминдэм гэж дээр хэлсэн. Гэхдээ манайх шиг дөрвөн улиралтай оронд жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломж бага тул Д аминдэмийг нарнаас авах боломжгүй болчихож байгаа юм. Д аминдэмийг арьсан дор идэвхтэй хэлбэрт хувиргахын тулд хүн хамгийн багадаа биеийн гадаргуугын 40 хувийг нарны гэрэлд байлгаж, арьс бага зэрэг улайх хэмжээгээр наранд шарах шаардлагатай байдаг л даа. Монголчууд зуны гурван сар л биеийнхээ 40 хувийг ил гаргасан хувцас өмсдөг.

-Д аминдэм дутлаас хэрхэн сэргийлэх вэ? 

-Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээг­дэхүүний нэг болох буудайн гурил болон ургамлын тосыг Д аминдэмээр баяжуулах боломжтой юм. Олон нэр төрлийн хүнсийг Д аминдэмээр баяжуулах шаардлагатай байгаа.

О.ЦЭЦЭГСҮРЭН