ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Батбаясгалан: Автозам ашиглалтын төлбөрийг тав дахин нэмэх санал оруулсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-02

Нийслэлийн нийтийн  тээврийн парк шинэчлэл, автозам ашигласны төлбөр болон бусад асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээнд явж буй зарим автобусны стандарт хугацаа энэ оны арванхоёрдугаар сард  дуусаж байгаа. Нийтийн тээврийн  парк шинэчлэлд хэрхэн анхаарах вэ? 

-Нийслэлд  төрийн болон хувийн хэвшлийн 1200 орчим нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Харамсалтай нь бүгд өдөртөө үйлчилгээнд гарч чадахгүй,  ойролцоогоор 900 орчим нь л гардаг. Учир нь,  сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл маш бага хийгдсэн. Тэгэхээр ирэх жил хуулиараа 1200 автобусны тал нь хөдөлгөөнд  оролцох боломжгүй болно. Хоёрдугаарт, 2021 онд үлдсэн хэсэг нь хөдөлгөөнд  оролцох эрхгүй болно. Тиймээс  2020 онд парк шинэчлэл хийх зорилго тавьсан.

-Парк шинэчлэлийн төсвийг хэрхэн шийдэх вэ? 

-Төсвийн хөрөнгөөс 100 хувь шийдэх боломжгүй учраас төр,  хувийн  хэвшил, гадаадын зээл тусламж, нийс­лэлийн төсвийн  хөрөн­гө­өс гаргана. Хамгийн багадаа бид  ирэх жил нийтийн  тээврийн  хэрэгслийг 400-гаар нэмнэ. Мөн  шинээр нэвтрүүлж буй сурагчдын автобусыг 100-гаар  нэмэгдүүлэхээр боллоо. 

-2020 онд үргүй зардал их байна гэж шүүмжилж байна. Тухайлбал, баяр наадам тэмдэглэхэд гурав гурван тэрбум, дарга нарын үйл ажиллагаанд тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнд тайлбар өгөөч?

-Хуулиараа шилжиж ирсэн.  Хуучин Шадар сайдын багцад суудаг байсан баяр наадмын төсөв нийслэлийн төсөвт суудаг болсон. Үүнтэй холбоотой шинээр орсон  мэт харагдаж байгаа байх. Энэ нь Засгийн газар, Сангийн яам хянасан төсөв шүү дээ. Тиймээс баяр наадмын төсвийг Нийслэлийн Засаг даргын багцад тавих чиглэл өгсөн гэдгийг  хэлье. 

-Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шаардлага бий юу?

-Ер нь автозам ашигласны төлбөрийг зөвхөн зам ашиглалаа гэж нэмж буй хэрэг биш. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд учруулж буй хохирол, нийгмийн стресс буюу түгжрэлийг арилгах шаардлага бий. Тиймээс хувийн автомашинаараа зорчиж зардал гаргахаасаа илүү их багтаамжийн автобус буюу нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг нь нээх үүднээс эдийн засгийн зохицуулалт үргэлж хийдэг. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс автозам ашиглалтын төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх саналыг оруулж байгаа юм. Тиймээс НИТХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд  энэ асуудлыг  шийднэ. 

-Тэгвэл ирэх жилдээ багтаад нийтийн тээврээ сайжруулах боломж бий юу? 

-Ганцхан жилийн дотор нийтийн тээврийн асуудлыг шийдэх боломжгүй. Замын түгжрэлийг бууруулж,  нийтийн тээврийн бүрэн парк шинэчлэлийг  нэг жилийн дотор хийхэд хэцүү. Ямар ч байсан 50 хувийг шийдэх зорилго тавьж байгаа.  

-Шахмал түлшний нөөц тасалдаад байгаа гэсэн асуудал яригдах боллоо?

-Нэг зүйлийг бүгд ойлгох хэрэгтэй. Өмнө нь хөрснөөс гаргаж аваад түүхий нүүрсийг шууд хэрэглэдэг байсан. Одоо үйлдвэрлэл явж байна. Түүхий нүүрсийг ч нэг дор 600 мянган тонноор авах боломж хаана ч  байхгүй. Дулааны улиралд Ухаа худгаас түүхий эдийг нь татах гэж хэдэн сар зарцуулж байгаа билээ. Үүнтэй адилхан үйлдвэрлэл явж байгаа учир хамтдаа тэсч өвлийг давна. Ингэж агаарын бохирдлоо бууруулж байж,  эрүүл аюулгүй орчноо бүрдүүлэх учиртай. 

-Аз жаргалтай хот индекст тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм.  Ямар учиртай юм бэ?

-Аз жаргалтай хотын  индекс жил  бүр хийгддэг. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд иргэдийн аюулгүй байдлыг  бүрдүүлж буй албан хаагчдыг урамшуулах, дэмжих ажилд зарцуулдаг. Судалгаа биш, иргэдэд хамгийн сайн үйлчилгээ үзүүлж байгаа хамт олныг урамшуулдаг юм.