ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Гантулга: Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүсийг сонгуулийн амлалтаар тэтгэвэрт гаргадаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-02

Нийгмийн даатгалын шимтгэл, тогтолцооны шинэчлэлийн талаар “ХҮН”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даатгалын эксперт Д.Гантулгатай ярилцлаа. 

-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр болсон. Нийгмийн даатгалын санг алдагдалд оруулаад байгаа шалтгаан нь юу вэ?

-Нийгмийн даатгалын сан жилд 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа орлогыг тэтгэвэр болгон тараахад цаана нь 500 тэрбум төгрөг дутдаг гэсэн үг. Энэ зөвхөн тэтгэврийн даатгал ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын сан дотроо тэтгэврийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг таван төрөлтэй. Ирэх оноос нэмнэ гээд байгаа нь тэтгэврийн даатгалын хувь хэмжээ юм. Нийгмийн даатгал алдагдалтай байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүсийг сонгуулийн амлалтаар тэтгэвэрт гаргаад байгаа нь алдагдалд хүргэж буй хамгийн том шалтгаан.

Тухайлбал, АН эрх барьж байх үедээ огт шимтгэл төлж байгаагүй хүмүүсийг тодорхой хэмжээний мөнгө төлүүлээд тэтгэвэр тогтоолгох боломжийг нээгээд өгчихсөн.  Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй атлаа цөөхөн хэдэн төгрөг төлөөд тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа юм. Мөн ирэх оноос малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх замаар даатгалд хамруулна гэж байна. Үүнийг тооцоолж үзэхэд нэг хүн ойролцоогоор тав орчим сая төгрөг төлөхөөр байгаа юм. Таван сая төгрөг төлөөд насан эцэс болтлоо улсаас багадаа жилд 3.2 сая төгрөг авах боломжтой. Энэ нь өнөө маргаашгүй хэрэгжиж эхлэнэ.

Энэ мэтээр улс төрийн зорилгоор, зөвхөн сонгуульд санал авах гэсэн аминчхан үзлээс болж улстөрчид тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг нэмээд байгаа нь алдагдалд оруулж байгаа гол шалтгаан. Хоёрдугаарт, сангийн чөлөөт үлдэгдэл гэж бий. С.Чинзориг сайдын мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг улстөрчид, тэр дундаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын ахалдаг “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийнхөн тэргүүтэй эрх мэдэлтнүүд үеийн үед банкинд бага хүүтэй хадгалуулж, зөрүүг нь халаасалж ирсэн. Энэ арга нэг ёсны тогтолцоо болж, газар авчихсан гэхэд болно. АН-ын дарга С.Эрдэнэ сайд байх үед Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулж, зөрүүг нь авдаг асуудал гарч, нэлээд шуугисан.

Одоо ч хэрэг нь шүүх цагдаад явж байгаа юм билээ. Банкинд хадгалуулсан хүүд нь ажилладаг байсан бол зуу зуун тэрбумаар нь хараа хяналтгүйгээр дампуурах гэж байгаа банкинд өгдөг боллоо. Дамдуурч байгаа “Капитал” банкинд 240 тэрбум төгрөг өгөөд, алдчихлаа. Ийм хоёр шалтгааны улмаас Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа. Гэтэл үүний  шийдлийг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалыг нэмнэ гэж  байгаа нь дэндүү шударга бус. Өөрсдөө алдагдалд оруулах зүйлийг хийчихээд, хариуцлагыг ард түмний нуруунд үүрүүлж байгаа нь харамсалтай. Төлж байгаа шимтгэл минь ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж бодье гэхээр тийм биш байгаа юм. Дундаж тэтгэвэр сарын 350 мянган төгрөг байгаа. Сарын 350 мянган төгрөгөөр хүн яаж амьдрах юм бэ. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж ирчихээд сардаа 350 мянган төгрөг л авч байна. Ийм тогтолцоотойгоор цааш явах ямар ч боломжгүй.

-Асуудал тогтолцоондоо байна гэж байна. Тэгвэл тогтолцоог шинэчлэх ямар гарц гаргалгаа байгаа юм бэ?

-Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхийн тулд нийгмийн даатгал тойрсон хулгайг хамгийн түрүүнд зогсоох ёстой. Хоёрдугаарт тогтолцоогоо бүтнээр нь өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалд хуримтлалын тогтолцоог оруулах хэрэгтэй байгаа юм. Энэ нь миний төлж байгаа шимтгэл тэтгэвэр авч байгаа иргэдэд тэтгэвэр болж очих биш, миний нэр дээр хадгалагдаад, хуримтлал үүсээд явдаг тогтолцоо юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн 26 хувийн 19 хувь нь тэтгэврийн даатгалд ордог. Үүний таван хувийг нь суурь тэтгэвэр буюу нийт монголчуудыг хамарсан тэтгэврийн сан руу өгдөг байхаар шинэчлэх ёстой. Үлдсэн 14 хувийг нь хувийн тэтгэврийн сангуудад төвлөрүүлж, өөрийн хуримтлалаа бий болгох тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Тэтгэврийн даатгалд төлж байгаа 19 хувийнхаа тавыг нь суурь өгч, 14 хувийг нь банкинд хадгалуулж байна гэсэн үг. Хадгалж байгаа сан хувийн сан байх ёстой юм. Бидний мөнгийг хамгийн найдвартай хадгалдаг газар хувийн банкууд л байна шүү дээ. Банкуудын систем бий болгосон шиг тэтгэврийн хувийн сангийн системийг бий болгох хэрэгтэй байна. Энд хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд төлж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг хадгалуулдаг байна гэсэн үг. Тэтгэврийн даатгалд би хэдэн төгрөг хуримтлуулаад байгаагаа хянаад явах боломжтой. Дэлхийн ихэнх улс орнуудын нийгмийн даатгалын тогтолцоо ийм л байгаа. 

-Нэрийн данстай төстэй гэсэн үг үү?

-Нэрийн данс бол бидний төлсөн шимтгэлийг бичилт хийдэг болохоос биш бодит мөнгө биш. Мөнгийг нь тэтгэвэр болгоод өгчихөж байна шүү дээ. Даатгуулагч мөнгөө төлөөд л байна. Ингээд тэтгэвэрт гарах үед тухайн хүнд хэчнээн төгрөгийн тэтгэвэр өгөх вэ гэдэг томъёо бодно. Нэрийн данс бол тэр томъёонд л ашиглахад зориулсан үлдэгдэл юм. Түүнээс биш хуримтлалын тогтолцоо шиг төлсөн мөнгө нь хадгалагдаад, хуримтлал болоод явна гэсэн үг биш. 

-Нийгмийн даатгалд хамрагдагс­дын тоог нэмэгдүүлэх замаар сангийн алдагдлыг бууруулна гэж байгаа. Нийгмийн даатгалыг нөхөн төлөх хууль ч үүнтэй холбоотой гэж сайдын зүгээс тайлбарлаж байгаа?

-Шимтгэл төлж байгаа хүмүүсийн хүрээллийг нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ бодитой төлж байгаа хүмүүсийн хүрээллийг нэмэгдүүлэх ёстой. Одоо бол төлсөнд тооцъё гэсэн хууль гаргаад байгаа юм. Тодорхой хэмжээний мөнгө төлөөд л тэтгэвэр авах боломжтой болдог. Тэгэхээр алдагдалтай байхаас аргагүй. Үнэхээр шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг ихэсгэе гэж байгаа бол төр иргэдийнхээ өмнөөс шимтгэлийг нь бодитоор төлж өгвөл болох хэрэг. Тэгэхээсээ өмнө сангийнхаа тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол шимтгэлээс орсон мөнгийг “Капитал” банкинд хадгалаад алга болгочихдог  шиг асуудал болно. Төр үнэхээр тусалъя гэж байгаа бол төлсөнд тооцох биш шимтгэлийг нь бодитоор төлж өгөх ёстой. Цаашид тэтгэврийн насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь бүр ихэснэ. 2050 он гэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тоо тэнцэж ирнэ. Тэгэхээр шимтгэлийн мөнгөөр тэтгэвэр тавьдаг тогтолцоо цаашид явах боломжгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Хамгийн гол нь төлсөн мөнгөө тэтгэвэрт гарахдаа буцаагаад авч чаддаг байх, хуримтлалын тогтолцоо л чухал. Манайх шиг цалинд суурилсан эв санааны нэгдлийн тогтолцооноос дэлхийн бараг бүх улс орнууд татгалзаад байгаа. Тиймээс л шимтгэлд суурилсан буюу хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. 

-Миний төлсөн шимтгэлийн мөнгө хуримтлал болоод хадгалаг­даад байж байна. Хэрвээ тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барчихвал үр хүүхдэд нь энэ мөнгө өвлөгдөнө гэсэн үг үү?

-Төлсөн мөнгө нь бодит байж байгаа учраас тэр мөнгө үр хүүхдэд нь өвлөгдөнө. Банкинд хадгалуулсантай адилхан гэсэн үг шүү дээ. Одоо бол оршуулгын зардлыг нь даагаад л өнгөрч байгаа. Өвлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр насаараа төлсөн мөнгийг үр хүүхэд нь авах боломжтой болно гэсэн үг. 

-Даатгуулагчдын мөнгө хуримтлал болоод хадгалагдахаар тэтгэвэр олгох хөрөнгийг хаанаас гаргах юм бэ?

-Үүнийг төр хариуцах ёстой. Байгалийн баялгаасаа гаргах бүрэн боломжтой шүү дээ. АМНАТ-өөс гэхэд жилд 1.3 их наяд төгрөгийн орлого орж ирдэг. Гэхдээ энэ жил яриад дараа жил шууд шилжчихнэ гэж байхгүй. Үе шаттайгаар шилжинэ. Үнэхээр байгалийн баялгийг ард түмэнд хүртээх гэж байгаа бол түүнийгээ цалинд суурилсан одоогийн тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих шилжилтийн явцад ашиглах ёстой юм. АМНАТ-өөс орж ирж байгаа 1.3 их наяд төгрөгийн 845 орчим нь “Баялгийн сан”-д орж байгаа. Тэгвэл энэ мөнгийг баялгийн санд оруулах биш нийгмийн даатгалын шинэчлэлд хэрэглэнэ гэсэн бодлогыг төр бариад явах бүрэн боломжтой. Халамжийн төрөөс хөгжлийн төрд шилжих цаг нь болсон. 

-Та сая хуримтлалын системийн талаар ярихдаа суурь тэтгэвэр гэдэг зүйлийг яриад байсан. Үүнийг тодруулбал?

-Монгол оронд монгол хүн болж төрчихөөд тэтгэврийн насанд очихдоо тодорхой орлоготой байх баталгааг хангах үүднээс суурь тэтгэвэр гэж заавал байх ёстой. Ямар нэг шалтаг шалтгаанаас үл хамаараад тэтгэврийн насанд хүрсэн иргэн амьжиргааны доод түвшнээс багагүй тэтгэвэр авах ёстой юм. Суурь тэтгэврийг 250 мянга гэж тогтоовол хуримтлалын сангаасаа сард сая гаруй төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэн заавал суурь тэтгэврийн 250 мянгаас булаалдаад байх шаардлагагүй. Үүнийг нарийн зохицуулж өгнө л дөө.  Төр үүнийг хангах ёстой. Төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг суурь тэтгэвэрт суутгадаг байна гэсэн үг. Ингээд тэтгэвэрт гарах үедээ тогтмол орлоготой байх баталгаатай болно гэсэн үг. Хамгийн багадаа л иргэн бүр 250 мянган төгрөгийн орлоготой байх ёстой гэж байгаа юм. Хуримтлалын тогтолцоо бол та хэдэн төгрөгийн цалинтай байгаад, хуримтлалдаа хэдийг хадгалсан байна түүнийгээ л ав гэсэн зарчим гэж ойлгож болно. Хуримтлалын тогтолцооноосоо их хэмжээний тэтгэвэр авдаг хүн суурь тэтгэврээс авахгүй байж болно шүү дээ. Үүнийг зохицуулж болно. Энэ дайны юмыг төр хийх үүрэгтэй. Төсвөөр мөнгө гаргаж, баялгийг хуваарилах нь зүйтэй. 

-Хуримтлалын тогтолцоонд шил­жээд, иргэд тэтгэвэрт гарахдаа төрөөс биш өөрийн хуримтлуулсан мөнгөө аваад хэрэглэдэг болтол хэчнээн жил шаардлагатай бол. Өөрөөр хэлбэл, одоо тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг хэдэн жил байгалийн баялгийн орлогоос олгох шаардлага үүсэх вэ?

-2030 оноос хагас хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн асуудал ярьж байгаа юм. Хагас биш бүтэн шилжих боломж бидэнд байна гэдгийг л хэлээд байгаа юм. Хуримтлалын системд 100 хувь шилжиж, тэтгэвэрт гарсан иргэд өөрийн хуримтлалын сангаасаа тэтгэвэр аваад явдаг болтол 20 гаруй жил шаардлагатай шүү дээ. Энэ хугацаанд байгалийн баялгаас иргэдийн тэтгэврийг олгож байх ёстой. Баялгийг ард түмэнд хүртээнэ гэж дэмий хашгирах бус бодит ажил болгох хэрэгтэй.