ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИНЕГ “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг ажил хэрэг болголоо

O.Admin
2019-12-03

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар/ХТТГ/-аас гаргасан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ нэгдэж, үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагуудаас хамгийн түрүүнд уг уриалгыг ажил хэрэг болголоо.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ХТТГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдод албан бичиг илгээж, салбарын залуу боловсон хүчнийг хар тамхины төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчний тогтвортой байдлыг хадгалах зорилгоор тус уриалгад нэгдэж буйгаа мэдэгдэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл     “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлэх ажлын хүрээнд ИНЕГ-ын дарга тушаал гаргаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг ажилтнуудад ойлгуулан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/НХҮА/-ны зэрэглэлтэй хөдөлгөөний удирдагчдыг хамруулсан сургалт, үзлэг шалгалтыг зохион байгууллаа. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ИНЕГ-ын харьяа алба, салбарууд дотор хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тайвшруулах янз бүрийн эм, донтох магадлалтай эм тарианаас ангид байх дүрмийн заалттай нэгжийн нэг нь НХҮА. Нислэгийн удирдагч та бүхний хийж буй үндсэн ажлын чинь шаардлага эв эрүүл, сав саруул байх ёстой. Тиймээс ИНЕГ-ын даргын тушаалаар та бүхнийг жил бүр энэ төрлийн тестийн шинжилгээнд хамруулж байхаар болсон нь нэгдүгээрт иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахын төлөө, хоёрдугаарт та бүхний төлөө, гуравдугаарт Монгол улсын ирээдүй болсон залуучууд цагаан тахлаас хол байж, нийгэм маань эрүүл саруул байхын төлөө хийж байгаа зүйл юм шүү гэдгийг онцлон анхаарууллаа. 

Мөн манай улс хар тамхи, мансууруулах бодис дамжуулагч орноос хэрэглэгч орны хэмжээнд хүрч, хүүхэд, залуучуудын дунд хар тамхи ихэд тархаж, донтох хэлбэр өргөн болсон өнөө үед “Хар тамхигүй орчин, ажлын байр” аяныг дэмжиж нэгдсэн нь залуусаа энэ аюулаас хол байлгахын тулд, иргэний нисэхийн залуучууд бид энэ бүхнээс ангид байна хэмээн уриалж байгаа аян юм шүү гэдгийг онцоллоо.

Манай улсын агаарын замаар өдөрт 300-400 агаарын хөлөг тогтмол нисч байна. Үүний аюулгүй ажиллагааг ИНЕГ-аас хангаж ажиллаж буй гол хүмүүс нь нислэгийн удирдагч нар байдаг учир ИНЕГ-ын дарга харьяа алба салбарууд дотроосоо НХҮА-ыг эхний ээлжийн сургалтад хамруулсан юм. 

Одоогоор нисгэгч нар болон Иргэний нисэхийн дүрэмд оруулсан шинэ өөрчлөлтийн дагуу нислэгийн удирдагч нарыг хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулж байгаа бол цаашид онгоцны үйлчлэгч нарыг хамруулж, нислэгт оролцож байгаа бүх хүмүүсээс ийм төрлийн шинжилгээ авдаг болно гэдгийг ИНЕГ-ын дарга хэллээ. 

Сургалтыг удирдан зохион байгуулсан ХТТГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням ЦЕГ-ын ХТТГ-аас гаргаад 2 сар болж буй хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож, энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгнийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалсан тус уриалгад үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн ч хамгийн түрүүнд ажил хэрэг болгож байгаа газар нь ИНЕГ болж байгааг онцлон талархал илэрхийллээ.

Сургалтаар ХТТГ болон СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн нөхцөл анхаарах асуудал, сэтгэцэд нөлөөт бодисын хамрах хүрээний талаар хичээл зааж, сургалтын төгсгөлд нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” тестийн шинжилгээнд хамрууллаа.