ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн хамгийн аймшигт цуст фестиваль Гадимай

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-12-04

Балбын зүүн өмнөд хэсэгт өчигдөр дэлхийн хамгийн аймшигт цуст фестиваль эхэлж, мянга мянган хиндү шашинтнууд цугларчээ. Энэ баярыг “Гадимай” хэмээн нэрлэх бөгөөд Ариун бурханд мянга мянган амьд амьтдыг нэг дор бөөнөөр нь хядаж, тахил өргөдөг харгис зан үйл юм. 

Домогт өгүүлснээр, олон зуун жилийн өмнө Баряарпур тосгоны ойролцоо шоронд хоригдож байсан хүний зүүдэнд Хиндү шашны Гадимай дарь эх ирж, өөрт нь зориулж сүм барьж өгөхийг хүсчээ. Хоригдлыг сэрэх үед гав дөнгө нь тайлагдсан байсан бөгөөд тэрээр шоронгоос оргосныхоо дараа Гадимай бурханд зориулан сүм барьж, талархсан сэтгэлээ илэрхийлэн амьтнаар тахил өргөжээ. Энэ үеэс л эл харгис баярыг мянга мянган хиндү шашинтнууд нүглээ наминчлах, хүслээ биелүүлэх зорилгоор тэмдэглэх болсон байна.

Фестиваль таван жилд нэг удаа арванхоёрдугаар сард болдог. Баярт оролцогчид тахил өргөх амьтдаа өөрсдөө авчирдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хагас сая гаруй амьтнаар танил өргөсөн гэсэн тооцоо гарчээ. Хүмүүсийн гэм нүглийг уучлахыг, хүслийг нь биелүүлж, сайн сайхан амьдралыг Бурханаас хүсэх зорилготой эл харгис фестивалиараа хиндү шашинтнууд мянга мянган амьд амьтдыг хөнөөдөг байна. Фестивалийн үеэр жижиг хархнаас эхлээд тахиа, нохой, үхэр гэх мэт мянга мянган амьтдын хүзүүнд нь улаан даавуу ороож, улмаар тахилчид ирт сэлмээр толгойг нь цавчин нядалдаг гэнэ. 

Тус улсын дээд шүүх энэхүү хэрцгий баярыг хориглох шийдвэрийг 2015 гаргасан ч ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн тэмдэглэж байгаа юм. 

Шат шатны албан тушаалтнууд нь өөрсдөө сүсэг бишрэлдээ баригдсан байдаг нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх гол шалтгаан болдог аж. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид ч үүнийг хатуу шүүмжлэн зогсоохыг шаарддаг юм. Хамгийн сүүлд 2014 онд хоёр өдөр үргэлжилсэн баярын үеэр ямаа, тахиа, үхэр, харх зэрэг нийт 200000 амьтныг хядаж байжээ. Ариун сүмийг чиглэн явах мөргөлчдийн цуваа даваа гарагаас эхлэн хөвөрчээ. Энэ үеэр мал, амьтны наймаачдын хамгийн ашигтай үе байдаг гэнэ. Энэтхэг, Балбын хилийн орчимд мөргөлчдийг өргөлийн мал, амьтдаар хангах зорилготой худалдаа эрхлэгчид эзэлжээ. Энэтхэгийн Бихараас нүгэл хилэнцээ нимгэлж, хүслээ биелүүлэхээр гэр бүлийнхнийхээ хамт Балбад очсон 25 настай Сабу Сахани бурханд өргөх тахилдаа зориулан ямаа авчирсан байна. Тэрбээр хэвлэлд “Энд байгаадаа маш их баяртай байна. Гадимай бурхан намайг сонссон. Би хүүхэдгүй байсан. Харин одоо эхнэр минь охин төрүүлж, бид хүүхэдтэй болсон” хэмээн ярьжээ. 

Орон нутгийн тахилч Мангал Чаудхари гэгч арван үеэрээ ариун сүмд үйлчилсэн аж. Тэрбээр “Бид өөрсдөө уламжлалынхаа дагуу сүмд ёслол үйлддэг. Сүсэгтнүүдийн хийж буй зүйлс өөрсдийнх нь хүсэл юм” хэмээсэн байна.